Орос-Зөвлөлтийн кино урлагийн түүхэнд АНУ-д хүлээн зөвшөөрөгдөж, Академийн шагнал хүртсэн гурван найруулагч бий. Тэд бол алдарт Сергей Бондарчук (“Дайн ба энх” 1969), Владимир Меньшов (“Амьдрал нулимсанд дургүй” (1981), Никита Михалков (“Наранд зүдрэгсэд” 1995) нар юм. 1943 онд Оскав авсан “Москва хариу цохилт өглөө”, 1976 онд “Оскар” авсан “Дерсу Узала”-г энд дурьдаж болох ч нэг нь баримтат кино, нөгөө нь ерөнхий найруулагчаар нь япон хүн ажилласан байдаг юм. Бид “Алдартан” булнгаараа дамжуулан дээрх гурван уран бүтээлчийн ярилцлагыг цувралаар хүргэхээр бэлтгээд байгаа юм. Ингэхдээ монголчуудад хамгийн сайн мэддэгээр нь “Амьдрал нулимсанд дургүй” найруулагч В.Меньшовоор эхлүүлж байна.
Эдүгээ нас сүүдэр 77 хүрсэн ч уран бүтээлээ орхиогүй яваа (2015 онд тав, энэ жил хоёр кинонд тоглочихоод буй) энэ эрхэм хүн жүжигчний хувиар 100 гаруй киноны гол болон туслах дүрд тоглож, ердөө тавхан кинонд найруулагчаар ажилласан ч Оросын ард түмэн түүнийг жүжигчин гэхээсээ илүү агуу найруулагч гэж үздэг юм.
Бүтэн нэр: Владимир Валентинович Меньшов
Төрсөн он: 1939 оны есдүгээр сарын 17
Төрсөн газар: Баку, Азербайжан
Гавьяа шагнал: ОХУ-ын Ардын жүжигчин (1991), Америкийн кино Академиас олгодог “Оскар” болон Олон улсын наадмуудаас шагнал хүртэж байжээ.
Найруулагчийн ажил: “Надууш хаана байдаг вэ”, “Хайр ба тагтаанууд”, “Амьдрал нулимсанд дургүй”
-Кино урлагтай хэрхэн холбогдсон түүхээ ярьж өгөөч?
-Тэр үед би кино хийхийн л бөөн хүслэн. Би Кино урлагийн дээд сургуульд анхны оролдлогоороо орж чадаагүй юм шүү дээ. Дунд сургуулиа мөнгөн медальтай төгссөн би уралдаант шалгалтдаа уначихаад төрөлх Астраханьдаа ирж усан цэргээр ажилласан. Эцэг маань усан цэрэг байсан болохоор далай надад ойрхон санагддаг байсан юм. Дараа нь токарьчин болж, сүүлд Воркутад очиж уурхайчин ч хийсэн. Гэсэн ч энэ хугацаанд хэзээ нэгэн цагт урлагт хүчээ сорино гэсэн багын мөрөөдлөө орхиогүй. Бага байхад манайх телевиз худалдаж авснаас хойш би “Телевизээр гардаг хүн болно” гэж мөрөөддөг болсон юм л даа. Дөрвөн жил “төөрч” явсны эцэст 1961 онд мөрөөдөл болсон сургуульдаа элсдэг юм байна. Улмаар кинонд тоглож, багынхаа мөрөөдлийг гүйцээлээ. Гэтэл надад найруулагчийн ажилд хүчээ сорих шинэ мөрөөдөл бий болсон байлаа. Хэдийгээр цөөн кино найруулсан ч хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байдаг аа.
-“Амьдрал нулимсанд дургүй” киноны дүр сонголт одоо ч найруулагчдын дунд үлгэр жишээ болж яригддаг. Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Гурван найз бүсгүйн тухай өгүүлдэг Валентин Черныхын зохиолоор хийсэн кино шүү дээ. Киноны гол дүр Катеринагийн дүрд тоглох саналыг эхлээд Ирина Купченко, тухайн үед ид нэрд гарч байсан Маргарита Терехова нарт тавьсан ч хоёулаа татгалзсан. И.Купченкод зохиол таалагдсангүй, харин Маргаритагийн хувьд “Шадар гурван цэрэг” киноны гол дүрийг илүүд үзсэн л дээ. Ингээд Валентина Теличкина, Наталья Сайко, Вера Алентова нар дээр тогтсон. Гэхдээ тэдний хэнийг сонгох нь эрэгтэй гол дүр буюу Гошагийн дүрд тоглох жүжигчнээс хамаарч байсан юм. Би Гошагийн дүрд эхлээд Виталий Соломныг тоглуулахаар пробонд авч явж байлаа. Надад ч тоглох боломж байсан. Гэтэл нэг удаа гэртээ орж ирээд зурагтаа асаатал Алексей Баталовын тоглосон кино гарч байхыг хараад “Яагаад А.Баталов байж болохгүй гэж” гэж бодсон. Жаахан анхааралтай ажиглаад би хайсан хүнээ олчихлоо гэж өөртөө хэлсэн дээ. Пробын үеэр В.Соломин Н.Сайко нар муугуй зохицож байсан ч Гошагийн дүр өөрчлөгдсөнөөр хамтрагчийг нь ч өөрчлөхөөс өөр арга байгаагүй. А.Баталовт хамгийн сайн тохирох хос нь Вера байсан.
-Александрагийн дүрд Наташа Вавиловаг яагаад сонгох болов оо?
- Александра бол зовлон үзээгүй, амьдралын баяр баясгалангаар дүүрэн охины дүр. Миний найруулсан “Сугалаа” кинонд залуухан, авьяаслаг жүжигчдийн бүхэл бүтэн “баг” тоглосон юм. Тэр үеэс Наташаг мэдэх болсон болохоор “Амьдрал…”-д тоглуулна гэж эхнээсээ шийдчихсэн байлаа. Киноны зураг авалт эхэлчихсэн явж байхад Александрагийн дүрд тоглох хүн тодорхойгүй л байлаа. Би залуу хүүхэд юм болохоор нь шууд л зөвшөөрнө гэж бодож байсан юм. Гэтэл харин нөгөө “хүүхэд” чинь татгалзаж гайхшийг минь бардаг байгаа. Би бүр ятгаад, гуйгаад бараагүй. Аав ээж нь ч кинонд тоглуулах дургүй. Аав ээж нь түүнийг Олон улсын харилцааны дээд сургуулийн уралдаант шалгалтад оруулахаар бэлтгэж байсан юм билээ. Гэр рүү нь ярихаар харилцуурыг эцэг эх нь л аваад “Үгүй” гэж хэлнэ. Тэгээд Александратай хэсгийн зураг авалт дөхчихсөн сандарч байх үед гэнэт надад Натальягийн гэр рүү А.Баталовыг явуулах санаа төрсөн юм. Энэ уулзалт амжилттай болсон шүү. Супер од гэрт нь орж ирээд охиныг нь жүжигчин болно гэж хэлэхэд ямар аав ээж татгалзах билээ? Эцэст нь, Наталья Александрын дүрд тоглохоор болсон. Түүгээр ч барахгүй Олон улсын харилцааны биш, Москвагийн театр урлагийн дээд сургуульд орж жүжигчин болсон юм даа.
-Шинэ кино “Оскар”-ын шагнал авахыг мэдээд тоглохоос татгалзсан жүжигчид харамссан л байх даа тийм үү?
-Энэ бол харьцангуй ойлголт шүү дээ. Жүжигчин өөрчлөгдөхөд кино тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Тийм учраас бид хоёр дүрийн сонголтын талаар ярилаа шүү дээ.
-“Оскар” авснаа хэзээ мэдсэн бэ?
-Надад зүгээр л утасдаж хэлсэн шүү дээ. АНУ-ын ЭСЯ-наас ярьж байна. Таны кино Америкийн кино академийн “Гадаадын шилдэг кино” шагналыг авахаар болжээ гэсэн. Тэр өдөр нь “Тэнэгүүдийн өдөр” (Инээдмийн өдрийг оросууд ингэж нэрлэдэг аж) байж таарсан болохоор эхлээд итгээгүй. Харин “Оскар” дөнгөж эхлэл байж, өөр олон оронд шагнал гардсан шүү. Эхнэр маань Испани руу явж байгаад улс төрийн асуудалд орж байсан ч удаатай. “Голсон юм голд орж, шилсэн юм шилд гарна” гэдэг шиг анхандаа нүд үзүүрлэгдэж байсан миний муу киног ингэж үнэлсэнд нь баяртай байдаг аа.
-Нүд үзүүрлэх гэнэ ээ?
-Тэгэлгүй яах вэ дээ. Тэр үед бүх кино урлагийн зөвлөлөөр орж, шалгуулдаг дүрэмтэй байлаа. Би ч овоо сайн бүтээл хийсэн гэж маадгар суутал эхний үзлэгээс нэг цаг, 45 минут болоод гарч ирэх нь тэр. Хоёр цаг, 30 минутын киног ингэж хасна гэдэг “алж” байгаагаас ялгаагүй юм. Тэр ч бүү хэл олон нийтэд үзүүлэхгүй байж ч мэдэхээр байсан гэж байсан шүү. Харин азаар Леонид Ильич өөрөө үзээд бүтнээр нь гаргахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ хөрөнгөтөн оронд гаргахдаа “социалист” нийгмийн сул талуудыг харуулсан байж болох хэсгүүдийг нь хасч гаргадаг байсан түүхтэй.
-Кино бүтээгдээд 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийгэм хувирч бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн байна. Зөвлөлт засгийн үед хүмүүс эрх чөлөөгүй ч ирээдүй нь баталгаатай байсан. Харин одоо эсрэгээрээ болоод байна. Таны хувьд баталгаатай ирээдүй, эрх чөлөө хоёрын аль нь чухал вэ?
-Тэр үед эрүүл мэнд, боловсрол, орон байр үнэгүй байсан ч энэ бол нийгмийн том ухралт байсан гэж боддог. Одооны хүмүүсээс 70-аад он руу буцаад тайван амьдрах уу, эндээ үлдэх үү гэвэл ихэнх хүн энэ цаг үедээ үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөнгө олох, амьдрахад амаргүй болсон ч тэр чинээгээр сонирхолтой болсон гэж боддог.
-Мөнгө гэснээс, одоо шинэ кино гарах болгонд л хэр сайн бүтээл болсон гэхээсээ илүү хичнээн мөнгө олсныг чухалчилж мэдээлдэг болж. “Амьдрал нулимсанд дургүй” кино зардлаа 100 нугалж олсон гэлцдэг?
-Хагас сая рублиэр бүтээгдсэн ч дэлгэцэнд гарсан эхний жилдээ л 50 сая рубль олж байлаа. Дараагийнхаа жилд ч сая гаруй хүн үзсэн гэсэн тооцоо байдаг юм. Хоёр жил гаруй телевизэд шилжээгүй гээд л бод. Миний киноны өмнө “Чамайг даа” хүүхэлдэйн кино л орсон байдаг юм. Зөвхөн “Амьдрал…” ч биш “Хайр ба тагтаанууд”, “Надууш хаана байдаг вэ” ч багагүй амжилт олж байлаа.
-Ийм мундаг кино найруулсан хүн чинь шагналыг ч авах шиг болсон байлгүй. Нууц биш бол та “Амьдрал…”-ыг хийгээд хэдэн рубль авсан бэ. Дор хаяж саяыг авсан байлгүй?
-Үгүй дээ. Бид мөнгөний төлөө биш, нэр алдрын төлөө кино хийдэг байлаа шүү дээ (инээв). Тухайн үед шинэ гарсан киног дор хаяж 17 сая хүн үзэх ёстой гэсэн босго байсан. Харин “Амьдрал…” хоёр долоо хоногийн дотор л тийм хэмжээний үзэгчдийг цуглуулаад цаашдаа ашиг олж эхэлсэн юм. Би найруулагч, кино зохиолыг бичсэний хувьд 100 мянгыг авсан. Энэ бол мөнгөний ханш одоогийнхтой адилгүй байсан тэр үед үнэхээр маргаангүй, их мөнгө байсан.
-Мөнгөтэй болоод хамгийн түрүүнд орон сууц авсан уу?
-Аз болоход би байртай болчихоод байсан. Москвагийн Олимпийн тосгонд гурван өрөө байр өгсөн шүү. Тийм болохоор “Волга” авч унасан. Бусад мөнгөө найз нөхөдтэйгээ зугаалаад, хүлээн авалт гэх мэтийн зүйлд “үрсэн”.
-Та их олон кинонд тоглосон. Мөнгө хэр олдог байв?
-Жүжигчин, найруулагчийн аль алинаар ажиллаж байсан болохоор би овоо авьяаслаг юм шиг байгаа юм. Мөнгөний тухайд гэвэл, мэдээж найруулагч хийснээсээ илүү мөнгийг олсон.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 3 )
Ix saixan kino shyy xezee ch uidaxgyi Setgyylchee niitlelee bichixdee zev bichgiin dyrmiin aldaagaa sain xyanaj baigaarai
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
uneheer goy kino shu