Г.Баярсайхан сайд Японд гаргах дадлагажигчийн тоог нэмэх санал тавилаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

 УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд Г.Баярсайхан сайд Засгийн газарт өөрчлөлт орсон хэдий ч Хөдөлмөрийн  яамны өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэх, сайжруулах ажлыг хийгээд явна гэдгээ дуулгахын хамт Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг сайжруулах, илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч, хуулийн төслийг шинэчилж УИХ-д өргөн барих бодолтой байгаагаа хэлсэн.  Мөн тэрбээр “Бид шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлдөө хүлээн авагч улсынхаа гадаад хөдөлмөр эрхлэлтийн менежментийг харгалзах, тэдгээрт нийцүүлэн уян хатан бодлого, зохицуулалт хийхийг төлөвлөж байна” хэмээсэн юм.

 Монгол Улсаас Японд барилга, оёдол, төмөрлөг, машин засвар, сэлбэгийн үйлдвэрлэл, электроник, хэвлэх үйлдвэр, хуванцар, зам гүүр, хөдөө аж ахуй зэрэг салбарт ур чадварын дадлагажигч илгээж байгаа. Дадлагажигч илгээх, зуучлах ажлыг Хөдөлмөрийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэдэг бөгөөд тэд Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн байгууллагуудтай гэрээ байгуулах замаар ур чадварын дадлагажигч илгээдэг юм.

Элчин сайд Такэнори Шимизү Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд хандаж хэлсэн үгэндээ  “Өмнөх сайдын ажлыг, яамны бодлогыг үргэлжлүүлнэ гэж буйд талархаж байна. Засгийн газрын гишүүд солигдоход  бодлого өөрчлөгддөг тал бий. Гэтэл таныг энэ тал дээр өөр байр суурьтай байгаад туйлын баяртай байна. Монголоос Японд очиж буй дадлагажигч залуусын хариуцлага өндөр байх ёстойг иргэддээ сайн ойлгуулах хэрэгтэй юм. Монгол залууст мэргэжил эзэмшихдээ идэвхтэй, япон хэл амархан сурдаг гээд сайн талууд бий” хэмээгээд хоёр улсын хамтын ажиллагаа, ур чадварын дадлагажигч бэлтгэх механизмыг сайжруулахын тулд харилцан тогтмол санал солилцож ажиллах шаардлагатайг онцолсон.

 Хөдөлмөрийн сайдын зүгээс Япон улсад илгээж буй ур чадварын дадлагажигчдын тоог ялангуяа, газар тариалан, мэдээлэл технологи, зам гүүр, барилгын салбарт нэмэгдүүлэх,  дадлагажигчаар ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний тал дээр анхаарал тавихын зэрэгцээ залуучуудыг гэр бүлээр нь явуулах боломжийг судлах саналыг Элчин сайд Такэнори Шимизүд тавилаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top