Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын өсөлт эрчимжиж, хүн амын дунд банкны харилцах данс, хадгаламж зээлийн үйлчилгээ зэрэг энгийн санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрс нэмэгдсэн. Хэдий тийм боловч иргэдийн дунд санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойлголт дутмаг байгаагаас өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгож, урт хугацааны санхүүгийн шийдвэр гаргахдаа хүндрэлтэй тулгарах асуудал байсаар байна. Энэ нь тухайн өрх гэрийн санхүүгийн байдлаас гадна урт хугацаанд санхүү, эдийн засгийн системийн тогтвортой байдалд нөлөөлдөг.
Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн салбар дахь бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэж буй харилцагчид тэдгээрийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг, боловсролын өнөөгийн байдлыг олон улсын түвшинтэй харьцуулан судалсан байна. Судалгааны дүнгээс хархад хүн амын дийлэнх хэсэг нь ямар нэг байдлаар санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй, энгийн тооцон бодох үйлдлүүдийг сайтар мэдэж байсан боловч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн шийдвэрийн талаар ойлголт багатай байв. Тухайлбал, судалгаанд хамрагдагсдын 97 хувь нь энгийн тооцон бодох үйлдлүүдийг хийж чадаж байсан бол 86 хувь нь даатгалын бүтээгдэхүүний зорилгын талаар ойлголттой байсан байна. Харин 30 орчим хувь нь хүүгийн талаар, 60-аас дээш хувь нь инфляци хадгаламжид нь хэрхэн нөлөөлөх талаар огтхон ч ойлголтгүй байжээ. Нийт хүн амын 90 орчим хувь нь банк болон банкнаас санал болгодог бүтээгдэхүүний талаар мэдэж байсан бол 50-иас бага хувь нь даатгал болон валют арилжааны талаар, 30 хүрэхгүй хувь нь МХБ-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэдэж байжээ. Брокерийн үйл ажиллагааны талаар судалгаанд оролцогчдын зөвхөн 14 хувь нь мэдлэгтэй байсан бол санхүүгийн харьцангуй олон төрлийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй иргэд нь мэдээллийн олон эх сурвалж ашигладаг иргэд байв. Мөн судалгаанд оролцогдын 70 орчим хувь нь зөвхөн 3 төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төрлийг мэдэж байжээ.
Дээрх судалгаанд үндэслэн санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх, шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэж байгаа харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн банкны зөвлөмж, олон улсын туршлагаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ, их дээд сургуулиуд болон санхүүгийн зах зээлийн оролцогч холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болов. Энэ хүрээнд Дэлхийн банкны Олон улсын ахлах зөвлөх Шон Мунди ойрын өдрүүдэд манай улсад ажиллаж байгаа бөгөөд Монголбанкин дээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалт болов.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг ажлын хэсгийн ахлагч, Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Батшугар нээн үг хэлж, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон ажлын хэсэгт амжилт хүслээ.
Хөтөлбөрийг боловсруулахад дэлхийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага төдийгүй өөрийн орны онцлог байдал, хүн амын санхүүгийн боловсролын түвшинг харгалзан үзэж хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тодорхойлов.
Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь оролцогч талуудын хамтын ажиллагааны тэнцвэртэй байдлыг хангаж, авч буй арга хэмжээ, үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэн шаардлагатай арга хэмжээнд төвлөрөх боломжийг олгох зэрэг давуу талыг бий болгодог. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн зөв шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжлийг дэмжих боломжтой болно.
Сэтгэгдэл ( 0 )