2007 оноос хойш жилд хоёр цувралаар гарч байгаа энэ нэвтрүүлэг дэлхийн хамгийн алдартай шоунуудын нэг болж чаджээ. Жишээлбэл, манайд л гэхэд NTV телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргээд нэлээд хугацааг үджээ. Мөн “Зөн билгийн тулаан” шоуны ялагч Виктория Райдос, Мохсем Норузи, шилдэг оролцогч Мехти Ибрагеми нар Монголд ирж байсан түүх бий. Энэхүү нэвтрүүлэг хэрхэн хийгддэг, тайзны ард юу болдог тухай нууцыг Аферизм сайт дэлгэжээ.
Зөн билэгтнүүдийг хэрхэн шалгаруулж оролцуулдаг вэ?
Шоуны экс оролцогчид болон, шинжээчдийн дүгнэж буйгаар, “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг нь “Далдыг харах” бизнес хөгжин цэцэглэх гол төсөл болоод байгаа ажээ. Цуврал бүрийн өмнө оролцогчдыг бүртгэдэг. Өөрийгөө мэргэч, төлгөч, үзмэрч, засалч хэмээн нэрийдсэн хэдэн зуун хүн эхний шатанд бүртгүүлж, ямар гоц авьяастай болох, далд ертөнцтэй ямар холбоотой байдаг, ямар зан авир, дадал заншил, эрүүл мэндтэй зэрэг хэдэн арван асуултыг ардаа орхиж, шүүгдсээр эцсийн шатанд 10-12 хүн тунаж үлдэнэ. Эдгээр оролцогчдоос 1-2 нь л жинхэнэ гоц авьяастан, 2-3 нь “Дэмжээд өгвөл явахаар”, бусад нь хоосон жүжиглэгч этгээдүүд байдаг байна.
Сүүлийнх нь гарцаагүй ялагдах тавилантай ч эхлээд шоуг бүтээлцэх ёстой.
Хүчирхэгүүд нь үзэгчдийг бишрүүлэхээс гадна туршилтын үед хамгийн хэрэгтэй мэдээллүүдийг өгч чадах учир хэрэг болно. Харин тэдний мэдээллийг хожим шоуны зохион байгуулагчид өөрийн талын хүмүүсийн амжилт мэтээр харуулдаг аж.
Хүмүүс голдуу Хууль сахиулах байгууллагын хүч хүрэхгүй байгаа хэргийн талаар асуудал тавьж, зөн билэгтнүүдийг эцсийн найдвараа хэмээн горьдлого тээн ирцгээдэг. Энд далдын хүчний нөлөөллөөс эхлээд хүн амины хэрэг гээд маш олон янзын түүх бий.
Зөн билэгтнүүдэд өгдөг нууц зөвлөгөө:
Дэлгэцээр харвал тэд үнэхээр мундаг. Газрын зураг дэлгэмэгц л, заримдаа байшингийн булан тохойг лаагаар гэрэлтүүлж хараад л, эсвэл хохирогчдын эд зүйлсийг барьж үзмэгцээ ид шидийн хүчийг мэдэрч байна хэмээн ярьж гарна. Хэрэгтний мөрөн дээр тийм шивээс байсан, хохирогч эндээ ийм мэнгэтэй байсан гээд л …
Харамсалтай нь, энд ид шид огт байдаггүй аж.
Жинхэнэ зураг авалтаас хэд хоногийн өмнө зохион байгуулагчид наашаа ирж оролцогчидтой уулздаг байна. Тэд хохирогчийн талаас жинхэнэ байцаалт авна. Тэр багадаа ямар хүүхэд байсан, зан ааш, хаана яаж алуулсан, сэжиглэж байгаа хүн бий эсэх, хэзээ, хаана, ямар байдлаар алга болсон, таамаглал бий юу, хүмүүс юу гэж ярьцгааж байна гэх мэтээр бүх талаас нь асууж судлаад, орчин тойрон, гэрэл зураг, орон байрыг нь сайтар үзэж хараад зогсохгүй, хөршүүд, найз нөхөд, гэрчийн этгээдүүдтэй ч уулздаг байна. Дараа нь зөн билэгтнүүдийн хамтаар дахин ирэхдээ анх ирж буй мэтээр жүжиглэн хүмүүстэй ганцаарчлан ярилцаж байгаа маягаар нэвтрүүлэгт гардаг.
Жинхэнэ гоц авьяастнууд энэ үед л тэдний мартсан, эсвэл анзаараагүй орхисон баримтуудыг гаргаж ирэх нь олонтаа. Энэ бүхнийг тэмдэглэж аваад барианд “Орох буюу оруулах” хэрэгтэй байгаа зөн билэгтнүүдэд зориулсан хөтөлбөр бэлтгэгддэг аж. Үнэхээр хүчтэй үзмэрч яг зураг авалтын үеэр чухал мэдээлэл хэлж орхивол тэднийг яаж ийгээд л дунд хавьд оруулахыг чармайна. Мэдээлэл авах зав зайтай, зарим нь микро чихэвчтэй, “Арын хаалганы” зөн билэгтэн нэвтрүүлгийн төгсгөл үеэр тоглоомонд оролцоно. Зохион байгуулагчид дээрх чухал мэдээллийг тэднийх болгон харагдуулах, үгүй ядахдаа холилдуулах бүх аргыг хийдэг. Тэгээд ч аливаа юмны төгсгөлийг сайн тогтоодог, хүний хачирхалтай сэтгэл зүй байдаг шүү дээ.
Хохирогчдын гэр бүлийнхэн энэ талаар маш их гомдолтой байдаг аж.
Гэхдээ зөн билэгтнүүд үнэхээр тус болсон тохиолдол цөнгүй. 2010 онд хөгжимчин Сергей Звенигородскойг алсан хэргээр Виктория Санжаривец гэгч эмэгтэй жил шоронд суугаад зөн билэгтнүүдийн хүчээр суллагдсан билээ.
Монтажны нууц:
Нэг удаагийн нэвтрүүлэг нэг цаг 30 минут үргэлжилдэг. Цувралд оролцсон зөн билэгтэн Денис Шевченко энэ тухай “Эхний цувралуудад үнэхээр хэцүү байсан. Нэг байшинд оруулаад л ямар нэг юм өгөөд эзнийх нь тухай ярь гэдэг. Маш олон зөн билэгтэн, би ч гэсэн удаа дараагаар унасаар байлаа. Учир нь байдал одоогийнх шиг байгаагүй юм. Та нар лав анхаарсан байх, 9-р цувралаас эхлээд л зөн билэгтнүүд алдахаа бараг больсон шүү дээ. Нэг удаа Гордеев надаас “Та нарын нэвтрүүлгийг монтажилж, дахин зураг авалт хийдэггүй байсан юм уу?” гэж хачин зүйл асууж билээ. Би буруу зүйл хэлсэн бол залруулж дахин зураг авахуулах ёстой байсан юм шиг. Гэтэл дараа нь хамгийн хүчтэй зөн билэгтнүүдийн нэг нь “Нэвтрүүлгийг монтажилж, нэг хүний хэлсэн үгийг хэлээгүй болгох, эсвэл өөр хүн хэлснээр гаргаж болдог юм байна. Жишээ нь, нэг хүчирхэг зөн билэгтэн үнэхээр оролцогчдыг цочроосон баримт хэлэх юм бол, энэ хэсгийг хасч, хожим нь “Арын хаалганы” хүмүүсээ хэлсэн болгож гаргадаг юм байна” гэж ярьсан юм даа. Тэр цагаас хойш би нэвтрүүлгийг ч, өөрийгөө ч өөр нүдээр харах болсон.” Хэмээн ярьжээ.
Асуултын үнэ:
Хөтөлбөрийн багийнхны нэг нь нэрээ хэлэхгүй байхыг хүсээд “Арын хаалганы” зөн билэгтнүүдийг нэрлэсэн байна. Үүнд, хоёр удаагийн ялагч Хаял Алекперов, Алена Курилова нар, / Алена нь Ерөнхий найруулагчтай худ ургийн холбоотой гэсэн / Анна Гальерс, Илона Калдре, Максим Гордеев, Майя Дзедишвили / маш баян нөхөртэй / нар дурдагдсан байна.
Шүүхийн шинжээч Дубовик бас л энэ хүмүүсийг нэрлэж, “Хаял Алекперов, Анна Гальерс, Илона Калдре, Алена Курилова, Максим Гордеев, Жанна Шулакова нарт анхаарал хандуулбал зохино” гэсэн байна.
Ямар ч байсан энэ шоу зөн билэгтнүүдэд, ялангуяа цувралын дунд үе хүртэл тэссэн хүмүүст маш их алдар нэр, хөрөнгө мөнгийг авчирдаг.
Жишээлбэл, “Зөн билгийн тулаан”-ы тайзны ард Алекперовын хүлээн авах өрөөнд дугаарласан хүмүүс дараа жилийн дөрөвдүгээр сард орохоор нэрээ бичүүлж байжээ.
Үнэ нь 500$.
Виктор Александровскийн цагийн үйлчилгээ - $300, гэхдээ мөн л бичүүлж утсаар дуудтал нь хүлээнэ.
Максим Гордеев дээр орохын тулд долоо хоногийн өмнө захиалгаа өгч, 200 еврогоор үйлчлүүлнэ. Яаралтай бол дахин 50 евро нэмнэ.
Нэг үгээр хэлбэл “Зөн билгийн тулаан” нь ид шидийн бизнест нэвтрэх гайгүй сайн тийз болдог аж.
Хуурамч үзмэрчдийг хэрхэн таних вэ?
Ирсэн зорилго, асуудлаа л товч хэл. Мөн нэр, насаа хэлж болох юм. Хэрэв олон юм асууж шалгаагаад байвал хуурамч гэсэн үг. Ер нь та зөвхөн сонсогч л байх ёстой гэдгийг байнга санаарай.
Энэ бол хамгийн сайн шалгуур юм. Хэрэв асуултаас чинь зайлсхийж, ерөнхий зүйл яриад л, тодорхой баримт хэлж чадахгүй бол луйварчин байна гэж ойлго.
Тэд анагаах ухааны үндэст суралцсан байдаг тул таны нүүр царайны байдлаар зүрх, мэдрэл, ходоод гээд л ерөнхий онош тавьчихаж элбэгхэн дөнгөнө.
Хэн ч гэсэн бага зэрэг зөгнөх чадвартай. Ирээдүйгээс өөр юм хэлж чадахгүй байгаа бол та мэхлүүлэх гэж байна гэсэн үг.
Жишээлбэл, таныг далайн эрэг дээр байгааг харж байна гэж хэлж болох юм. Тэгвэл фэйсбүүк дэх зургийг чинь үзчихсэн гэсэн үг. Таны хувийн амьдралын талаар хэний ч мэдэхгүй зүйлийг хэлж чадсан зөн билэгтэнд л итгэх хэрэгтэй.
Ямар нэг зүйл асуугаад хариулаагүй байхад чинь л таны нүүрний хувирлаар ч юм уу, таасан үгүйгээ мэдчихдэг, үүнийгээ өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг улс. Тэгэхээр дуугүй бай, эсвэл мөрөө бага зэрэг хавччих гэж л зөвлөмөөр байна.
Тэгвэл таныг мэхлэхэд хэцүү байх болно. Гэнэн итгэмтгий хүмүүс л хариугүй жижиг зүйлд итгээд, өөрийгөө хуурахад гайгүй сайн нэмэр болдог юм шүү.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
3 hemjeest ertonts
mongoliin munhtengeriin shutleg nomer neg gedgiig zon bilegchid batlana