“Улаанбаатарын үдэш”-ээр, “Улаанбаатар арт галерей” нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 25

Түм түжигнэж, бум бужигнадаг их хотод маань “шөнө” айлчлан иржээ. Гэвч хөөр хөгжил, эрдэм мэдлэгээр цалгин байдаг “Их сургуулийн гудамж”-нд хүмүүсийн хөдөлгөөн тасрах болоогүй...

Ганц хоёрхон харагдах гэрэлтэй цонхыг эс тооцвол их, сургуулиудын өнөөдрийн “ажил” дуусч, нам гүмд автсан ч тэрхүү гудамжинд өнгө оруулж, үүдээрээ гарах хүн бүрийг урин залах “Улаанбаатар арт” галерейн гэрэл улам тод гэрэлтэнэ.

Учир юу хэмээвээс өнөөдөр энэ галерей “Өндөр үүд”-ээ нээж байгаа юм.  Өнө эртнээс өнөө цагт өвлөгдөн ирсэн түүх соёлын гоёмсог бүтээлүүд, ур ухаанаас урган гарсан уран зургийн гайхамшгийг дэлгэн тавьсан үзэсгэлэнгийн танхимаар аялахад өөрийн эрхгүй бахдал төрнө. Бид ямар хувь заяагаар Монголд төрж, ямар содон тохиолоор өнөөдрийн энэ өдөр ийм гайхамшигт бүтээлүүдийг үзэж, харж, баясаж явна вэ...


ХӨРӨГ. Өвлийн улирал оньсого мэт нууцлагдмал. Ой мод, хээр тал бүхэлдээ цагаан цасанд хучигдан, хавар цагийг хүлээн, анир чимээгүй, нам гүмхэн, амсхийж байх шиг...

Өвлийг илтгэх цагаан өнгө хүн бүрт гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийн чанадад итгэл найдвар, баяр хөөрийг нууцхан бэлэглэх шиг...

Хүйтэн жавар хацар хайрч, саахалт айлын бараа үл үзэгдэнэ. Гэвч хацар нь хайрагдсан хөрслөг бор хөвгүүд ажрахгүй...  Ээжийн, эмээгийн хийж өгсөн үнэгэн лоовуузыг өмсөөд эрдэнэт малынхаа дэргэд байхдаа тэд жаргалтай...

ХОС ВАНСЭМБЭРҮҮ. ...Торго шиг зөөлөн дэлбээтэй

 Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг

 Учран харвал мөнхөрнө гэдэг

Урьдын үг үнэн болов уу... хэмээн дуулагддаг Вансэмбэрүү цэцгийн тансаг сайхан төрхийг Улаанбаатар галерейд хүндэтгэн залсан харагдана.  Ариун хайр, мөнхийн учралыг бэлэгддэг “Тэнгэрийн цэцэг” таныг тэнд хүлээж буй...

БЕТХОВЕН: Хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховений хөргийг дэлхийн бүхий л уран зураачид дүрслэн гаргахыг зорьдог. Ихэмсэг бардам, эрдүү шийдэмгий түүний энэхүү төрхийн хувьд өвөрмөц сонин басхүү их хөдөлмөрийн үр шим гэлтэй. Суут хөгжмийн зохиолчийн уран бүтээл бүрт сэтгэл эмзэглүүлэм, баясал төрүүлэн гайхамшиг шинж төрх хадгалагдан байдаг... Тэгвэл энэхүү уран зурагт түүний бүхий л зан араншинг зураасын урлагаар дэлгэн үзүүлжээ. Ойртоод харахад мянга мянган зураас харагдах хэдий ч холдох тусам нэгэн өнгө төрхийг гаргах нь гайхамшигтай...

Энэ мэтээр “Улаанбаатар” галерейн үзэсгэлэнгийн танхим Монголын зураачдын сор болсон уран бүтээлийг дэлгэхээс гадна, өөр нэгэн өнгө төрх болгож ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Евро-Ази” хэмээх чулуун үзэсгэлэнг дэлгэсэн байлаа.

Эрхэм зураач Юрий Мандагановын хувьд Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд “Чулуун аялгуу” хэмээх уран бүтээлийнхээ үзэсгэлэнг Монголын үзэгчдэд дэлгэж байсныг та санаж буй байх. Нарийн технологи, ухааны урыг илэрхийлэх энэхүү бүтээлүүд утга төгөлдөр уран бүтээлийн дээд хэмээн үнэлэгддэг гэдгийг энд дурдах хэрэгтэй.

Энэхүү бүтээлийг “Улаанбаатар” галерейн нээлтэд онцлон дэлгэсэн нь санаандгүй хэрэг биш хэмээн галерейн удирдлагууд ярьж байлаа. Монголын галерейн түүхэнд, уран зургийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг бий болгож буй "Улаанбаатар арт" галерейн захирал, продюсер Х.Дамдинсүрэнтэй цөөн хором ярилцсанаа танд хүргэе.

 -Яагаад уран зураг сонирхож, дурлах болов?

-Намайг уран зурагт уруу татсан хүн олон бий. Анх Б.Хонгорзул гээд зураач бүсгүйн “Хараацай” гэх үзэсгэлэнг үзээд өөрийн эрхгүй уран зурагт дурлаж байлаа. Түүнээс гадна амьдралын болоод ажил мэргэжлийн хувьд байнгийн хамтрагч болсон Дизайн урлагийн сургуулийн багш Б.Нямхүү гэж хүн байна. Мөн Дуурийн театрын Ерөнхий зураач байсан, Ардын зураач Ч.Гунгаасүх, түүний хүү Г.Ганбаатар нартай би уран бүтээлийн найзууд болж, санаа бодлоо солилцдог байсан. Энэ гайхалтай хүмүүс л намайг “Уран зураг” гэх гайхамшигтай ертөнцөд уруу татсан даа.

-Галерей нээх болсон шалтгаан гэж бий байх?

-Гадаадын улс оронд явж байхдаа хотын соёлыг харуулсан галерейнуудыг үзэх дуртай, байсан. Тэгээд л “Монголчууддаа зориулаад яагаад ийм галерейг нээж болохгүй гэж... Тэр галерей нь олон хүний хөлийн газар байрладаг, түүний хажуугаар явсан хүн бүр орж ирээд тайвширал авдаг, хотын соёлыг мэдэрдэг, урлагийн гоо зүйг таашаадаг байгаасай...” гэх үүднээс энэхүү галерейгаа нээх хүсэл өвөртөлж, өнөөдрийн энэ өдөр нээж байна. Мэдээж байршлын хувьд хотын иргэд маань хаанаас ч ирээд үзэхэд болмоор боломжийн байрлалтай байх ёстой гэж бодсон. Энэ бол миний нэлээд олон жилийн мөрөөдөл юм.

-Анхны үзэсгэлэнгээ “Өв” гэх бүтээлээр нээж байсан. “Өв”-ийг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар байна?

-Монгол хүүхдүүдийн баяр баягалан, инээд хөөрийг илэрхийлсэн “Өв” хэмээх үзэсгэлэнгээр галерейнхаа жаврыг үргээсэн. Ер нь үзэсгэлэнгүүдийг хараад байхад өдөрт дээд тал нь 30 хүн л үзээд байдаг. Гэтэл энэхүү “Өв” үзэсгэлэнгийн тухайд 1980 хүн үзэж сонирхсон байгаа юм. Үүнээс харахад хотын залуус маань уран зургийг, гоо зүйг мэдэрдэг болсон байна гэж бодож байгаа.

-Уран зургийн галерей гэхээр л хүмүүс дан зураг мэтээр төсөөлдөг. Гэтэл танай үзэсгэлэнд уран зургаас гадна уран баримал харагдаж байна?

-Намайг уран зурагт дуртай, хайртай болгосон найз нөхөддөө хүндэтгэл үзүүлэх зорилгоор тэднийхээ зарим нэгэн бүтээлийг өнөөдөр үзэсгэлэндээ дэлгэсэн байгаа. Би ер нь уран бүтээлээрээ нөхөрлөсөн олон найзтай. Тэдний дунд 20 настай залуу, 70 настай ахмад ч байна.

-Үзэсгэлэн хичнээн хоног үргэлжлэх вэ?

-Долоон хоног үргэлжилнэ. Үүний дараа маш сонирхолтой үзэсгэлэн гарна. Тодруулбал 12 дугаар сарын 3-ныг буюу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-тэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй залуу уран бүтээлчдийн “Аниме” бүтээлийн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. Манай үзэсгэлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шат, замтай учраас энэхүү уран бүтээлчид маань ирээд үзэсгэлэн гаргах, үзэх боломж нь нээлттэй байдгаараа онцлог юм.

БИ МЭДЭХГҮЙ. Монголын нууц товчоо, түүхэн эх сурвалжуудад Монгол хатдын үзэсгэлэн гоо, хурц ухааны талаар олонтай дурдсан байдаг. Гэвч бид тэрхүү хатдын жинхэнэ төрхийг төдийлөн сайн мэддэг бил үү... Яг ийм бодлыг төрүүлэх “Би мэдэхгүй” хэмээх уран бүтээлийг танд дэлгэж байна. Энэхүү зургийг СУИС-ийн Дүрслэх, Дизайн Урлагийн сургуулийн багш, зураач Б.Нямхүү зурсан бөгөөд тэрбээр энэхүү зургийнхаа тухай “Бүтээл бүр төрсөн түүхтэй байдаг. Би “Өүлэн эх” цогцолборын “Монголын эзэнт гүрний есөн хатан” гэх баримлын загварыг зохиосон. Үүнтэй холбогдуулан Монгол хатдын тухай судлах хэрэгтэй болсон. Гэтэл түүхэнд Монгол хатдын тухай дэлгэрэнгүй бичээгүй, бүр хатдын тухай материалыг устгасан байх жишээний...  Хаан ухааныг, хатан ухаанаар залдаг гэх үг байдаг. Гэтэл яагаад хатдын түүхийг гуйвуулж, нууж, усгасан юм бэ... гэж бодсон. Тэгээд л түүхэнд Монгол хатдын гавьяаг нууж, дарсаныг нь илэрхийлэх үүднээс энэхүү есөн хатныхаа нүүрийг зураагүй. Миний судалгааны үр дүнд буусан зураг юм даа” хэмээн тайлбарлалаа.


Үзэсгэлэнгийн нээлтэд гадаад дотоодын олон хүн уригдаж ирсэн байсан бөгөөд тэдний дунд Монгол төрийн эрхэм түшээд ч харагдаж байсан юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Миний хувьд урлаг тэр дундаа уран зургийг маш их сонирхдог. Зав чөлөөтэй байхдаа зурах гэж оролддог байлаа. Өнөөдрийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд өвөрмөц сонин хийцтэй гэдгээрээ их гайхшруулж байна. Тэр дундаа орчин цагийн уран бүтээлчдийн бүтээлүүд түлхүү байгаад баяртай байгаа. Сүүлийн үеийн бүтээлүүдийг хараад байхад нэлээд чадваржиж, сайжирсан байна гэх дүгнэлтийг хийгээд явж байна даа. Манай улс спортын салбарыг маш их дэмждэг болсон. Гэтэл урлагийн салбарыг дэмжих хэрэгтэй. Энэ салбар өнөөдрийн байдлаар цөөн хувийн уран бүтээлч, компанийн нуруун дээр яваад байгаа харагддаг. Тиймээс төрөөс тусгайлсан бодлого гаргаж, хэрэгжүүлж уран зургийн салбараа дэлхийд гаргах хэрэгтэй байна. Манайд дэлхийд үнэлэгдэх маш олон бүтээлтэй зураачид бий. Уран зургийн салбар гэдэг чинь нэг талаасаа зах зээл шүү дээ” хэмээн ярилаа.


АЛСЫН ХАРАА: Улаанбаатар арт галерей нь дэлхийн улс орнуудын урлагийн менежментийг Монголын соёл урлагт нэвтрүүлэх, хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд гадаад дотоодын уран бүтээлчдийг хамтран ажиллах, харилцан туршлага солилцох боломжоор хангах, тэднийг үзэгч сонирхогчидтой холбох уулзуулах орчин юм. 

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
David white(95.85.62.215) 2016 оны 11 сарын 28

Ahoj, Potřebujete naléhavou půjčku na financování svého podnikání nebo pro jakýkoli účel? Jsme certifikované úvěr věřitelem licence WE nabízejí mezinárodní půjčky pro obchodní společnosti, firmy a jednotlivce za přijatelnou úrokovou sazbou ve výši 2%. Mohlo by se jednat o úvěr krátkodobý nebo dlouhodobý, a to i když máte špatnou úvěrovou historií, který bude zpracovávat své půjčky, jakmile obdržíme váš požadavek. Jsme nezávislá finanční instituce, kontaktujte nás ještě dnes E-mail; oceanlenders05@gmail.com

0  |  0
Kelly Flack(95.85.62.215) 2016 оны 11 сарын 28

Dobrý den pane / paní Nabízíme soukromé půjčky, obchodní a osobní půjčky s velmi nízkým roční úrokové sazby tak nízké, jak 2% během jednoho roku až 30 let doby splácení kdekoli na světě. Nabízíme úvěry v rozmezí od 1000 do jakékoliv částce, kterou vyžádají, kontaktujte nás ještě dnes E-mail; paydayloancompany9@gmail.com

0  |  0
Top