Шведийн нийслэл Стокольм хотноо 1972 оны энэ өдөр байгуулагдсан поп хөгжмийн домогт хамтлаг “АББА” өнөөдөр 44 нас хүрч байна. Хамтлагийн хувьд Анни Фрид Лингстад, Бьорн Ульвеус, Бенни Андерсон, Агнета Фельтског нарын гишүүдээс бүрддэг байв.
1972-1983 оны хооронд дэлхийн урлагт хайртай залуусыг өөрсдийн хоолой, өнгө төрхөөрөө дагуулахуйцаар идэвхтэй хөдөлмөрлөж байсан бөгөөд тэд өөрсдийн уран сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог байжээ: АББА дэлхий даяар 375 сая хувь хуурцаг борлуулсан гэх амжилтаараа дэлхийн шилдэг амжилтыг үзүүлсэн бөгөөд тэдний "Gimme Gimme Gimme A Man After Midnight", "Money Money Money", "Mamma Mia", "Dancing Queen", "Happy New Year" зэрэг маш олон сайхан уянгалаг дуунууд нь өнөөг хүртэл дэлхийн хүн бүрийн аяладаг дуу болсон билээ.
Хамтлагийн гишүүн Бенни Андерсоний хувьд 18 настай байхаасаа залуу рок хөгжмийн “Тhe Hep Stars” хамтлагийн гишүүн байжээ. Тухайн үедээ Шведийн Битлз гэгдэж байсан хамтлагийн даралтат хөгжимчингөөр тоглодог байв.
Харин Бьорн Ульвеус нь хөгжмийн урлагийн замналаа мөн л 18 настайгаасаа “The Hootenanny Singers” хэмээх ардын хөгжмийн хамтлагт дуучин, гитарчингаар эхлүүлж байсан байна. “The Hep Stars” хамтлагтай тус хамтлаг хэд хэдэн удаа хамтран аялан тоглолт хийж байсан ба тухайн үеэс Андерсен, Бьорн нар хамтран "Isn”t It Easy to Say" дуунаас авахуулаад хэд хэдэн дууг зохиож, “The Hep Stars” хамтлаг сонсогчиддоо хүргэж байв.
1969 Бьорн Ульвеус хувийн амьдралдаа анхаарах болсоноор хамтлагийн бүрэлдэхүүнээс гарсан юм. Тэр Агнета Фельтскогтай гэр бүл болжээ. Андерссоны хувьд ч 60-аад оны сүүлээс бие даасан уран бүтээл гаргах болов.
Агнета Фельтског нь 17 настайгаасаа эхлэн авъяаслаг уран бүтээлч болохыгоо өөрийн зохиосон дуугаагаараа Шведийн ард түмэнд харуулсан бүсгүй бөгөөд бие даасан таван цомог гаргажээ. Фельтског 1973 онд “Jesus Christ Superstar” кинонд хэмээх тоглож чамгүй жүжигчний авьяастай болохоо харуулж байжээ. 1968 онд телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ нөхөр Бьорн Ульвеустай танилцсан түүхтэй. Тэд 1971 онд гэрлэсэн ба тухайн үедээ хамтран дуулах болж, "Som jag дr" ("As I Am") дуугаа Андерсен болон Лингстад нарын хамт дуулж үзжээ.
Анни Фрид Лингстад 13 настайгаасаа бүжгийн хамтлагт дуулж, бүжиглэж ирсэн бөгөөд хожмоо “Анни-Фридийн дөрвөл” хэмээх хамтлаг байгуулан олонд танигдаж байжээ. "En ledig dag" ("A Day Off") дуугаараа үндэсний дууны шалгаруулалтанд түрүүлж байсан тэрээр Шведийн алдартай дуу бичлэгийн “EMI” хэмээх студитэй гэрээ байгуулан хамтран ажиллах болсоноор төдийлөн олноо танил болж амжаагүй Лингстад телевизийн тоглолтын цаг булангаар эчнээ танил болж, улмаар АББА хамтлагийг 1972 онд байгуулагдахад арын вокалистаар орж байсан түүхтэй.
Хамтлагийн анхны хоолойн бичлэг "Hej, gamle man" хэмээх хуучны дуу байжээ. Тэдний 15 долоо хоногийн турш хит дууны жагсаалтыг тэргүүлж байсан байх юм. Ингээд удалгүй "People Need Love" дууг дуулж, Бьорн ба Бенни, Агнета ба Анни-Фрид синглийг гаргажээ. Дараа нь буюу 1972 оны есдүгээр сарын 26-нд хамтлагийн хоёр эмэгтэй нь гоцлон "Nina, Pretty Ballerina" дууг дуулсанаар хамтлаг цаашдаа хоёр эрэгтэй нь вокал хийх шийдэлд хүрсэн гэдэг.
1973 он, хамтлагтай Стиг Андерсон гэх менежертэй болсон байсан ба түүний хичээл зүтгэлээр "Ring Ring" дууны нь нэрээр нэрлэгдсэн анхны цомгийг хэвлүүлжээ. Тус цомог хамтлагт хангалттай амжилтыг авчирсан юм.
Хамтлагийн менежер Стиг Андерсон хамтлагт нэр өгөхдөө "Алибаба," "ФАББ," болон "Баба" гэх хэд хэдэн саналыг гаргаж ирсэн ч "АББА" хэмээх нэрийг хамтлагийн гишүүдийн нэрний эхний үсгээс санаа авч хийсэн түүхтэй: Агнета, Бьорн, Бенни болон Анни-Фрид. Энэ хооронд Агнета, Ульвеус нар болон Лингстад, Бенни нар гэр бүл болсон юм.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )