Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт МАК” ХХК, “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-ийн хооронд өнөөдөр Цагаан суваргын зэс, молибдений ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайдын 2015 оны 191 дүгээр захирамжаар Хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс МАК-аас ирүүлсэн гэрээний төсөлд нийтдээ 92 зарчмын болон техникийн санал гаргаж, хэлэлцээнд орсон байна. Хөрөнгө оруулалтын гэрээ нь 17 зүйл, 16 хуудастай бөгөөд гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын үүрэг, хариуцлага, байгаль орчин, нийгмийн асуудал болон бусад гэрээний үндсэн асуудлуудыг тусгажээ.
МАК компани Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсэн болон молибдений баяжмал үйлдвэрлэх, уулын баяжуулах үйлдвэр нь дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулж, 310 мянган тонн зэсийн, 4000 тонн молбидений баяжмал үйлдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 0 )