Дизайнер Д.Отгонжаргал: Надаас хол мэт санагдаж байсан шагнал энгэрт минь буулаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Бүсгүй ертөнцийг олон өнгийн цэцэрлэгт хүрээлэнтэй зүйрлэвэл дизайнер Д.Отгонжаргалын  загварууд тэр бүх өнгийг өөртөө шингээдэг. Түүний загварууд тэр чигтээ л бүсгүй ертөнцийн хамгийн том илэрхийлэл.  Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын уламжлал болсон “O Couture2017 High fashion show”  амжилттай болж өндөрлөлөө.

 Гуравдахь  жилээ зохион байгуулагдсан “O Couture­2017 Highfashion show”­гаар  тансаг гоёмсог бүтээлийг таашаадаг эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан шинэ жилийн гоёлын хосгүй 60 гаруй тансаг даашинзны загваруудыг толилуулав.

Энэ үеэр авъяаслаг дизайнер Д.Отгонжаргал СТА цол тэмдгээр шагнуулсан нь баяр дээрээр баяр нэмсэн давхар үйл явдал болов. Тэрээр  энэ салбарын хамгийн анхны СТА болж байгаа юм. Түүнтэй цөөн хором ярилцаж, баярын сэтгэгдлийг нь сонссон юм. 

-Хувцас дизайнерийн хамгийн анхны СТА болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Надаас хол санагдаж байсан шагнал энгэрт минь буулаа. Энэ салбарынхаа анхдагч нь болж СТА цол тэмдгээр шагнуулсан явдалд сэтгэгдэл маш өндөр байна. Энэ шагнал олон дизайнеруудыг араасаа дагуулна  гэдэгт итгэж байна. Хувцас гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь. Тэр утгаараа загварын ертөнц олон нийттэй ойр байдаг салбар.

-Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан “O Couture2017 High fashion show” гаар  танилцуулсан загварын тань гол онцлогууд юу байв. Юуг илэрхийлэхийг зорив?

-Өнгөрсөн жил би сонгодог стилийг барьж загваруудаа урласан. Энэ жилийн тухайд загварын судалгаа хийн романтик стилийг сонгосон. Романтик стиль нь хүчтэй гэх сэтгэгдэл төрүүлэхгүй аль болох эмэгтэй хүний өөрт нь байдаг дур булаам зөөлөн дүр төрхийг загвараараа илэрхийлэхийг зорилоо. Өөрөөр хэлбэл, “O Couture­2017 ”  загварын шоуны онцлог нь  дур булаам романтик стилийг илэрхийлсэн гоёлын даашинзны тансаг загварууд юм.Өнгөний хувьд гэгээлэг, зөөлөн өнгийг ашигласан.

-Таны уран бүтээлийн чиглэл Haute Coutur чиглэл.Энэ чиглэлийн гол онцлог нь юу  вэ?

-Хувцас загварт хоёр чиглэл байдаг.  Нэг нь Pret a Porter, нөгөөх нь Haute Couture. Haute Couture чиглэлийн онцлог нь зөвхөн гоёлын даашинзаар үнэлэгддэггүй. Өдөр тутмын хувцас байсан ч тухайн хүнд өөрт нь зориулахын сацуу дахин давтагдашгүй дүр төрхийг бүрдүүлэх гар ажиллагаа  ихээхэн ордог.

Миний загварын гол онцлог, зорилго нь эмэгтэй хүн зөвхөн гоёлын даашинз өмсөхдөө биш өдөр тутамдаа дахин давтагдашгүй дүр төрхийг бүрдүүлэх боломжийг олгох. Ингэснээр тухайн бүтээл маш үнэ цэнэтэй, жинхэнэ Couture чиглэлийн хувцас болж хувирдаг. Энэ нь зөвхөн даашинз биш өмд, костюм гээд өдөр тутмын ямар ч хувцас байж болно.

 -Загварын  коллекцийнхоо  санааг  хаанаас  олж авдаг вэ?

-Хувцас загварын хамгийн дээд чиглэл болох “Hаute Couture” чиглэлээр уран бүтээл туурвидаг дизайнер олон бий.Тухайлбал, “Couture” ажиллагаа ихтэй  бүтээлүүдийг  урладаг  Elle  Saab  Zuhair  Murat  Valentino  зэрэг  мундаг  дизайнеруудын бүтээлийг  харж  тэндээс  сэдэв  санаа  өнгөний  трэнд  ямар  байна,  хэлбэр  нь  хэрхэн илэрхийлэгдэн  гаргагдаж  байна,  чимэглэл  нь  юугаараа  үнэ  цэнэтэй  харагдаж  байна  гэх мэтчилэн зүйлсээ судалдаг. Энэ бүхнээс өөрийн дизайны санаагаа олж авдаг гэж хэлж болно.

-Шинэ жил дөхөж байна. Танаас асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та уншигч бүсгүйчүүдэд энэ жилийн шинэ жилийн даашинзны чиг хандлагын талаар мэдээлэл өгөөч?

-Ерөнхийдөө гоёлын хувцас дээр моод гэхээсээ материал, өнгө, хэлбэрийн шинж чанар гэсэн гурван үндсэн ойлголт дээр тулгуурлана. Мөн чимэглэлүүд гол үүрэг гүйцэтгэдэг.  Дээрээс нь янз бүрийн ажиллагаанууд орж болно. Энэ жилийн хувьд хүнд өнгөнүүд гол тренд болж байгаа. Миний хувьд X болон шулуун хэлбэрийн давамгайлсан загвар гэхээсээ илүүтэй өөрийнхөө өнгө төрхийг илэрхийлсэн загварыг гаргаж ирэхийг илүүтэй зорьсон. Ингэхдээ романтик буюу  цэцэг навчтай, энхрий ялдам харагдуулахаар хийгдсэн.Энэ жилийн стилийн хувьд романтик стиль зонхилж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(66.181.191.17) 2016 оны 11 сарын 15

gadnii brandees sanaa avdag genuu sanaa avch hulgailahgui uuruu setgej boldoggui yumuu

0  |  0
tuul(66.181.191.17) 2016 оны 11 сарын 15

saihan boljee

0  |  0
Top