Монголын Балетын хөгжил сан, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг 2013 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ удаагийн ээлжит тоглолт “Цөмөөхэй-2016” нь 12 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-т тоглогдох юм.
Уг тоглолтод Дэлхийн шилдэг балетчдын нэг МУГЖ Д.Алтанхуяг болон “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо нар гоцлох аж.
МУГЖ Д.Алтанхуягийн тухайд товч мэдээлэл хүргэхэд тэрбээр 2000 онд Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөнөөсөө хойш Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компаниудад бүжигчнээр ажиллаж, олон улсын 10 шахам тэмцээнд оролцон тэргүүн байруудыг эзэлж, 2005 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнуулсан билээ. 2006 онд дэлхийн шилдэг найман балетчины нэгээр шалгарсныхаа дараахан 2007 онд "Бостон балет" компанид орж, өнөөг хүртэл ажиллаж байна.
Тэрбээр сургуульд суралцах хугацаандаа буюу 1998, 1999, 2002 онуудад Олон улсын балетын заах арга зүйн уралдааны алтан медаль, тус уралдааны 2000 оны мөнгөн медаль, 2001 онд урилгаар Колумб улсын Кали хотноо зохион байгуулагдсан Иберо – Америкийн гала тоглолтонд оролцон тоглосон байна.
2002 онд тэрээр “Кубын үндэсний балет” театрт алдарт Алисиа Алонсогийн удирдлага дор ажилласан бөгөөд 2016 оноос “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчнээр ажиллаж эхэлжээ.
Жинетт Мончо нь “Кубын үндэсний балет” театрынхантай Америк, Европ, Ази, Авистрали, Египт зэрэг олон тив, улс орноор аялан тоглолтонд оролцон бүжиглэсэн байна. Тэрээр романтик болон орчин үеийн, үндэсний балетын жүжигт гоцлол дүрийг Куба болон олон улсын балетмейстеруудын удирдлаган дор дүр бүтээж байсан байна.
Д.Үржинбадам
Сэтгэгдэл ( 0 )