Монголын хөгжмийн суутнуудын нэг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваагийн нэрэмжит “Нарны дуулал” улсын уралдаан хоёр хоногийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. 43 мэргэжлийн дуучин, 48 ардын авьяастан, 35 хүүхэд эл уралдаанд оролцож хоёр үе шаттайгаар өрсөлдсөн юм.
Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулагдсан “Нарны дуулал” улсын анхдугаар уралдааны Гран приг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын П.Баярмагнай хүртлээ. Гран при шагналыг таван сая төгрөг дагалдаж буй юм. Мэргэжлийн дуучдыг “Сүлд” чуулгын Б.Жавхлантөгс манлайлж, нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт ЦДБЭЧ-ын дуучин Б.Батбаатар, гуравдугаар байрт ДБЭТ-ын гоцлооч Ч.Энхтайван нар шалгарч, Сүхбаатар аймгийн дуучин А.Тодгэрэл, Улаанбаатар хотоос оролцсон Ц.Шинэбаяр нар тусгай шагнал хүртэв.
Энэ уралдааны ардын авьяастнуудыг хошуучилж, нэгдүгээр байр эзлэх дуучин гарсангүй хэмээн шүүгчид үзсэн байна. Ийнхүү Сүхбаатар аймгийн дуучин Э.Амарбаатар хоёрдугаар байр, ХБК-ийн оюутан М.Сарангоо, Улаанбаатар хотоос оролцсон Ө.Эрболд нар гуравдугаар байр эзэлсэн юм. Энэ төрлийн тусгай шагналыг Баянхонгор аймгийн дуучин М.Түмэнсайхан, Э.Оргилсайхан нар хүртлээ.
Хүүхдийн дууны уралдаанд оролцсон цангинасан хоолойтой 35 хүүхэд оролцсоноос Увс аймгаас ирсэн, энэ уралдааны хамгийн бага настай оролцогч А.Өлзийбуян түрүүлсэн юм. Хоёрдугаар байрт Баянхонгор аймгийн Б.Уранбилэг, гуравдугаар байрт Увс аймгийн Ц.Батхүлэг шалгарч, Дундговь аймгийг төлөөлөн оролцсон М.Чойжийдогмид, Сүхбаатар аймгийн Т.Цэндсүрэн нар тусгай шагнал хүртлээ.
Түүнчлэн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваагийн нэрэмжит шагнал, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналыг ДБЭТ-ын гоцлооч Э.Гомбо-Очир хүртсэн юм. Мөн Баянхонгор аймгийн ардын авьяастан Д.Даваацэрэн, Дархан-Уул аймгийн оролцогч Б.Мандах нарт Г.Бирваа гуайн нэрэмжит шагналыг олгосон юм.
Гурав хоногийн турш Баянхонгор аймаг хөгжмийн урлагаар “амьсгалж”, монголчууд энэ аймагт цуглах шиг болов. Хөгжим, дуутай газар хүний сэтгэл гэгээрч байдаг болохоор энэ өдрүүдэд нутгийн ард олон сэтгэлийн гэгээг мэдэрч, баярласан биз ээ.
Гэрэл зургийг: Б.Чинбат
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Сэтгэгдэл ( 0 )