ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, Ландшафтын архитектурын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Ландшафтын архитектур-2016” үзэсгэлэн /12-р сарын 21, 22/ Хатан туул театрт болж байна. Тус үзэсгэлэнд оюутнууд архитектурын график, зохиомж, уран зураг, ландшафтын дизайны хослол зохиомж, архитектурын төсөл, ландшафтын урлаг, хот суурин цэцэрлэгжүүлэлт, орон сууцны барилгын дизайн, өнгө судлал зэрэг мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийсэн бүтээлээ дэлгэсэн юм.
Оюутнууд орон сууцны хороолол, хаус, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт барилга байгууламжийн гайхамшигт санаа, шинэлэг шийдэл агуулсан ландшафтын бүтээлээ үзэсгэлэнд дэлгэжээ. Түүнээс гадна уран зураг, монументал чимэглэл болон тонно, “усан байгууламжийн урлал”, “содон хөшөө” зэрэг бүтээл олны сонирхолыг татаж, дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн мэт сэтгэгдэл төрүүлж байв.
Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь 0,7 га газрын ландшафт төлөвлөлт аж. Зөвхөн энэ чиглэлийн 43 бүтээл давтагдахгүй хувилбараар байгаа гэв. Иргэн хэн ч гэсэн 0,7 га газартаа дээрх ландшафт төлөвлөлтөөс сонгон хувийн орон сууц, амьдрах орчноо бүтээн байгуулах боломжтой юм.
Мөн энэ үеэр оюутнууд мэргэжлийнхээ олон талаар хөрвөх боломжтойг хэлж байлаа. Тухайлбал, хот төлөвлөлт, байгуулалт, барилга, ногоон байгууламж, засал чимэглэл, соёл урлагийн салбарт ажиллах боломжтой гэлээ.
ХААИС дээрх чиглэлээр мэргэжилтэн бэлтгээд 17 дахь жилдээ сургалт явуулж байгаа бөгөөд өдгөө 200 гаруй оюутан суралцаж байна. Үзэсгэлэнгийн үеэр шилдэг оюутан, баг хамт олныг шалгаруулж, шагнал гардуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )