Галшарын шилмэл адуу 3-4 сая төгрөгөөр арилжаалагдав

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

“Шилмэл мал” үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “Шилмэл мал-2015” үзэсгэлэн худалдаа Яармагийн дэнжид болж өндөрлөлөө.  

Өнгөрсөн жил 17 аймаг, нийслэлээс оролцсон бол энэ жил 21 аймаг, нийслэлийн нийт 1356 мал, амьтад оролцжээ. Үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Гойд ашиг шимт сүү, мах, үржлийн чиглэлийн үхрийн үзэсгэлэн худалдаанд 5 аж, ахуй нэгж, 18 иргэний 76 үхэр, 3 сарлаг оролцсоноос сүүний чиглэлийн шилмэл хээлтэгчээр Улаанбаатар хотын Сонгинорхайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Төмөрбаатарын 7 настай хар тарлан үнээ шалгарсан юм. Энэ үнээ нь саалийн 305 хоногт 8587 литр сүү өгдөг. Харин шилмэл хээлтүүлэгчээр Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Түмэндэмбэрэлийн 710 килограмм жинтэй шар тарлан бух тодорсон юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд  импортоор оруулж ирсэн болон сүүний чиглэлийн эрлийз үнээ шалгаруулах номинац нэмэгдсэн байна. Ингэснээр 21 төрлөөр сонгон шалгаруулалт явуулжээ. Шилмэл үржлийн тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ш.Мягмарын 6 настай улаан буур тодорчээ. Харин гойд ашиг шимт хонийг нарийн болон нарийвтар ноостой, бүдүүн, бүдүүвтэр ноостой гэж ангилан шалгуулсан байна.  Адууны дуудлага худалдаанд Хэнтий аймгийн Галшар сумын уяачид 40 орчим буюу хамгийн олон адуу оролцуулсан байна. Нэг адуу нь дунджаар 3-4 сая төгрөгийн ханштай байсан бөгөөд 4 хүн найман саяын худалдаа хийжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top