Хүүхдийн зохиолч, МУСГЗ Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээв

2016 оны 12 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүүхдийн зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт өнөөдөр Төрийн соёрхол хүртээв.

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордууллаа.

Уг зарлигт “Аав, ээж, би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Гурван марал” зэрэг шилдэг бүтээлээрээ дэлхийн хүүхдийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сувдан сондор адил үлгэрийн цомог нээж, хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Жамбын Дашдондогт Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний дараа хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт шагналыг гардуулан өгч, баяр хүргэж товч үг хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” гэж би бодож явдаг. Сайн хүн болохын тулд, хүүхдээ сайн хүн болгохын тулд оюун ухааныг нь хөгжүүлэхэд маш их дэмжлэг хэрэгтэй байдаг. Хүний оюун ухаан хүүхэд байхдаа л хөгждөг, төлөвшдөг. Хүүхдийн зохиолч, хүүхдийн төлөө бүтээл туурвиж байгаа хүмүүс бол тэр бяцхан оюун ухааныг, дараа нь Монгол Улсыг авч явах аугаа хүмүүсийг төлөвшүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулдаг.

Тийм учраас хүүхдийн уран бүтээлч, хүүхдийн төлөө туурвидаг хүмүүс, тэр дундаа тэр бүхний сор болсон Жамбын Дашдондог гуайд Монголын төр энэ жилийнхээ Төрийн соёрхлыг онцгойлон олгож байна.

Жамбын Дашдондог гэдэг энэ хүний нэрийг, энэ хүнийг хүүхэдтэй ажилладаг хүн бүхэн маш сайн мэднэ. Манай багш, сурган хүмүүжүүлэгчид, бүн хүн асар сайн мэддэг. Хүүхдийн 100 орчим номыг Монгол Улсдаа хэвлүүлсэн хүн.

Гуч гаруй бүтээл нь гадаадын улс оронд хэвлэгдэж, дэлхийн олон орны хүүхдүүдийн хүртээл болсон. Зарим орны сурах бичигт Жамбын Дашдондог гуайн зохиосон бүтээлүүд орсон байдаг.

Хүүхдийн төлөө бүтээн туурвиж байгаа таны ажил үйлс улам өргөжин дэлгэрэх болтугай. Хүүхдийн төлөө бүх зүйлээ зориулдаг, хүүхдийн төлөө ажилладаг бүх хүмүүсийн ариун үйлс улам өргөжин тэлж байх болтугай гэж ерөе.

Монголын ирээдүй, Монголын хүүхдүүдийн ирээдүй үргэлж гэрэлтэй, сайн сайхан байгаасай гэж хүсч байна. Баяр хүргэе” гэлээ.

Шагнал хүртсэнийхээ дараа Төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог хэлэхдээ “Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч миний энгэрт Төрийн дээд шагнал- Төрийн соёрхол зүүж өгөхөд олон зүйл бодогддог юм байна. Би 17 настай байхдаа Булган аймагт анхны номоо хэвлүүлэхэд шүлгийн моринд мордуулсан Дамдинцоогийн Содномдорж гэдэг хүн маань бодогдож байна.

Мөн Есөнбулагаас миний анхын номын тухай захиа бичиж урмын сайхан үг хайрласан Лодонгийн Түдэв гуай дурсагдаж байна. Өнөөдрийн Төрийн соёрхол хүртсэн номын жагсаалтад миний “Аав, ээж, би” гэдэг ном орсон байна. Энэ бол миний гол ном. Энэ номыг би аав, ээж, дүүтэйгээ хамтарч зохиосон. Миний аав Даржаагийн Жамба, миний ээж Батын Сүх, миний дүү Жамбын Цолмонбаатар бид хамтарч зохиосон гэр бүлийн ном юм. Энэ гэр бүлийн ном Монголын олон айл, гэр бүлийн ном болж өргөжсөнд их баяртай байна.

Намайг нэг үе жаахан гутруу явахад ээж минь надад  “Миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна” гэж хэлж байсан. Тэр биелж байна. Миний ээж ямар алс холыг хараа вэ гээд өнөөдөр аав, ээжийгээ бодоод зогсож байна.  

Энэ шагнал надад их урам зориг өглөө. Цаана бас уран бүтээлийн өндөрлөг байна гэж би бодож байна. Өнөөдрийн энэ шагнал надад уран бүтээлийн, шүлгийн морио нэг сайн гуядаж аваад, морьтой үлгэрээ хөтөлж аваад  шинэ бүтээл рүү орох замдаа гаръя даа гэсэн урам өглөө гэж урам зоригтой байна.

Монголын төрдөө, Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа. Хүүхдүүдэд баярлалаа. Хүүхдийн зохиолч гэдэг бол “хүүхэд, зохиолч” гэсэн хоёр үг юм. Тэгэхээр би хүүхэдтэй хамт энэ шаганлыг авч байгаа юм. Миний зохиолыг уншиж, надад олон жил урам өгсөн  Монголын үе үеийн хүүхдүүдэд их баярлалаа” гэлээ.

Түүний туурвисан хүүхдийн 30 гаруй ном гадаад хэвлэгджээ. БНСУ-д 7 ном, Японд 5 ном хэвлэгдсэнээс гадна түүний уран бүтээлүүдээс Английн сурах бичигт үлгэр нь багтаж, Халимагийн сурах бичигт  оржээ. Халимагчууд түүнийг “Бичгэдийн зохиолч” /Хүүхдийн зохиолч/  хэмээн хүндэлдэг аж.

“Гадаадын хүүхэд багачууд миний зохиолыг уншдагт их баярладаг” хэмээн Төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог үгээ өндөрлүүлэв.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зрчин(203.91.117.8) 2016 оны 12 сарын 11

ж дашдондог төрийн шагнал авах ёстой хүний нэг энэ шагналыг өгдөг өдөрийг тусгайлан тогтоосон байдаг биз дээ ээбий ур нь яагаад байна аа

0  |  0
Top