Технологийн дэвшлийг даган төлбөр төлөх олон сонирхолтой арга бидний хэрэглээнд нэвтэрч байна. Mastercard компани цоо шинэ “Selfie pay” төлбөрийн хэрэгслийг туршиж байгаагаа зарласан билээ. Үйлчилгээний зарчим нь, ухаалаг утсаар төлбөр хийж байгаа харилцагч өөрийгөө төлбөр төлөх эрхтэй хүн гэдгээ батлахын тулд нууц кодноос гадна сэлфи хийх бөгөөд уг зургийг Мастеркард-ын харилцагчийн бүртгэл дэх эзний зурагтай харьцуулж шалгасны үндсэн дээр гүйлгээг хийх эсэхийг шийдэх юм.Уг технологийг тэд хурууны хээ уншуулж төлбөр төлөх технологи дээр хамтарч ажиллаж байсан “First Tech”компанитай хамтран туршиж байна. Уг технологи хурууны хээ уншуулан төлбөр төлөх зарчимтай үндсэндээ ижил боловч илүү трэнд, маяг хөөсөн хэлбэр болж байгаагаараа онцлогтой аж. Туршилтын ажлыг Нидерланд, АНУ-д тус тус эхлүүлээд байгаа бөгөөд сар гаруйн хугацаанд засч сайжруулах зүйлс ч гарч иржээ. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сараас хойш туршилтаар уг үйлчилгээг ашиглаж байсан 10 000 хэрэглэгчийн 1/3 нь нууц кодоо мартсан учраас интернэтээр төлбөр хийж чадахгүй байдалд хүрсэн байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа аж. Гэхдээ хэдий хэрэглэгчдийнхээ 30 хувийг алдсан ч “Selfie pay”-д ирээдүй байгаа нь тодорхой. CreditCards.com-ын шинжээч Мэтт Шульц “Биометрик мэдээлэл төлбөрийн хамгийн найдвартай нууцлал гэдэг нь маргаангүй. Нүүрний царай төрхийг дуурайлгах нь пин код хулгайлахаас хавьгүй хэцүү гэдэг нь мэдээж” гэж хэлсэн нь үүний баталгаа юм.
С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )