Хушны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхийг хориглолоо

Я.Болор | Zindaa.mn
13 минутын өмнө

 

Суурьшлын бүсэд хүрэн баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2026.09.10/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир шуурхай хуралдаан хийлээ.

Хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомстолтой холбоотой асуудал, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээллийг хэлэлцэж, энэ онд хушны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхийг хориглох шийдвэр гаргажээ.

БОУАӨЯ-ны дарга Т.Балжиннямын мэдээлснээр, он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Увс аймгуудад холбогдох албан даалгаврыг хүргүүлэхээр болжээ.

Хүрэн баавгай идэш тэжээл дутмаг байгаагаас суурьшлын бүсэд орж ирдэг. Мөн иргэд самар, жимс түүхдээ машин, тоног төхөөрөмжтэй ойн бүсэд зорчиж байгаа нь зэрлэг амьтдыг дайжихад нөлөөлж байгааг онцлов.

Мөн хил залгаа ОХУ-ын бүс нутгаас Монголын нутагт баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Суурьшлын бүсэд орж ирж буй баавгайнуудын дийлэнх нь идэш тэжээлийн хомстолд орсон, туранхай болон бамбаруушаа дагуулсан байдалтай байгаа аж.

Ийм тохиолдолд баавгайг суурьшлын бүсээс холдуулж, ойд нь буцаах арга хэмжээ авч байгаа бөгөөд хүн, эд хөрөнгөд эрсдэл учруулсан нөхцөлд шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top