Болзошгүй дайны тухай яриа хэдэн жилийн өмнө бол үнэхээр хол сонсогддог байлаа. Харин одоо бол хүмүүс дэлхийн дайн дэгдэх эсэх нь Москва, Бээжин, Вашингтоны бодлого, харилцаанаас шалтгаална гэдэг болж. АНУ-ын Тагнуулын төв газрын агент асан, өдгөө Олон улсын харилцааны Карнегийн сангийн дэд ерөнхийлөгч Дуглас Паал энэ талаар ярьж байна.
-Та БНХАУ-ыг олон жил судалж байгаа. Иргэд нь бараг бүгд дугуй унаж, сохор зоосны төлөө ажилладаг энэ улс АНУ-ын болзошгүй өрсөлдөгч байж чадах уу?
-Тэд аль хэдийнэ “Дугуйтай хүмүүсийн улс” байхаа болиод бүс нутгийн том тоглогч болсон. Дэлхийн тэргүүлэгч эрх ашиг гэж хэлэхэд бас арай эртэднэ. Вашингтонтой эн зэрэгцэхийн тулд тэд өндөр эрчимтэйгээр дахиад 30 жил хөгжих шаардлагатай. Гэхдээ тэр хугацаанд АНУ байрандаа зогсоод байхгүй нь мэдээж. Нэгдсэн улсын боломжийг олон удаа үнэлэлгүй орхиж байсан. Бидэнд эдийн засгийн болоод нийгмийн бодит бэрхшээл бий, гэхдээ үүнээс болоод үнэлэмжийг орхигдуулж болохгүй. Бээжин АНУ-ын боломжийг хамгийн бодитойгоор үнэлж байгаа, тийм ч учраас Вашингтонтой аль болох эвтэй байхыг хичээж байна.
БНХАУ-ын бололцооны талаар ярихдаа зөвхөн АНУ-тай бус Японтой ч харьцуулах ёстой. Манай Карнегийн сангаас 2030 онд бүс нутагт хүчний ямар байхыг төсөөлсөн ном гаргасан. Түүнд хэрвээ БНХАУ-ын эдийн засаг энэ эрчээрээ өсч, Японых удаашралтай хэвээрээ байсан тохиолдолд 2030 онд хоёр улсын боломж тэнцэнэ гэсэн байгаа. хэрвээ яг одоо Сенкаку арлаас болоод ч юм уу, дайтлаа гэхэд Японы флот өрсөлдөгчөө ялна. Яг л 1895 онд Симоносекийн буланд Хятадын флотыг бутниргэсэн шигээ.
-Хятадууд 2015 онд хоёр дах зөөгч хөлөг онгоцоо угсарч эхэлсэн. Энэ нь тэдэнд авуу тал авчрахгүй юу?
-Нэмэр болох нь мэдээж, гэхдээ хөлөг онгоц барих, тэрийг ур чадвартайгаар ашиглана гэдэг хоёр өөр зүйл. Хятадад шилдэг далайчид, шилдэг нисгэгчид байлаа гэж бодсон ч техник технологи өндөр хөгжсөн орнуудтай эн зэрэгцэхийн тулд дахиад олон жил хэрэгтэй болно.
-Хоёр орны хоорондын бараа эргэлт маш их байгаа. Энэ байдал Вашингтон, Бээжинг шууд сөргөлдөхөөс зайлсхийх шалтгаан болж чадах уу. Эдийн засгийн нягт холбоотой улсууд хоорондоо дайтаж байсан жишээ олон бий, гэхдээ та юу гэж бодож байна вэ. Цөмийн зэвсэг мэдээж, шууд дайтахаас зайлсхийх нэг шалтгаан мөн. Гэхдээ “итгэлцлийн” буюу эчнээ дайн явагдаж мэдэх юм даа тийм ээ?
-Эдийн засгийн харилцаа холбоогоо эвдэж, шууд зэвсэгт тэмцэлд хүрнэ гэдэг маш хэцүү. Том Фридман (“The New York Times”-ын тоймч) үүнийг “McDonald’s-ын салбар ажиллаж байгаа хоёр улс хэзээ ч хоорондоо дайтахгүй” гэж маш оновчтой хэлсэн байдаг. Гэхдээ түүний буруу. Буруу гэдэг нь өнгөрсөн зуунд л батлагдчихсан. Тэр үед манай санг үүсгэн байгуулагч Эндрю Карнеги зэрэг олон америкчууд төмөр зам тавьж, чийдэн үйлдвэрлэж, улс орноо цахилгаанжуулж байлаа. Дайтах ямар ч завгүй харагдаж байсан ч удалгүй Дэлхийн I дайн эхэлсэн шүү дээ. Энэ түүхийг үргэлж санаж байх хэрэгтэй. Дэлхийн II дайныг ч аваад үзье л дээ. Тэр үед А.Гитлер цэргүүддээ Украинаас орж ирэх үр тарианы сүүлчийн хэсгийг орж иртэл хүлээхийг тушааж байсан гэдэг. Энэ бол эдийн засгийн нягт харилцаатай орнууд ч дайтаж болдгийн нэг жишээ бөгөөд А.Гитлерийг зөвтгөх нэг үндэслэл юм.
-Тэгэхээр итгэлцлийн дайн бодитой гэсэн үг үү?
-Өмнө нь бол би боломжгүй гэж боддог байсан. Харин одоо бол илүү бодитой болж ирж байна. Вьетнам Хятадын эсрэг, эсвэл Япон Хятадын эсрэг ч байж болно. Бид үүнийг хүсээгүй, гэхдээ Бээжин эрх ашгаа хамгаалахын тулд бидний хамгаалах ёстой, холбоотнуудад хэтэрхий заналхийлж байна.
-Вашингтон, Москвагийн харилцаа одоо түүхийн хамгийн хүнд үедээ явна. АНУ, БНХАУ дайтахад хүрвэл аль, аль нь Москваг талдаа татахыг хичээх нь мэдээж. Вашингтон Москваг Бээжинтэй орйтуулахгүйн тулд одоо үүсээд байгаа асуудлуудад буулт хийх болов уу?
-Тэгнэ гэж бодохгүй байна. Вашингтон одоо Крымыг нэгтгэсэн үйлдэл нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн, Дэлхийн II дайны үр дүнд бий болсон дэлхийн нийтийн тогтвортой байдлыг алдагдуулсан гэдгийг Москвад ойлгуулахыг хичээж байна. Вашингтоны хувьд энэ нь Орос Хятадтай ойртохоос илүү чухал.
-Москваг ямар ч үнээр хамаагүй гэсгээхээр улайрч байгаа нь Вашингтоны бусад эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж танд санагдахгүй байна уу?
-Өөрийн улсын явуулж байгаа гадаад бодлогыг би эх оронч иргэний хувиар харж байгаа. Бид зөвхөн нэг асуудлыг шийдэхийн тулд биш олон асуудлаа зэрэг шийдэхийн тулд илүү адармаатай гадаад бодлого явуулдаг. Би Украины асуудалд анхаарал хандуулж байгаа ч энэ манай гадаад бодлогын гол хэсэг биш. Москваг шийтгэх гэж улайраад байгаа юм ч байхгүй. Бид Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, дүрвэгсэд, “Лалын улс” бүлэглэлийг хазаарлах зэрэг олон асуудлаар Москватай хамтарч ажиллаж байгаа. Бидэнд ОХУ-аас гадна гадаад маш олон эрх ашиг бий. Асуудлын гол нь, Дэлхийн дайны дараа Европ тивд тогтсон эмх журмыг алдагдуулахгүй байх нь маш чухал гэдэгт оршиж байгаа юм.
-Одоогийн эрх баригчдаас хэн нь энэ асуудалд илүү анхаарал хандуулж ажиллаж байна гэж тарж байна?
-Одоогийн нөхцөл байдлыг бий болгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч гэж бодож байна.
-Вашингтон хэрвээ Москватай харилцаагаа сайжруулахын тулд идэвхи гаргахгүй гэлээ. Тэгвэл Хятадтай яах вэ. Энэ хоёр улс улс төрийн юм уу, цэргийн нэгдэл үүсгэх боломж бий юу?
-Карнегийн санд ажилладаг манай нэг найз БНХАУ ийм алхам хийх боломжтой гэж надад хэлж байсан. Гэвч, үүнийг хэн дэмжих вэ гэдэг нь асуудал. Миний бодлоор бол, бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын Аюудгүйн зөвлөлд саналаа нэгтгэх гэх мэтийн асуудлаар холбоо үүсгэх боломж бол хангалттай бий. Тийм холбоо бий болно, эргэлзээгүй. Гэхдээ оросууд Бээжинтэй холбоотон боллоо гэж хэтэрхий эрт баярлаад байна. Учир нь, оросууд “дүү” болохыг зөвшөөрсөн тохиолдолд л ОХУ, БНХАУ гэсэн холбоо үүсэх боломжтой. Оросууд үүнийг зөвшөөрнө гэдэгт би эргэлзэж байна.
-Ханьжоуд болсон “Их 20”-ийн бүлгийн уулзалтын үеэр хятадуудын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан. Үүнд ямар нэг далд санаа агуулагдаж байгаа болов уу. Улс төр, дипломат харилцааны болон энгийн иргэдийн төвшинд хоёр орны харилцаанд нөлөөлөх үү?
-Хэвлэлд тэгж бичсэн болохоор энгийн иргэд ч ийм олйголттой болсон нь тодорхой. Ханьжоу бол Бээжин, Шанхай биш шүү дээ. Нисэх буудал нь өндөр хэмжээний ззочдыг олноор нь хүлээж авч дасаагүй байгаа. Америкийн төлөөлөгчид болохоор бүх зүйл дээд хэмжээнд зохион байгуулагдсан байдагт дасчихсан. Тэд Ерөнхийлөгчийн буух шатыг урьчилан бэлддэг. Харин нисэх буудлын аюулгүйн ажилтнууд өөрсдийнхөө шатыг хэрэглэхийг шаардсанаас болж Ерөнхийлөгчийн болон нисэх буудлын хамгаалалтын албаны хооронд үл ойлголцол үүссэн юм билээ. Тэгээд шатны жолоочийг англи хэлтэй хүн байх ёстой гэтэл тийм жолооч олдоогүй. Хайж байх завсар буух цаг тулсан учраас Ерөнхийлөгч нөөц шатаар буусан. Болсон явдал гэвэл ердөө л энэ. Гэтэл нисэх буудлын үйлчилгээ, шатны талаар сонин хэвлэлд дэндүү ихээр шүүмжиллээ. Хэрвээ та дуулиан шуугиан үүсгэхийг хүсч байвал сэтгүүлчдийн дургүйг хүргэхэд л хангалттай гэж би зөвлөх байна.
-АНУ-ын Ерөнхийлөгчдөөс хэн нь БНХАУ-тай илүү зөв байр сууринаас харилцдаг байсан гэж та боддог вэ?
-Би энэ тал дээр эцэг Бушийн бодлогыг үнэлдэг. Тэр Бээжинтэй тал алдахгүй харилцдаг байсан. Харин Б.Обама Бээжинтэй “Та нар хатуу бодлого барьж байнаа. Тэгвэл бид илүү хатуу байх болно” гэж харилцаад байна уу гэж санагддаг. Миний бодлоор энэ бол Бээжинтэй харилцах оновчтой арга биш.
-Б.Обамагийн орыг залгах гэж байгаа Д.Трамп хоёрын хэн нь Бээжинд илүү ашигтай бодлого явуулах бол. Д.Трампыг “В.Путины хүн” гэж яриад байгаа шүү дээ?
-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Си Зиньпиний нэр дэвшигч ялагдсан гэж би бодохгүй байна. Гэхдээ зарим нэг нюанс бий. Жишээ нь, Х.Клинтон Ардчилсан намын нэр дэвшигч. Тиймээс Ерөнхийлөгч болоод энэ намын бодлогыг их бага хэмжээгээр үргэлжлүүлэх нь тодорхой. Түүнээс гадна хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй болно.
-Гэхдээ Д.Трамп ч хятадуудад сайныг амлахгүй байгаа шүү дээ. Тэр “Бид гэрээ хиймээр байна” гэж хятад аялгатайгаар хашгирч байсан?
-Тийм ээ. Энэ үг нь жирийн хятад иргэдэд маш их сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг ялаасай гэж хүсч байсан. Яагаад гэвэл тэр бизнесмэн хүн, бидэнтэй гэрээ хийх байх гэж найдаж байна. Түүнээс гадна, БНН-ын хүн учраас хүний эрхийн талаар арай бага анхаарах байх гэж бодож байгаа. БНН-ын засаглалын жилүүдэд л хоёр орны харилцаа илүү нээлттэй болж байсан гэдгийг тэд санаж байгаа.
-Хятадууд БНАСАУ-д тавьсан НҮБ-ын хоригийг дэмжсэн. Гэвч дараа нь БНСУ АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг (THAAD) газар нутаг дээрээ байрлуулах болсныг сонсоод хууртагдсан юм шиг мэдрэмж авсан байх гэж шинжээчид бичж байна. Вашингтон энэ нөхцөл байдлыг зөөлрүүлэх арга хэмжээ авах болов уу?
-Миний бодлоор хятадууд THAAD-ын хүчин чадлын талаар хангалттай мэдээлэл авсан тохиолдолд байр сууриа өөрчлөх байх. НҮБ энэ сарын 21-нд хуралдаад БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Хойд Солнгосыг хазаарлах нь пуужингийн системийн асуудлаар маргалдахаас илүү чухал гэдгийг тэд ойлгож байгаа байх. Систем байрлуулах болсонд тэд сэтгэл дундуур байгаа, гэхдээ хамтран ажиллахад бэлэн байна. Энэ маш чухал. Миний бодлоор энэ асуудал дээр БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Сөүл дэх ЭСЯ нь “Пуужин байрлуулах асуудлыг Сөүл бие дааж шийдээгүй” гэж мэдэгдэн дипломат ёсны том алдаа гаргасан. Ийм үл тоосон, дорд үзсэн мэдэгдлийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгчид пуужингийн систем байрлуулж, тусгаар тогтнол, эрх ашгаа хамгаалахаас өөр гарц үлдээгүй.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
hujaag alich ulsiin oroltsoogvi geer baigal delhiii uuruuu uuruusuuu archij hayna .... delhiigees archigdana ene tvmen ylaanuud
Hyatad heterhii neg uzleer tuilshrah
Ene sdaaa oligtoi hariulahgui toiruulaad l shaaagaad bhiimaa hugiin amerik
АНУ гэж хаа газар балаг тарьж явдаг хуурамч улс даа. ИГИЛ-ыг далдуур санхүүжүүлж дэмжээд