“Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүн эдийн засгаар элсэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт II зөвлөгөөн өчигдөр Гадаад харилцааны яаманд болсон юм.
Тус зөвлөгөөнд нийт 30 гаруй төлөөлөл оролцов. Зөвлөгөөнөөр Монгол Улс ба эдийн засгийн интеграци, АПЕК болон тус байгууллагад манай улс гишүүн эдийн засгаар элсэх явц, Ази номхон далайн бүс нутгийн орнуудтай хийх худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэн, харилцан санал солилцов. Ийнхүү харилцан мэдээлэл солилцсоны зэрэгцээ АПЕК-д элсэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий үндэсний багийг байгуулахаар боллоо.
Монгол Улс АПЕК-ийн зорилго зарчмыг дэмждэг бөгөөд АПЕК-тай хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа олон жилийн турш янз бүрийн түвшинд илэрхийлж ирсэн. Албан ёсны хүсэлтээ 1993 оноос эхлэн илэрхийлсэн боловч 1997 оноос эхлэн 10 жилийн хугацаанд шинээр гишүүн элсүүлэхгүй байх хориг тавьсны улмаас өнөөг хүртэл хойшилсон аж.
Гэсэн ч АПЕК-ийн гишүүн эдийн засгаар элсэх асуудлаар Монгол Улс идэвхтэй ажиллаж, тодорхой үр дүн гарсан байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайдаас АПЕК-ийн гишүүн эдийн засгийн 21 оронд дэмжлэг хүссэн захидал хүргүүлсэн байдаг.
“Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүн эдийн засгаар элсэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт анхдугаар зөвлөгөөн өнгөрсөн оны 12 дугаар сард болж байсан ба энэ удаагийн зөвлөгөөн тэрхүү арга хэмжээний үргэлжлэл юм.
Сэтгэгдэл ( 0 )