Мартагдаж буй “Өв”-ийг эргэн сануулав

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 13

Дөнгөж хөлд орж буй бяцхан хүүгийн алхааны тоолонгоор бойтогны хонх жингэнэн дуугарна. Тэнтэр тунтар алхаанд торжигнон дуугарах энэ л хонхны чимээнээр ээж аав нь нялх үрээ аюулаас хол байгааг мэдэрдэг...

Өнө эртнээс өөдөсхөн үрсийн “хамгаалагч” болсон бойтогны хонхыг өнөө цагт бид бүр мартаж орхиж... Бяцхан үрийнхээ бойтогонд хонх бус элдэв өнгийн тууз л зүүдэг болчихож. Ер нь бид үүнээс гадна ямар зүйлсийг, ямар сайхан өвүүдийг даяаршиж буй нийгмийн, өнгөрсөн дурсамжууддаа гээж орхисон юм бол...


Энэ мэт бодол хөврөн урсахуй дор “Өв” хэмээх зургийн үзэсгэлэнд таныг урин залая.  Учир юу гэвэл өнгөрөгч 11-ний өдөр нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн “Улаанбаатар” галерейд зураач Э.Түвшинтөрийн бие даасан анхны үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энд бидэнд мартагдах дөхсөн ч, мартаж боломгүй тэр гайхамшигт өвүүдийг санан дурсуулах уран зураг тэр дундаа график урлагийн гайхамшигийг илэрхийлэх зургууд дэлгэгдсэн байв.

Үзэсгэлэнд тавигдсан 20 гаруй бүтээлд Монгол зан заншлаас улбаатай дохио тэмдгүүд, бэлгэдэл болон угсаатан зүйн хэрэглэгдэхүүнийг өнөө цагт товойлгон тэмдэглэж, үлдээх гэснийг бэлхэнээ харж болно.


“Таван мэдэрхүй” хэмээх дээрх зурганд “Монголчуудын хувьд ертөнц гэх ойлголт ертөнц бустай хослон бүтдэг. Зан заншлыг үр хүүхдээ төрсөн цагаас эхлэн сэрж мэдрүүлж, өдрөөс өдөр тутмын амьдралд шигтгэн ойлгуулж ирснийг энэхүү цувралаас харж болно. Хүн бүхэн өөрийнхөөрөө амьдралаа урлаж, аз жаргалтай байгаасаа гэсэн зураачийн хүсэл давхар агуулагдаж байх шиг. Яг л “Цаг гаргаж аль нэг модны дор суу. Ухамсартайгаар түүнтэй нэгэн хэмнэлд ор. Байгальтай нэгдмэл болж, хил хязгааруудад уусах боломжийг өг. Учир нь хүүхэд байхдаа хүн бүр зураач, дуучин, хөгжимчин байдаг. Энэ бол энгүүн тааваар буюу мөн чанараар оршсон бүтээл туурвилын илрэл юм” гэх оновчтой бөгөөд утга төгөлдөр тайлбарыг бичсэн байх юм.


Үнэхээр хүн бүр багадаа зураач болж оршин буй нөхцөл байдлыг өөрийнхөөрөө харж, яг л өөрийнхөө төсөөллөөр буулган үлдээдэг. Дуу чимээ бүрийг яг л мэдэрснээрээ даган дуурайж, үнэрлэж бас тэмтэрч үзсэн бүх зүйлээ сэтгэл оюундаа тогтоон үлдээдэг... Энэ бүгд бидний бага наснаас өвлөгдөж үлддэг энгийн атлаа үнэт “Өв” билээ.


Харин “Талын анчин” хэмээх дээрх зурагт нас балчир атал хэдийнэ хэрсүүжсэн хөвгүүд ан агнахаар зэхэх хийгээд шувуу агнасныг дүрслэхдээ язгуур уламжлалг бэлгэдэлзүй, угсаатаны судалгаанд үндэслэсэн нь анзаарагдана. Дээр нь морьдын зүсийг илүүтэй товойлгон гаргасан нь санамсаргүй зүйл биш ажээ. Учир нь өнгөний бэлгэдэлзүй бол Монгол язгуур соёлын дутагдаж боломгүй нэгэн эрхэм зүйл бөгөөд тэр дундаа мал, амьтны зүс ямар ажил, үйлд зорьж явааг илэрхийлдэг байх юм.


Тухайлбал хүрэн зүсмийн морийг газрын холыг туулах шандас төгөлдөр, замын гай барцадыг хаах, сайны бэлгэдэлт хүлэг гэж үздэг бол халтар, загал зүсмийн морийг хээрийн зэгэл гөрөөсний зүс дагуу болохыг нь бодож ан авд голчлон хэрэглэдэг байсан гайхамшигт сэтгэхүйтэй, өв соёлтой ард түмэн бол Монголчууд байж. Тэр л нарийн ухагдахууныг энэхүү зургаас харж болно.

 

Эрхэмсэг хийгээд тансагийг илэрхийлэх “Хүннү” бүтээл. Эмэгтэй хүн бол төсөөлөхийн аргагүй нандин хийгээд галбирлагийн дээд гэдгийг энэхүү зургаас харж болно. Ихэмсэг бардам бүсгүй хүнийг төрхийг энгийн хэрнээ утга төгөлдөр илэрхийлэхдээ цагаан шонхортой хамт дүрсэлсэн байна. Цагаан шонхор хэзээнээс монгол түмний шүтээн байсан билээ. Отог омгийн шүтээнээс эзэнт гүрний төрийн далбаанд шилжиж дээдлэгдсэн шонхор шувууны ачийг “Монголын нууц товчоонд” дурсан өгүүлэхдээ:

… Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув. Тэгэж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж гол дайрт годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж тэр бор харцагыг барьж авчрав. Бодончар идэх юмгүй тул чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав. Хавар болж нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу нугас олныг алж идэж үл барах тул
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс
Хоёр гурван шувуу өлгөсөн гэж гардаг билээ. Их эзэн Чингис хааны өвөг дээдсээс эхлээд харцага, шонхор тийнхүү Монгол хүнд тэнгэрээс заяасан сүлд шүтээн болсоор олон зууныг үджээ.

 

Тэрхүү гайхамшигт уламжлал, ёсоныг “Өв” үзэсгэлэнд багтаасан нь мартаж болохгүй шүү гэх сануулагийг өгөх шиг...

Зураачийн хувьд энэхүү үзэсгэлэнгийн утга төгөлдөр зургуудыг амилуулан, төгөлдөржүүлэхийн тулд багагүй хугацааг зарцуулжээ. Ингэхдээ зураас бүрт утга, зураг бүрээр түүх өгүүлэхийг хичээсэн байна. Тэрбээр “Энэ үзэсгэлэнгээ маш удаан бодож байж гаргалаа. Үзэсгэлэнд маань тавигдсан бүтээлүүдэд Монголын өв соёлтой холбоотой элементүүд маш их орсон учраас “Өв” гэж нэрлэсэн байгаа. Мөн  энэхүү бүтээлүүд маань цааш хадгалагдан үлдэж, үр хүүхэд хойч үеийнхэнд маань “Өв” болж үлдэх учраас ингэж нэрлэсэн юм. Түүнчлэн хонх болоод шувуудын талаар та маш сайн ажигласан байна. Монголчуудын хувьд өвөг дээдсийнхээ үеэс шувуудыг шүтэн биширч ирсэн түүхтэй. Шувууг тугандаа мөнхөлж, шүтэж дээдлэж байхдаа монголчууд мандан бадарч байсан гэдэг. Тиймээс бид үүнийг мартаж болохгүй шүү гэдгийг илэрхийлэхийг зорьсон. Харин хонхны тухайд даяаршиж буй энэ нийгэмд хүүхдүүдийг аюул ослоос хамгаалдаг, хаана явааг нь илтгэдэг бойтогны хонх гэгч зүйлийн тухай хүмүүс бараг мартчихсан байна. Тиймээс үүнийг мартаж болохгүй, энэ бол монголчуудын хүмүүжүүлэх ёсны нэгэн чухал төлөөлөл юм шүү гэдгийг сануулах үүднээс зурсан. Үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүүхдүүд “Жаахан хүүхдүүд ийм дээл өмсдөг юм байна. Ийм хонх зүүдэг юм байна. Энэ хонхыг зүүгээд явахаар ээж нь тэр хүүхдийг хаана байгааг мэддэг юм байна” гэх энгийн зүйлийг танин мэдэж авна гэсэн үг. Энэ чинь нэг өвтэй танилцаж байна л гэсэн үг шүү дээ” гэлээ.


Эрхэм зураачийн хувьд 2012 онд СУИС-ийн Монгол зургийн ангийг төгссөнөөс хойш өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, шинийг эрэлхийлсээр өнөөдрийн донж төрхийг олсон төдийгүй уг онцлогоороо нийслэл хотын бэлгэдэл Хангарьд шувууг Хангарьдхүү болгон шинэчилсэн байдаг.  

Түүнчлэн энд нэгэн зүйлийг дэлгэхэд “Өв” үзэсгэлэн нээгдсэн “Улаанбаатар” галерейн хувьд энэ үзэсгэлэн анхых гэдгээрээ онцлогтой. Олны хэлж заншсанаар “Оюутны гудамж”-нд байрлах “Улаанбаатар” үүдээр өнгөрөх төдийд л ороод гарах хүсэл төрөх аж. Энэ хамт олон уран зургаар залуу үеийнхнийг хүмүүжүүлж, үе үеийн уран бүтээлчдийг дэмжих замаар Монголын урлагийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой.  Тэрхүү зорилтынхоо хүрээнд залуу уран бүтээлч Э.Түвшинтөрийн “Өв” үзэсгэлэнгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тун удахгүй энэ хамт олон албан ёсны нээлтээ хийж, дараагийн үзэсгэлэнгээ дэлгэх ажээ.


“Улаанбаатар” галерейн куратор Б.Цэцэгбадам “Бид хотын залуусын урлагийн боловсролд хөрөнгө оруулах, ирээдүйн үзэгчдийг бэлтгэх үндсэн зорилттой. Монголын уран бүтээлчдийн олон улсын уран бүтээлчидтэй нөхөрлүүлж, туршлага солилцуулах, олон улсад үзэсгэлэнг нь гаргах чиглэлээр илүү ажиллахаар төлөвлөж байна. Өнөөдрийн “Өв” үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Манай галерей өдөр бүр 11.00-19.00 цаг хүртэл ажиллаж, уран зургуудаа олонд үзүүлэх болно. Мэдээж бүх хүнд нээлттэй учраас хэн ч ирээд үзэх боломжтой. Галерейн хувьд олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ давуу талтай бөгөөд электрон тоног төхөөрөмжөөр хангагдсан. Түүнчлэн манай галерей нэртэй уран бүтээлчдийн томоохон бүтээлүүдээр сан хөмрөг бий болгосон. Тэрхүү гайхамшигт бүтээлүүдээ энэ сарын 22-нд дэлгэж, тэрхүү нээлт дээрээ галерейн албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Эцэст нь хэлэхэд манайд үзэсгэлэнгээ гаргах эрх хүн бүхэнд нээлттэй шүү” гэж ярилаа.


“Улаанбаатар” галерейд зочилсноор хирсний хэлбэртэй сандал дээр тухлаж, усны үхэрийн “нуруун дээр” бичих боломжтой бөгөөд үүдэнд нь дэлгэгдсэн “Art” дэлгүүрээс уран зургийн болоод уран сэтгэмжийн гайхамшигт бүтээлүүдийг худалдан авах боломжтой юм. 

 О.Шинэтуяа


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦБ-д (103.212.119.182) 2016 оны 11 сарын 16

Ub art galleryd gneee yun unshihdaa dutuu unshih umdaa

0  |  0
ЦБ(59.153.112.200) 2016 оны 11 сарын 15

Хаана юм бэ хүүтэйгээ үзмээр байна. Гол санагдлаа

0  |  0
Top