Миссисипи мужид төрсөн ихэр хөвгүүдийн нэг нь Элвис Пресли байлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

1935 оны энэ өдөр Миссисипи мужийн Тьюпело хотын ядуу, сүсэг бишрэлтэй айлд “Рокн ролл”-ын хаан Элвис Аарон Пресли мэндэлжээ. Сүмийн найрамал дууны хүүхэд, сургуулиа төгсөөгүй жаал хүүгийн амьдралын зам тийм  ч дардан байсангүй. Тэрээр ачааны машины жолооч, цахилгаанчийн туслах хийж байгаад рокн роллын хаан нь болсон юм.

Пресли өөрийн дуучны замналаа 1953 онд эхэлж, кантри, ритм энд блюзийг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгож эхэлжээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан тэрээр тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай авъяасаараа ихэд алдаршсан юм.


1960-аад онд Пресли өөрийн 31 киноны ихэнхийг бүтээсэн бөгөөд тэдний ихэнх нь санхүүгийн хувьд ихээхэн амжилттай мюзиклууд байв. 1973 онд Пресли анх удаа хиймэл дагуулын тусламжтайгаар олон оронд шууд дамжуулсан концертоо тоглож (Aloha from Hawaii), түүнийг нь дор хаяж 1 тэрбум хүн шууд үзсэн тооцоо байдаг.

Преслийн анхны сингл “Heartbreak Hotel” нь 1956 оны нэгдүгээр сарын 10-нд бичигдсэн байна. Тэрээр хөгжмийн түүхэнд хамгийн амжилттай, хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг юм. Элвис зүрхний өвчин, мансууруулах бодисын дон болон бусад шалтгааны улмаас дөнгөж 42-хон насандаа нас баржээ.Түүний үйл хэргийг ганц охин Лиза Мэри Пресли гүйцээж байгаа юм.

ТҮҮНИЙГ “ЭЛВИС ПЭЛВИС” ХЭМЭЭН НЭРЛЭЖ, ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙВ


Ихэнх хүмүүс Элвис Преслийг шөнө бүрийг шүтэн бишрэгч бүсгүйчүүдтэйгээ өнгөрөөдөг байсан гэж боддог байх. Үнэн худлыг мэдэхгүй ч эмэгтэйчүүдийн харцыг булаасан энэ эрийн хувийн амьдрал тийм ч сайхан байгаагүй ажээ.

Преслигийн гуяа хөдөлгөдөг солиотой гэмээр бүжиг нь түүнийг дэлхий даяар алдаршуулсан байдаг. 1956 онд тухайн үеийн хамгийн алдартай гэгддэг байсан Эд Салливаны нэвтрүүлгээр энэ хөдөлгөөнөө хийхэд нь зарим дэг журамтай хүмүүс ихээхэн шүүмжилж байв. Хуучинсаг үзэлтнүүд түүнийг “Элвис пэлвис” хэмээн нэрлэж, дургүйцлээ илэрхийлж байжээ. (рelvis англи хэлнээс аарцаг, сүүж гэсэн утгатай). Анх Эд Салливан түүнийг шоундаа оруулахгүй гэж байсан ч, хэд хэдэн удаа шууд нэвтрүүлэгтээ оруулсныхаа дараа Элвис Преслийг тун боловсон, соёлтой залуу гэх болсон аж.

Элвис 1955 онд болсон нэгэн тоглолтынхоо үеэр “Охидоо би та нарыг тоглолтын дараа тайзны ард хүлээж байя” хэмээн орилж байсан нь шоу бизнесийн ертөнцөд багагүй шуугиан тарьжээ. Дуучны тухай тааруу зүйл олон бичсэн байдаг ч үнэн хэрэгтээ огт хүүхэмсэг, завхай хүн байгаагүй гэж түүний экс найз бүсгүй, сэтгүүлч Жуди Спекельс нотолж байв. Тэд 1954-1955 онд болзож байсан бөгөөд “Бид лимузинээр аялж, эдлэн газарт нь морь унаж, тэврэлдэн явдаг байлаа. Гэхдээ бидний хооронд дотно харьцаа байгаагүй. Би охин биеэрээ харин Элвис бүрэг ичимхий байсан юм. Тэр надад нууцаа ярьж, надад итгэдэг байсан учраас одоо ч би түүний нууцыг дэлгэхгүй” гэж ярьж байжээ. Элвис, Жуди хоёр дуучны амьдралын сүүлийн өдрүүд хүртэл сайхан найзууд байв. 1970-аад онд Лас-Вегаст болсон тоглолтынхоо үеэр Элвис Жудиг хараад тайзнаа урьж, цугласан олонд танилцуулж байсан гэдэг.

ЭЛВИС ПРЕСЛИГ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТСАНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСАЖ БАЙЖЭЭ


1958 оны гуравдугаар сарын 24-ний өдөр домогт дуучин Элвис Пресли Арканзас мужийн захиргаанаас цэргийн албанд татагджээ. Тэр үед Преслиг цэрэгт явсан мэдээллийн дагуу олон залуус эсэргүүцлээ илэрхийлж, түүнийг армиас чөлөөлөхийг шаардсан захидлуудыг АНУ-ын Ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний командлагч нарт ирүүлж байсан аж. Гэвч Элвис Пресли цэрэгт явснаараа өөрийнхөө нэр хүндийг залуусаас бусад хүрээнийхний дунд ч өсгөж, цэрэг татлагад олон залуу сайн дураараа бүртгүүлэх эх үндсийг тавьсан байна.

Техас мужийн Форт Худ дахь бэлтгэлийнх нь дараагаар буюу 1958 оны намар Элвисийг Хойд Германд байдаг 3-р танкийн салаа руу явуулжээ. Тэнд алба хаах хугацаандаа Элвис нь Парисын Кабаре-д очих, Италиар аялах, автомашин худалдаж авах, студид дуу бичүүлэх зэрэг бусад цэргүүдийн хувьд боломжгүй зүйлсийг хийж байсан аж.

Домогт дуучин Пресли тусдаа өрөөнд, найзуудтайгаа хамт амьдардаг байжээ. Тэр үед найзууд нь нэгэн үдэшлэг дээр Элвисийг 14 настай Присцилла Болтетэй танилцуулсан нь хожим попын хааны гэргий болсон байна. Присцилла Болие нь америк цэргийн баазад албан үүрэг гүйцэтгэж байсан офицеруудын нэгний охин байжээ.


Хүрэн үстэй, эрчүүдийн харцыг булаасан, эрхэмсэг гэмээр тэр бүсгүйг тухайн үед 14-хөн настай байсныг ихэнх хүмүүс гадарлаагүй аж. Харин Элвис Пресли түүнээс арван насаар ах байжээ. Дуучны амьдрал тухайн үед шуугиан тарьж байсан “Лолита” романд гардаг 14 настай охинд дурласан профессор эрийн амьдралыг санагдуулам байсан гэдэг.

1960 оны гуравдугаар сарын 2-нд Элвис Пресли АНУ-д эргэн очжээ. Тухайн үед эх оронд нь түүнийг шүтэн бишрэгчид болон хэвлэлийн бага хурал хүлээж байж. Ингээд гуравдугаар сарын 5-ны өдөр тэрээр бага түрүүч цолтойгоор цэргээс халагдсан аж.

Дашрамд өгүүлэхэд Элвис Пресли ихэр байсан бөгөөд ах Жесс Гарон Пресли нь түүнээс 35 минутын өмнө төрсөн аж. Гэвч ахынх нь тухай мэдээлэл нууцлаг байдаг юм. 

О.Анир


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top