Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулгатай ярилцлаа.
-Монгол улс интернэтэд холбогдоод 20 жил болох гэж байгаа юм байна. Монгол Улсад интернэт хэрэглэгч хэчнээн байгаа, хэрэглэгчдийн тоо, агуулгын хувьд манайх дэлхийд хаахнуур яваа вэ?
--Хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээр бол дэлхийн дунджаас дээгүүрт байгаа. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.1 саяд хүрсэн гэсэн статистик гарсан. Үүний 1.8 сая нь хөдөлгөөнт буюу 3G, 2.5G, GPRS гэсэн технолгиор интернэтийг хүлээн авч байна. Үлдсэн 300 мянга гаруй хэрэглэгч суурин буюу шилэн кабелийн интернэтэд холбогдсон. Суурин хэрэглэгчдийн өсөлтийн хурдац нэг үеэ бодвол саарсан ч жил бүр тогтмол нэмэгдэж байгаа. Сарын нийт хэрэглээ нь дунджаар 60 гаруй гигабайт гэсэн тооцоо байдаг.
-Монгол Улсад интернэт оруулж ирдэг хэчнээн ААН байдаг вэ. Зөвшөөрөл олгохдоо шалгуур тавьдаг уу?
-Монгол Улсад интернэтийн бөөний үйлчилгээ эрхэлдэг гурван компани бий. Жижиглэнгийн үйлчилгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл дээрх гурван компанийн оруулж ирсэн интернэтийг хэрэглэгчдэд түгээдэг 69 ААН байна. Үүний 23 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг. Тэдэн дээр үүрэн телефоны дөрвөн оператор нэмэгдэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт интернэтийн үйлчилгээ эрхлэхийн тулд манайхтай гэрээ хийж, тусгай зөвшөөрөл авах ёстой. Тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу нээлттэй шударгаар олгоод явж байгаа.
-Шалгуурын тухайд...?
-Интернэтийн бөөний худалдаа эрхлэх ньтухайн аж ахуйн нэгжээс их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг.Энэ нь өөрөө том шалгуур.
-Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэдэг компаниуд цааш нь борлуулахдаа анх авсан үнээсээ хямдаар борлуулж байгаа гэсэн мэдээлэл сонсон юм. Үнэн үү, хэрвээ үнэн бол яаж ашгаа олдог юм бол. Улсаас дотаци өгдөг юм болов уу?
-Үнэ тариф нь тухайн компанийн бизнесийн нууц учраас би энд дэлгэх нь зохисгүй байх. Дээрээс нь бид үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаасаа мэдээллийг нууц гэсэн ангилалд авдаг л даа. Тиймээс дотоодын хэрэгцээндээ ашиглана уу гэхээс гадагш задруулахыг гэрээндээ хориглосон байдаг.
-Харилцаа холбооны зохицуулах хороо үнэ тогтооход оролцдоггүй гэж ойлгож болох уу?
-Үнэ бол зах зээлийн дагуу жамаараа тогтоно шүү дээ. Гэхдээ ХХЗХ үнэ тогтооход оролцох үндэслэл бий. Харилцаа холбооны тухай хуульд “Зах зээлд давамгайлагч буюу монополь аж ахуйн нэгж үнэ тогтоохдоо ХХЗХ-гоор хянуулна” гэсэн заалт бий. Үүнээс өөрөөр оролцох боломжгүй. Зах зээл дээр давамгайлагч, монополь биш бол хянахгүй гэсэн үг.
-Үндсэн сэдэвтээ орьё. Интернэтийн зохистой хэрэглээг хэвшүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлага бий болжээ. Тухайлбал, төрийн албан хаагчид олон нийтийн сүлжээнд байнга “онлайн” байдаг нь төрийн албаны, цаашлаад интернэтийн талаар сөрөг ойлголт төрүүлж байна. Бага насны хүүхдүүдээс УИХ-ын гишүүн хүртэл үе давдаг тоглоомд донтож, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд тусгай тасаг хүртэл нээгдлээ?
-Зохистой хэрэглээнд их олон ойлголт багтана л даа. Та ч гэсэн нэлээд өргөн хүрээг хамруулж асуулаа. Таны хэлсэн шиг, төрийн албан хаагч ажлын цагаар тоглоом тоглоод суух нь мэдээж буруу. Ажлын цагаар ажлаа л хий ёстой. Үүнийг тухайн байгууллага дотоод журмаараа шийдчих боломжтой шүү дээ. Энэ ёс зүйн асуудал байгаа.
Зохистой хэрэглээнд донтолтын асуудал бас яригдана. Энд, нэгдүгээрт, интернэтийг хэрэглэх үү, үгүй юу гэдэг нь тухайн хувь хүний сонголтын асуудал юм. Онлайн орчинд удаан хугацаагаар байх, үүнээс болоод эрүүл мэнд нь муудах, сэтгэцэд өөрчлөлт орох, нийгэмд яаж нөлөөлж байна гэдэг нь арай тусдаа.
ХХЗХ бол бага насны хүүхдүүдэд зохистой хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байна. Том хүн бол өөрийгөө хянана, хүүхэд чадахгүй шүү дээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага гэж байдаг. Монгол Улс энэ байгууллагын албан ёсны гишүүн. Энэ байгууллагаас гишүүн орнууддаа хандаж уриалга гаргасан байдаг. “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах” асуудлаар санал, санаачлагатай ажиллаач ээ” гэж. Өөрөөр хэлбэл, ганц Монголд биш, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал гэж болно. ХХЗХ уриалгын дагуу идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн манай байгууллага дангаараа зүтгэх биш, Хүүхдийн төлөө үндэсний газар, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч байгаа. ТББ-уудаас ч хамтарч ажиллая гэсэн санал ирж байна.
-Яг ямар ажлууд хийж байна вэ, дурьдвал?
-Мэдээ мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Улаанбаатар хотын цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид болон Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ХЗЯ, БСШУЯ, нийслэл, орон нутгийн ЕБС-иудын нийгмийн ажилтнуудыг хамруулж, интернэтийн хэт их хэрэглээний хор холбогдлыг ухуулан таниулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Ирэх жилийн төлөвлөгөөнд ч орсон байгаа. Үүнд зөвхөн хүүхдэд биш, гэр бүл эцэг эхчүүдэд хандсан ажлууд бий. Өөрөөр хэлбэл, “Таны хүү, охин, олон нийтийн сүлжээнд орж болно оо. Гэхдээ тэнд орсон хойноо бусдын зүгээс үзүүлэх нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх чадвартай байна уу үгүй юу” гэдэг асуудлыг тавьж байна. Интернэт орчинд хүүхдийг айлгах ичээх, заналхийлэх гээд олон юм байгаа шүү дээ. Тиймээс сургалтууд зохион байгуулдаг. Хамгийн сүүлд гэхэд л “Зүй бус контентын талаар Фейсбүүкт хэрхэн мэдэгдэх вэ” гэсэн сэдвээр сургалт ялууллаа. Олон нийтийн сүлжээнд бусдыг гэмт хэрэгт уриалсан, садар асмууныг сурталчилсан гэх мэт хуулиар хориглосон агуулгатай контент ихээр тавигддаг. Тэгвэл эдгээр контентыг Фейсбүүкт мэдэгдэх аргыг заасан. Функц нь байдаг, манайхан ашиглаж мэддэггүй. Тиймээс энэ функцын талаар олйлголт өгөх, тайлбарыг нь монгол хэл дээр болгох зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Интернэт тоглоомын зориулалт, насны ангиллын асуудлыг бас хөндөж байгаа. Тоглоом нь анхнаасаа тодорхой насныханд зориулан бүтээгдсэн байдаг. Гэтэл манайд үүнийг тоодоггүй. Насанд хүрэгчдэд зориулсан тоглоомоор бага насны хүүхдүүд тоглоод л сууж байдаг. Энэ байдлыг цэгцлэх ёстой. Интернэтэд юу болох, юу болохгүй вэ гэх мэт хэрэглэгч хүнд зайлгүй шаардлагатай мэдээллийг багтаасан cybersafety.mn цахим хуудсыг нээсэн. Энэ хаягаар зочижл мэдээлэл аваарай гэж хэлье. Ер нь бол интернэтийн зохистой хэрэглээ гэдэг асуудлыг ганц байгууллага, хэсэг бүлэг биш, нийтээрээ ярих ёстой болчихоод байна.
- Манайд интернэт хэрэглэгчид хурдныхаа л мөнгийг төлчихвөл хэрэглээ хязгааргүй байдаг шүү дээ. Харин АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад интернэт хэрэглээг тодорхой хязгаартайгаар нийлүүлдэг гэж сонссон. Магадгүй, сөрөг нөлөөг нь мэдээд тэгдэг юм болов уу. Манайд ингэж хязгаар тогтоох боломжтой юу?
-Тийм биш байх аа. АНУ, бусад улс оронд төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн хурдыг нь маш бага хэмжээнд хүргэхээс тодорхой хэмжээ заадаггүй. Гэхдээ хэрэглээг тэр чигт нь зөнд хаячихгүй. Жишээ нь, Японд сүүлийн гурван хоногийн хэрэглээ нь гурван гигагаас их байх юм бол тухайн хэрэглэгчийн интернэтийн хурдыг автоматаар бууруулдаг.
Интернэт гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн агуу гайхамшиг шүү дээ. Маш их боломжийг олгосон. Тиймээс хааж боох талаар ярих нь зохисгүй. Сөрөг нөлөө мэдээж байгаа, гэхдээ ач тус нь хавьгүй илүү учраас хэтэрхий эмзэг хүлээж авах хэрэггүй болов уу. Энэ санаагаа би галтай зүйрлэж тайлбарлана. Гал бол алдах юм бол бүхнийг түймэрддэг аюултай гамшиг. Гэхдээ түймэр тавих бий гээд гал гаргахыг хорьдоггүй. Хүн олон мянган жилийн өмнөөс галын тусламжтайгаар унд хоолоо болгож идсэн, хөгжлийн үүд яг энд нээгдсэн гэдэг шүү дээ. Интернэт ч адилхан.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
udaan unetei,deerees ni haalttai
mongold harin net unetei baidag er 4g orson gazar bol shal yadaj hun hana baigaag shuud togooh geed amidrald heregtei zuil mash ih