БНСУ сарны тойрог замд хиймэл дагуул оруулж, улмаар гадарга дээр нь том биш сарнаа явагчийг буулгах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тус улсын шинжлэх ухаан, технологийн судалгааны 15 төв ирэх оны хоёрдугаар сараас энэхүү төсөл дээр хамтран ажиллах бөгөөд 2020 он гэхэд хэрэгжүүлж дуусна хэмээн төлөвлөж байгаа аж.
Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хоёр үе шатнаас бүрдэнэ. Эхний үе шатанд, шинжлэх ухааны судалгаа хийх тоног төхөөрөмж, дахин дамжуулагч бүхий хиймэл дагуулыг сарны тойрог замд оруулах бол дараа нь 20 кг-аас илүүгүй жинтэй сарнаа явагчийг сарны гадаргуу дээр буулгах гэнэ. Туулах чадвар сайтай, хүчирхэг хөдөлгүүр бүхий уг сарнаа явагчид өндөр хүчин чадалтай камераас авахуулаад рентген туяаны аппарат, дэлхий рүү судалгааны материал явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг байрлуулах юм байна. Ийм төхөөрөмжийг АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/-ийн эрдэмтэд Ангараг руу хөөргөсөн аппаратдаа байрлуулсан байдаг аж. Солонгосын эрдэмтэд эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан сарны геологийн бүтцийг судлах гол зорилготой байгаа ажээ.
Эрх баригчид энэ төслийг хэрэгжүүлэх боломжийг 2010 оноос хайж эхэлсэн бөгөөд судалгаа шинжилгээний ажилд одоогийн байдлаар 10 тэрбум вон буюу 9.3 сая ам.доллар зарцуулжээ. Харин сарны төслийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд 700 тэрбум вон буюу 650 сая ам.доллар зарцуулах юм байна. Өмнө нь АНУ сарны тойрог замд хиймэл дагуул оруулах төслийг хэрэгжүүлэхдээ 593 сая ам.доллар зарцуулж байжээ. Харин солонгосчууд саран дээр аппарат буулгаснаараа ойролцоо хэмжээний хөрөнгө зарцуулаад илүү их үр дүнд хүрнэ хэмээн тооцоолж байгаа аж.
Солонгочууд 2020 онд сарны төслөөс гадна 100 кг ачааг дэлхийн тойрог замд оруулах чадвартай Кэй Эс Эл Ви 2 /KSLV-2/ пуужинг зохион бүтээх ажлаа мөн дуусгах юм байна. Энэхүү пуужингийн эхний загвар болох Кэй Эс Эл Ви 1 /KSLV-1/-ийг солонгосчууд ОХУ-тай хамтран бүтээсэн бөгөөд 2013 оны нэгдүгээр сарын 30-нд анхны амжилттай нислэгээ хийсэн билээ.
С.Алдар

Сэтгэгдэл ( 2 )
Сар даах уу?
saran deer yaj buugaad yaj nisdeg ni sonin