Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 766.9 тэрбум төгрөг, зарлага 895.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 15.8 тэрбум төгрөг буюу 2.1 хувь, зарлага 161.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Тодруулбал, нийгмийн даатгалын сангийн орлого 15.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 17.3 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар буурсан хэдий ч эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 19.8 тэрбум төгрөг буюу 16.2 хувь, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 7.7 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Мөн түүнчлэн нийгмийн даатгалын сангийн зарлага 161.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 130.3 тэрбум төгрөг буюу 23.0 хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 18.3 тэрбум төгрөг буюу 18.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин нийгмийн даатгалын сангийн орлого тайлант хугацаанд 80.9 тэрбум төгрөг, зарлага 117.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 66.2 тэрбум төгрөг буюу 45.0 хувь, зарлага 29.2 тэрбум төгрөг буюу 19.9 хувиар буурчээ.
Мөн “Хүний хөгжил” сангаас тайлант сард 18 хүртэлх насны 1014.9 мянган хүүхдэд 142.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )