“Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” төслийн тайланг ЭХЯ-д хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо. Төслийн тайланг хүлээж авах баримт бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Уул уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төслийн зохицуулагч Б.Энхбаатар, Эрдгео ХХК-ийн захирал Ж.Дашхорол нар гарын үсэг зурлаа.
Багануурын ордод хайгуулын ажил өмнө нь 1974-1975 онд “хайгуулын”, 1988-1989 онд “гүйцээх хайгуулын” нэрээр хийгдэж байсан бөгөөд 2014-2015 онд “нэмэлт хайгуулын” ажил ийнхүү уурхай ашиглалтад орсноос хойш 40 орчим жилийн дараа уурхайн өргөтгөл шинэчлэлийн техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах шаардлагын хүрээнд хийгдсэн юм.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул Уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих төслийн хүрээнд зарласан “ТЭЗҮ боловсруулах суурь өгөгдлийг бэлтгэх зорилгоор Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” ажлыг “Эрдгео” ХХК (Монгол) болон “Norwest” (АНУ) компаниуд хамтран гүйцэтгэн Захиалагч тал болох Эрчим хүчний яаманд албан ёсоор хүлээлгэн өгч байна.
Энэхүү нэмэлт хайгуулын ажлыг “Эрдгео”ХХК толгойлон хийж, Геологийн Төв лаборатор, АНУ-ын Норвест компани, Баясах сурвай ХХК (геодез-топографийн ажлаар) “Жи эс Ди Энд” ХХК (каротажын ажлаар) туслан гүйцэтгэгчээр оролцжээ. Ордын нөөц бодолтыг Монгол Улсын A, B, C болон Олон улсын JORC стандартуудын дагуу гүйцэтгэсэн нь цаашид Багануур ХК олон улсын хөрөнгийн бирж дээр гарах анхны алхам болж байна.
Энэхүү ажил нь ашиглалт эхэлснээс хойших бүх хайгуул, олборлолтын үр дүнг нэгтгэж 2015 оны байдлаар Багануурын ордын бодит байдлыг тооцоолж, нөөцийг нийт 800 гаруй сая тонн болгон өсгөсөн чухал ач холбогдолтой ажил боллоо.
Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ) тайланг хэлэлцэн хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэн авах тухай, мөн Эрчим Хүчний Яамны ажлын хэсгээс эцсийн тайланг хүлээн авах тухай шийдвэрүүдийг үндэслэн гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )