Яруу найрагч бүсгүйчүүдийн дунд өвөрмөц, сэтгэлд үлдэхүйц уран үгстэй мөртүүдээрээ өөрийн байр сууриа хэдийнэ эзэлсэн Р.Эмүжингийн “Чи дэндүү зөрүүд юм” шүлгийг эрхэм уншигчдадаа дэлгэж байна.
Зүс танихгүй залуу шиг
Зөрүүд үгсийг
Зүг мэдэхгүй салхи шиг
Зөрүүд аашийг
Зөндөө удаан хүлээлгэдэг
Зөрүүд намайг
Хайрласан гэж бодохоор
Чи дэндүү зөрүүд юм * * *
Сайхан эрчүүдэд би
Харамгүй дурладаг
Санаа даган сэтгэл бөмбөчөөд
Хайртай юм шиг болчихдог
Хажуугаар зөрөхөд нь эргэж хараад
Хачин ихээр гуничихдаг
Халгаж хэлсэн үгийг нь сонсоод
Харцаа нуудаг
Өнгө зүсэнд минь шунаад
Өлмийд ойчиход нь
Сэтгэл ханадаг
Тэвэрт нь тэрлэгээ үнгүүлэн
Тэнэглэж жаргахдаа
Хацар улайчихдаг
Харьж явахдаа харин
Ханиа л санадаг
Сайхан эрчүүдэд би
Харамгүй дурладаг
* * *
Уруулын чинь хэлбэрийг
Нулимсаараа урлая
Уучлал гуйсан харцыг чинь
Нулимсаараа зуръя
Урваснаа нуусан үгийг чинь
Нулимсаараа элээе
Уурлахдаа гаргасан аашийг чинь
Нулимсаараа зөөллөе
Уйлахаа больчихвол надаас
Юу ч битгий хүлээгээрэй
Яруу найрагч Р.Эмүжин
Сэтгэгдэл ( 0 )