Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж, үлдэгдэл хэсгийг засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран гаргахаар шийдвэрлэж, баталсан нь иргэдийн хувьд ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм. Мөн энэ нөхцөлд ипотекийн зээлийн хугацааг 20-30 жил болгон сунгах боломжийг олгохоор болсон.
-ЗЭЭЛД ХАМРАГДАХЫН ТУЛД “ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САН”-Д БАГТСАН БАЙХ ЁСТОЙ-
Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас гаргасан иргэд, айл өрхийг орлогын түвшингээс нь хамааруулан гаргасан ангиллаар 7-15 дугаар бүлэгт багтсан иргэдэд уг боломжийг олгох аж. Хэрвээ тухайн өрх амьжиргааны түвшний үнэлгээгээр орон сууцны ипотекийн баталгааны журамд нийцсэн буюу 7-15 дахь бүлэгт хамаарч байгаа нөхцөлд программаас гарсан тодорхойлолтыг иргэнд өгч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст уламжлан хэлтсийн даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулахаар аймаг, дүүргийн хэлтэс рүү явуулна. Харин дээрхи бүлгүүдэд багтаагүй нөхцөлд аль бүлэгт хамаарч байгааг тодорхойлсон хариуг иргэнд гарган өгч зохих зөвлөмжөөр хангах аж. Иймээс Засгийн Газрын батлан даалтад хамрагдах боломж бий эсэхээ мэдэхийг хүсвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Өрхийн мэдээлийн нэгдсэн сан”-д хандан мэдээлэл авч болох юм.
-НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ, ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ХАМРАГДАНА-
Банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ “Хөгжлийн банк”- нд тавих юм. Урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдсан иргэд 10 хувийн зээл рүү шилжүүлэх боломжгүй.Өөрөөр хэлбэл, тухайн иргэн яг зээлээ хөөцөлдөж эхлэхээр өөрийн үндсэн орлого, цалин гэх мэт бүх мэдээллээ тус яаман дээр авч очоод, ямар ангилалд багтаж байгаагаа мэдэж болох нь.
Энэ удаад дундаж давхаргынхан хамрагдах юм байна. Түүнчлэн энэ удаагийн зээлд багш, эмч гэх мэтээр ямар нэгэн мэргэжлээр ангилахгүй аж. Гэхдээ мэдээж аливаа зээлийг олгоход тодорхой ажил, орлоготой, нийгмийн даатгал төлж байсан хүмүүс байх ёстой гэсэн үндсэн шалгууртай. Засгийн Газар батлан даалт гаргаж байгаа учраас зээл авч буй иргэний ажил, орлого нь барьцаа болох юм. Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг.
Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц Засгийн газрын баталгаа дуусгавар болдог байх зарчмыг ХАХНХЯ-наас баримталж байгаа аж.
-200 ТЭРБУМЫН ТӨСӨВ ДУУСАХАД 10 ХУВИЙН УРЬДЧИЛГАА ЗОГСОНО-
Нийтдээ 200 тэрбум төгрөгийг засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаа болгосон. Өнөөдрийн зах зээлийн тооцооллоор 10-аад мянган өрх энэхүү зээлд хамаарна гэж үзэж байгаа аж. Зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан цагт 10 хувийн урьдчилгаа авах арилжааны банкуудын зээл зогсох магадлалтай юм.
Орон сууцны урьдчилгааг цаашид ч үргэлжлүүлэн олгохын тулд Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад үүрэг өгч, ирэх жилийн төсөвт ипотекийн зээлийн батлан даалтад тодорхой хөрөнгө хуваарилах үүрэг өгчээ. Мөн Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусгах юм байна. Засгийн газар, Монголбанктай хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 67 мянган иргэн энэхүү зээлд хамрагджээ.
Сэтгэгдэл ( 0 )