2015 он гарсаар эхний 9 сарын дүнгээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 6.3 тэрбум ам.долларт хүрээд байна.
Үүнээс 3.5 хувийг Япон улстай хийсэн худалдаа дангаараа бүрдүүлсэн болохыг Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харж болохоор байгаа юм. Хоёр улсын худалдааны тэнцлийг харвал алдагдалтай хэвээр байгаа аж. Хэдий тийм боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алдагдлын хэмжээ буурсан байна.
Үүнд импорт буурч байгаатай зэрэгцээд экспортын хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. Тайлант хугацаанд Монгол Улсаас Японд нийт 14.3 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн гаргасан байна. Ялангуяа энэ онд 7.7 сая ам.долларын үнэ бүхий зэсийн баяжмал нийлүүлсэн нь экспортын хэмжээ өсөх гол шалтгаан болжээ. Үүнээс өмнө нь өнгөрсөн онд “Оюу Толгой” компани зэсийн баяжмалаа туршилтаар Японд гаргаж байсан юм.
Үүнээс гадна нэхмэл болон ноолууран хувцас, бүтээгдэхүүн болон чацаргана жимсээр хийсэн бүтээгдэхүүн, өлөн гэдэс, малын дайвар бүтээгдэхүүн, архи зэргийг Японд экспортолж байна. Харин Японоос худалдан авч байгаа бараа, бүтээгдэхүүний хэмжээ 213.5 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 90 сая ам.доллараар буурсан дүн болсон гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
214 say vs 14 say , tegsen murtluu gadaad hudaldaanii tentsel gej bas yarih durtai