Цэргийн дуу бүжигийн эрдмийн чуулгын өвөл цагийн тоглолтууд үргэлжилсээр

2016 оны 11 сарын 22

Байлдааны гавьяаны болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу Бүжгийн эрдмийн чуулга нь Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг цэрэг дайчид, үзэгч олон түмэнд түгээн сурталчлах, Эрдмийн чуулгын царааг илэрхийлсэн шинэлэг, шилдэг уран бүтээлийг мэргэжлийн түвшинд туурвих, цэргийн соёл урлагийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг. Монголын мэргэжлийн ууган байгууллага 84 дэх жилийнхээ өвөл цагийн нээлтийн тоглолтуудыг энэ сарын 11-26-ны өдрүүдэд үзэгч түмэндээ толилуулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 11-нд Монголын залуучуудын холбооны "Цэргийн алдар" алтан медальт үндэсний найрал хөгжмийн албаны хамт олны "Ирж яваа цаг" уран бүтээлийн тоглолтоор "Монгол бахархал-Монгол омогшил" сэдвийн хүрээнд зохион байгуулж салхиа хагалсан тус чуулгын тоглолтуудын айзам хэмнэл, яруу эгшиглэн үргэлжилж байна. Дараа нь үндэсний найрал хөгжимчид энэхүү тоглолтоороо зөвхөн хөгжим тоглоод зогсохгүй өөрсдөө дуулж, хөөмийлж, аман хуур, нуман хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдээр тоглож сноирхуулсан юм. Энэ тоглолтод үе үеийн хөгжимчдаа төлөөлөг МУГЖ Д.Галсантогтох лимбэний аялгуугаа өргөн барьсан найрал дууны албаны хамт олны "Эх орны дуулал" тоглолт нь яруу алдрын илэрхийлэл болж үзэгчдэд хоорондоо үг солих завдал өгөлгүй баяр бахдал, хөг эгшгийн дор явагдаж өнгөрсөн юм. Аргагүй л эх оронч үзэгчдийн хуран цугларсан тоглолтын онцлог нь цэрэг, эх орны сэдэвт болон сонгодог уран бүтээлүүдийг гоцлол, хоёрол, гурвал, чуулга хэлбэрээр толилуулсанд байсан бөгөөд гочлол дуучин МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Ч.Баярмаа, МУСТА Б.Батбаатар, Д.Бат-Орших, З.Ариубаясгалан нар уран бүтээлүүдээ үзэгч олон түмэндээ сонордууллаа.

Тогос шиг уян налархай, цэрэг шиг дайчин цогтой хэмнэлийг ч илэрхийлдэг бүжгийн албаны уран бүтээлчид цэргийн бүжиг, орчин үеийн бүжгийн шинэ уран бүтээлүүдийг үзэгч олон түмэндээ хүргэх зорилгоор "Бүжихүйн цэнгэл" нэртэй тоглолтоо мөн хийлээ. Хөгжмийн зохиолч А.Болорхүүгийн "Өнгөрсөн-Одоо-Ирээдүй" зохиолоор нэрлэгдсэн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын эстрад симфони найрал хөгжмийн албаны хамт олны тоглолт бүжгийн албаны дараагийн тоглолт юм.

Ур чадвар авьяас билгийн охь болсон уран бүтээлчдийн уран бүтээлүүдийн албадын тоглолтуудын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн найруулсан нэгдсэн гала тоглолтоор өвөл цагийн нээлтийн шилдэг тоглолтууд өндөрлөх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top