Дөнгөж 14 настайдаа Элвис Преслитэй учирч 21 насандаа амьдралаа холбосон Присцилла Пресли өдгөө 71 насыг зооглож байна. Жүжигчин мэргэжилтэй Присцилла лхагва гарагт ITV”s Loose Women нэвтрүүлэгт оролцохдоо домогт дуучны гэргий байсан амаргүй цаг үеийн тухай ярьсан юм.
Элвистэй өнгөрүүлсэн амьдрал бүсгүйн өсвөр насыг “хулгайлсан” гэж Присцилла хуучилсан бөгөөд тухайн үед зөвхөн Элвис Преслигийн эхнэр гэгдэж, зөвхөн түүний амьдралаар амьдарсаар бүсгүй хүн өөрийгөө гээж эхэлсэн байна.
Би тухайн үед өөрийгөө хэн бэ гэдгээ ойлгодоггүй, мэддэггүй байсан. Надад бусад охидынх шиг өсвөр нас гэж байсангүй, би Элвисын хийсэн бүхнийг дагаж гүйдэг байлаа. Элвис намайг хувцаслах нүүрээ будах зэргийг харахыг хүсдэггүй, түүнд зөвхөн үр дүн чухал байдаг байсан. Би үргэлж хөнгөхөн ч гэлээ нүүрээ буддаг байсан учраас будаггүй царайгаа Элвист харуулж байгаагүй юм.

Элвис аялан тоглолт хийдэг болсноос хойш гэртээ үлдсэн би бүжгийн ангид явах болсон. Яг энэ үеэс л эмэгтэй хүн өөрийн гэсэн үзэл бодол, амьдралтай байх ёстойг ухаарсан хэмээн Присцилла ярьсан байна.
Рок н роллын амьд домог болсон Элвис Пресли, Присцилла Пресли нар 1967 онд хуримаа хийсэн бөгөөд есөн сарын дараа Лиза Мэри Пресли охин нь төрсөн билээ.

Присциллаг 27 настай байхад хосууд салсан бөгөөд тэрбээр анхны нөхрөөсөө хойш өдгөөг хүртэл гэрлээгүй аж.
Жүжигчин төдийгүй бизнесийн салбарт амжилттай яваа Присцилла Пресли Элвисын тухай үргэлж сайн амтай байдаг бөгөөд тайзан дээрх эрч хүчтэй, цоглог дуучин залуу бодит амьдрал дээр их зөөлөн сэтгэлтэй, хүнлэг нэгэн бөгөөд хүмүүст чин сэтгэлээсээ тусалж чаддаг гэдгийг нь дурсан ярьсан байна.




И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )