“Гунигийн дуу”-гаар эхэлсэн 28 дахь намар

2017 оны 01 сарын 31

Тэртээ 1989 онд Багшийн дээд сургуулийн урлагийн зааланд бие биенээ анх олсон залуусын нөхөрлөл 28 дахь жилтэйгээ учран золгожээ. Ард түмэндээ солгой хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нар энэ удаагийн “Андууд” булангийн зочид. Сайн муу, жаргал зовлон хосолсон хүний амьдралд тэд дэндүү олон нөхөдтэй байсан. Харин халгиж цалгисан, аархсан, гундсан амьдралын нугачаанд тэд одоо хоёулаа л үлдэж. Хэрвээ нөхөрлөл гэж “Би л чиний дэргэд байсан шүү” гэх бардамналыг хэлдэг бол хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр Н.Төмөрхуягтаа ихэрхэх эрхтэй.

Ярилцлага авахаар Н.Төмөрхуяг гуайнд зорин очвол хоймортоо Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хоёрын зургийг залжээ. Үүгээрээ “Бямбабаяр миний найз биш юм шиг байна уу” хэмээн асуух шиг болсон. “Гунигийн дуу”-гаа дуулж замд гарсан найзууд бартаа саадтай, дардан шулуун, өндөр уул, хад асгатай замыг хамтдаа хэрхэн туулсныг саатан болгооно уу.


-Анх танилцсан өдөр тань одоо ч тодхон санагдаж байгаа байх. Та хоёрын нөхөрлөлийг анх хэн холбож байв?

Б.Б: -Багшийн сургуулийн урлаг заал л болж таарах гээд байгаа юм.

Н.Т: -Намайг тэнд хэн дагуулж орсон гэхээр Ц.Чинзориг л байх. Бид 1989 онд Багшийн сургуулийн урлаг зааланд танилцсан. Би “Морин хуур” наадамд Ц.Чинзоригийн “Хорвоод ганцхан ээждээ” дууг дуулахаар хөдөөнөөс ирээд дууныхаа сургуулилалтыг хийхээр Багшийн сургууль дээр очихдоо анх танилцаж, тэрнээс хойш л гараад өгсөн дөө. Тухайн үед Бямбабаяр Багшийн сургуульдаа дөнгөж багшаар орчихсон байсан үед юм.

Б.Б: -Танилцахаасаа өмнө би Төмөрхуягийг мэддэг байсан. ОХУ-аас дөнгөж ирээд байхдаа радио сонсож байсан чинь манай хүн “Амьдрал хайр дээр тогтодог”-оо дуулж байна. “Нэг өнгөн дээрээ солгойрохгүй ингэж дуулдаг овоо гар байна даа” гээд бодоод явдаг байсан юм.

Н.Т: -Би ч Бямбабаярыг  хөгжим зохиодог гэдгийг нь гадарладаг байсан. Танилцсаныхаа дараахан Р.Чойномын “Гунигийн дуу” шүлгийн 10 бадгаас дөрвөн бадаг шүлгийг нь сонгоод ая хийлгэснээр бидний нөхөрлөл эхэлсэн түүхтэй.

Б.Б:-Төмөрхуяг шиг 1989 оны “Морин хуур” наадамд Ц.Чинзориг багшийн “Хорвоод ганцхан ээждээ”, Б.Магсаржавын “Зүрхний уяа” дуугаар оролцоход би чинь үзэгч байлаа шүү дээ.

-“Гунигийн дуу”-гаас хойш цөөнгүй уран бүтээл хамтран хийсэн байх. Хэд орчим бүтээл байна вэ?

Н.Т:-Монголын радиогийн фондод үлдээсэн нь их цөөхөн. Радиод бичүүлээгүй, цаана нь үлдсэн дуу нь түүнээс их. Надад зориулж хийсэн, надаар дуулуулж байсан дуунууд нь бүтэн концертоос ч илүү гарна.

Б.Б: -Ярьж сууж байгаад л нэг дуу гаргачихна. Нэг концертод нэг дуулаад л мартчихдаг. Их дуу бий дээ.

Н.Т: -Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Чингис хаан” хамтлагт орохоосоо өмнө хамтлагтай байсан юм. Нэг удаа бэлтгэл дээр нь ороод хоёулаа хэдэн дуу дуултал дуулсан дуу нь касет болоод дуулагдаад явж байсан гэж бодохгүй юу. Ямар ч бэлтгэлгүй, нэгийг нь ч дахин давтахгүй дуулсан. Энэ касет Дэнжийн мянгынхныг цөөнгүй жил хоногийн хоолтой нь залгуулсан байх шүү.

-Хамтын уран бүтээлүүд дотроос тань Л.Дагвадоржийн шүлэг “Өр өвтгөх юм бүхнийг дуул” дуу олонд их хүрсэн. Энэ дуугаа хэдэн онд зохиож байв?

Б.Б:-1992 онд зохиосон дуу.  

-Цаашид нөхөрлөхөд хүргэсэн адил төстэй зан чанар юу байсан бэ?

Н.Т: -Авьяас авьяасаа танина гэдэг шиг найз минь надад мэдрэгдэж, Бямбабаяр намайг мэдэрсэн дотор сэтгэлийн холбоо яах аргагүй байсан л байх.

Б.Б: -Ааш таарна гэж байхгүй. Төмөрхуягтай ер нь хэн ч таарахгүй, дэргэд нь тэсэхгүй. Муухай ааштай, хэдэр, зожиг гэж яана. Тэгэхдээ нямбай гэж айхтар шүү дээ.

Н.Т: -Ямар сайндаа манай аав намайг “Чи бол хүнтэй битгий хэл өөртэйгөө ч нийлэхгүй хүн” гэж байсан удаатай.

Б.Б: -Хүний эцэг хүн голыг нь олоод л хэлсэн байгаа юм. Би ч гэсэн нэг их сайхан ааштай хүн биш шүү дээ. Тэгсэн хэрнээ таараад л яваад байдаг юм. Хүн чинь сэтгэлийн амьтан юм болохоор дотоод сэтгэлээрээ л нийлж байсан юм болов уу даа. Бас урлагийн сайхан нандин зүйл л биднийг холбосон байх. Бэл бэнчин, шунаад байхад эд хөрөнгө, алдар цол эрх мэдэл гэж ямар бид хоёрт байх биш.

-Архитай нөхөрлөж явсан он жилүүд аль алинд нь бий. Хэрвээ нөхөрлөөгүй бол түүнээс илүү уран бүтээл туурвих байж дээ гэж харамсдаг уу?

Б.Б: -Би тэгж боддоггүй. Аливаа зүйл явах замаараа л явдаг. ОХУ-д Свердловскийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа хөөгдөөд ирсэн. Залуу насны зодооны хэрэг. Тэрэндээ ч би харамсдаггүй. Гуньж гутраад байх зүйл огтхон ч байхгүй. Хойноос ирээд Багшийн сургуульдаа багшлах гэсэн болдоггүй. Өвөр Жанчивланд хоёр жил багшилсан. Тэр үедээ ч гэсэн би харамсаж байгаагүй. ОХУ-ын хөгжмийн дээд сургуульд сураад яах ч байсан юм билээ. Юм сурах ч байсан юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Хөгжмийн зохиолчдын шандсыг сорьдог жилдээ ганц болдог “Морин хуур” наадмын гурван түрүү, 17, 18 айраг байна. Одоо ч уран бүтээлээ хийсээр л байна. Зарим хүмүүс “Бямбабаяраас одоо юм гарах уу” гэж ярьдаг гэсэн. Байгалийн өгөгдөл гэдэг чинь хүнээс үхэн үхтэл л гарна шүү дээ. Би ямар танхимын боловсролтой ядуухан хөгжмийн зохиолч байгаа биш. 

Б.Б: -Гэхдээ одооны залуус архи  ууж чадахаа больж. Тийм нэг хэн нэгнээс эмээсэн, бие биенээ яачих бол гэсэн бэртэгчин бодолтой. Хэлэх үгээ хэлсэн шиг хэлж, бүх юм нь сэтгэлийнх байсан тэр үедээ харамсдаггүй. Архи уух үеийн бүтээл цэвэр тухай үеийн сэтгэл хөдлөлөөр гардаг юм.

Н.Т: -Бямбабаяр би чамд сонин түүх ярья. Манай урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбо багш Хөгжмийн зохиолчдын хуралд яваад ирэхдээ чамайг бүр гайхаад ирж байсан юм. Д.Лувсаншарав багш илтгэл тавьж байсан чинь чи гаднаас халамцуу орж ирсэн гэж байгаа юм. Саарал кракул захтай пальтотой, булган малгай нь тал дээрээ. Тэгснээ

“Морин толгой Лувсаншарав минь

Монголын урлагийн Сталин минь” гэж агсам тавьсан гэж байгаа. Ц.Чинзориг, Н.Жанцанноров хоёр чамайг гаргасан гэсэн. Уг нь биднийг аялан тоглолтоор Хэнтийд явж байхад чамтай танилцаад чамайг хачин томоотой гэж итгэсэн байсан юм билээ.

Б.Б: -Тэр хоёр л гаргана л даа. Бусдынх  нь үгэнд орохгүй шүү дээ. Яг тэр үед авьяасандаа шатаж явсан гэдэг шиг л байсан юм. Бөх хүн бяр нь амтагдахаараа бүх хүн жаахан харагддаг гэдэг шиг аархаж явсан үе байхгүй юу.

Н.Т: -Би ер нь Төмөрхуягийн замыг их зөв залсан. Цэрэгт байхаасаа л сахилгажуулах бателонд алба хаасан хүнд нөхөр байлаа шүү дээ. Урлаг руу хорхойг нь хөдөлгөөд аваад явсан нь бидний үеийнхний гавьяа.  Урлаг руу гүнзгий оруулж амтлуулсан нь бид нар байхгүй юу. Урлаг ийм гоё хаяатай байгаа биз. Хүнийг ийм л сайхан аваад явдаг юм.

-Одооны дуучид, хөгжмийн зохиолчдоос тоож байгаа нь байна уу?

Б.Б: -Хүн хүний гайхалтай ертөнцийг манай дуучид, хөгжмийн зохиолчид гаргамаар байх юм. Бүгд л адилхан болчихсон санагддаг.

Н.Т: -Одооны дуучид яруу найраг гэж уншихаа больсон юм шиг байна. Яруу найраг нь ч гэсэн. Шүлэг хэлхээд байгаа бүхнийг яруу найрагч гээд байж болохгүй байх. Сонсоод сууж байхад гэнэт урьдны сайхан дуунуудын такт аялгуу орж ирээд гарах юм. 1960-аад намайг хүүхэд байхад ямар сайхан дуунууд гарч байв. Одоо тэгэхэд бүгд л адилхан. Гоц гойд ялгарах юм даанч алга. Одооны залууст нэг дуу дуулж клип хийлгээд тоглолтоо хийнэ гэсэн бодол л суучихсан байна.

-Хөдөө томилолтоор явж байсан тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу. Бямбабаяр гуай “Уургач хүрэн”-ээ дуулж явсан, үзэгч дүүрэн тоглолтынх нь тухай дурсамж их байгаа байх?

Б.Б: -Хэнтий, Дорнодоор Зил-130-тай, Наф гээд найзтайгаа гурвуулаа хамт явсан. Бид л Наф гээд нэр өгсөн болохоос биш жинхэнэ нэр нь Л.Баатарцогт. Наф маань тоглолтоо хөтөлнө, хошин урлагийн үзүүлбэр үзүүлнэ. Би касиогоо тоглож, Төмөрхуяг дуугаа дуулна. Эрдэнэтэд тоглолтоо хийж байхад нэг бүсгүй босч ирээд алчуураа зүүж өгч байсан. Миний хөөрхөн сайханд биш шүү дээ. Авьяасыг минь хүндэлж өгч байсан юм.

Н.Т: -Хөдөө тоглолтоор явж байхад хөгжилтэй юм их болно. Наф маань Хөвсгөлийнх. Дорнодын талд цагаан зээр анх хараад “Ямар хөөрхөн амьтан бэ. Малчин нь хаана байгаа юм” гэж  асууж байсан.  Хэрлэн голыг заагаад “Энэ Хэрлэн гол чинь хилийн наагуур тахийгаад танай Хөвсгөл далай руу цутгадаг шүү дээ” гэхээр “Аан тийм үү”  л гэж байгаа юм. Их хөгжилтэй. Нэг гараараа жолоогоо барихаар их айна. 80-аас дээш миллтэй яваад байхаар байн байн милл рүү өндөлзөөд л.

Б.Б: -Наф бид хоёр бол машин барина гэж байхгүй. Төмөрөө л машинаа барина. Ер нь аавын бие муудаагүй бол бид яваад л байх байсан шүү.

-Аялан тоглолтоор явахдаа багагүй мөнгө олдог байсан гэдэг. Бүр шуудайгаар нь олдог байсан гэж сонсож байсан?

Б.Б: -Шуудайгаар нь ч юу юм бэ. Гэхдээ олдог л байсан. Залуу байхад хураана, хуримтлуулна гэдгийг мэдэхгүй үрж явсан. Бидний залуугийн түүхүүд яриад байх ч хэцүү, ярихгүй байх ч хэцүү тийм түүхүүд бий.

Н.Т: -Мөнгө орох үедээ орж ирч л байсан. Гарах үедээ гарч л байдаг. Тоодоггүй байлаа даа.


-Та хоёрыг мандаж явах үед нөхдөөс илүү зүйл байхгүй байсан байх. Төмөрхуяг гуайг хэцүү үед түшиж тулж байсан гэдгийг тань хүмүүс ярьдаг юм билээ. 

Н.Т: -Бямбабаярыг ууж идэж явахад бэргэх хүмүүс нь бэргэж байсан. Зугтах улсууд нь зугтаж ч байсан. Надаас ч гэж зугтаж явах хүмүүс нь зугтсан л байдаг юм.

Б.Б: -Төмөрхуягт хэцүү үе байсан. Дэргэд нь би л байж таарсан юм. Явж чадахгүй байхад нь тэргэнцэр дээр түрээд эмчилгээг нь хийлгээд явдаг байлаа. Би өөрөө ч бие муутай. Бүүр нэг муудахад нь 40 гаруй хоног эмнэлгээр авч яваад овоо сайхан болгож авсан. 10 буудалд байсан байраа зарчихаад явж байхдаа мөнгөө алдсан тэр үед нь Хэнтийн дуучдаас мөнгө татаад байрыг нь буцааж авч өгсөн түүх ч бий. Байраа зарсан хүнд нь агсам тавихдаа тавьж, гуйхдаа гуйж байрыг нь авах гэж бөөн л бужигнаан болж байлаа.

Н.Т: -Ид мандаж байсан үед найз шиг олон зүйл байгаагүй. Одоо ч надад сайн муу олон найз бий. Тэднийг Бямбабаяртай адилтгахын аргагүй. Хүн олон найз нөхөдтэй байхдаа гол нь биш. Зовсон цагт нэг нь нэгнийгээ  түших нь л хүний нөхөр юм шүү дээ. Тэрнээс биш таван сая төгрөг авлаа, байртай боллоо гэхээр нь гүйж ирээд байдаг хүмүүс нөхөр биш шүү дээ. Бямбабаяр бол надтай үнэхээрийн сайхан нөхөрлөсөн, залуучуудын захиан дээр гардаг шиг үерхэлдээ үнэнч байсан найз минь. Бямбабаяр бид хоёр бол дэндүү гэмээр дэндүү дотно үерхэж яваа найзууд. Учирч ханьсаж, уулзаж явсан найз нөхөд дундаас надад хань болж үлдсэн нь Бямбабаяр бас Чинзориг, Ё.Сүхбаатар. Даанч тэр хоёр минь байхгүй болчихлоо. “Найз минь чи ийм сайхан юм ав даа” гээд найздаа аваад өгөх мөнгө байхгүй ч миний найз дэргэд минь л байдаг. Бямбабаяр урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо, би гавьяат боллоо. Тэглээ гээд бид урьдынхаараа л нөхөрлөж байна.

Б.Б: -Манай хүн уучихаараа андашгүй л дээ. Утсаар ярихгүй алга болчихно. Арван буудлын энд байхад нь гэнэдүүлж байгаад л хамт архи ууж байгаа хэдийг нь  хөөж гаргана. Нэг гэнэдүүлээд яваад очсон чинь Ц.Чинзориг багш сууж байна. Би чинь яаж ч цадиггүй явлаа багшийгаа маш их хүндэлдэг байсан. Тэгээд буцаад л гараад явж байгаа юм.

Н.Т: -Бямбабаярыг гараад явсны дараа Ц.Чинзориг “Бямбабаяр танайд мөн том орж ирэв ээ” гэж яриад инээгээд сууж байсан. Урт савхин дээлтэй, их гоё машинтай сүртэй орж ирсэн л дээ. 

-Сайн найзууд хэзээ ч өөд өөдөөсөө хараад бие биенийгээ магтддаггүй юм билээ. Одоо харин магтах боломж олгоё?

Н.Т: -Бямбабаярыг шагнал авахад нь бахархаж байсан гэж  би хэлэхгүй. Хамгийн гол нь “Би энэ хүн ямар сайхан авьяастай юм бэ” гэж л бахархдаг. Авьяастай хүнийг би ямар муу хүн байсан ч хайрлана. Авьяасыг хайрлаж, өргөж явах шиг сайхан зүйл байдаггүй.

Б.Б: -Би Төмөрхуягт өөрт нь хэлж байгаагүй л дээ. Төмөрхуяг шиг байгалийн өгөгдөлтэй дуучин ахиж төрөхгүй байх гэж би боддог. Жинхэнэ төрмөл дуучин гэж би түүнийг л хэлнэ.

-Нөхөрлөлийг юу гэж тодорхойлох вэ?

Б.Б: -Хатуухан хэлэхэд нөхөрлөл гэж үг одоо хэрэглэгдэхээ больсон. Нөхөрлөл байхгүй болсон ч гэж хэлж болно. Одоогийн залуус түрийвчээрээ, албан тушаалаараа найзалдаг болсон байна. Бид хоёр энэ улсууд шиг найзалъя гэхээр хөрөнгө нь ч алга, албан тушаал нь ч алга. Нөхөрлөл гэж жинхэнэ утгаараа байхгүй болохын өмнө бид нөхөрлөсөн гэж боддог. Бие биенийхээ сайхан талыг олж мэдэрч, дутагдлыг нь хэлж сайхан ярилцана гэдэг одоо ховордоод байгаа юм шиг. Бүгд л утас компьютер шагайсан хүмүүс. Нэг их биендээ туслаад байх зүйл байхгүй ч  байгаагаараа л байж нэгэндээ тусалж явах шиг гоё зүйл хаана байна.

Н.Т: -Бид сайхан цагт учирчээ. Нөхөрлөл гэдэг сайхан зүйл байдаг юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг ёстой үнэн үг дээ.

Б.Б: -Тэр бол сонгодог үг юм шиг байна лээ.

Н.Т: -Нөхөрлөл гэдэг хэн хэнээ мэдэрсэн сайхан сэтгэл дээр үүсдэг юм. Ерөөсөө бие биенийхээ сэтгэлийг таньсан тохиолдолд л бий болдог зүйл. Хүн хүнээ таньсандаа, олсондоо л нөхөрлөл байдаг юм. Түүнээс өөр зүйлийг хэлдэггүй юм. Хамгийн ариун зүйлийн нэг бол нөхөрлөл. Төрсөн хүүхдүүд, ах дүүгээс ч илүү тийм л зүйл байдаг.

-Бямбабаяр гуайн хувьд “Морин хуур” наадмын түрүүг хамгийн олон хүртсэн гурван уран бүтээлчийн нэг. Энэ жилийн “Морин хуур” наадмын бүртгэл эхэлсэн байсан. Та энэ жилийн наадамд оролцох уу?

Б.Б: -Энэ жилийн “Морин хуур” наадамд “Ийм л сайхан” дуугаараа оролцоно. Төрүүлж өсгөсөн ижий аав, эрдэмт мэргэн багш, хамгийн нандин хэлхээ болсон үр хүүхэдтэйгээ байхад амьдрах ийм л сайхан гэсэн утгатай дуу юм. Сонгодог урлагийн дуучин, уртын дуучин хоёр хамтран дуулна. Миний  онцлог байна л даа. Зарим хүмүүс нь эстрад, нийтийн, мэргэжлийн дууны аль алинийг нь хийнэ. Саяхан болсон хүүхдийн дууны уралдаанд оролцоод хоёр төрөлд хоёуланд нь түрүүлчихлээ. 

-Төмөрхуяг гуайн дуулсан дуу бүр нь олны танил болдог. дотроос нь эгшиглэсэн аялгуу болгон хүний зүрхэнд хүрдэг гэж хэлж болно. Үүний нууц нь юундаа байдаг юм бол?

Б.Б: -Би Төмөрхуягийн дуулалтыг шүтдэг. Төмөрхуягийн дуулах дэг гэж тусдаа юм байна шүү дээ. Хэнээр ч заалгаагүй өөрөө олж авсан дууны дэг. Тэр нь их нандин, зүрхнийх байдаг. Хэнд ч байхгүй тийм л нандин. Гаргаад ирье гэсэн хэнд нь ч  байхгүй. Төмөрхуягийн дуулсан дууг өөр хүн дуулна гэдэг хэцүү. Урлаг, хөгжим судлаачид зөндөө л байх юм. Төмөрхуягийн дуулах дэгийг судалчих чансаатай хүүхэд алга. Доктор хамгаалах дайны юм гарна. Хөгжим судлаачид уг нь авьяастай хүн байх ёстой. Гэтэл мэргэжлийн ангидаа тэнцэж чадаагүй олонхи нь судлаачийн ангид орчихоод байгаа юм. Тэгэхээр хөгжим судлал хөгжихгүй байна. Өнөөдөр Ж.Бадраа гуайн хэмжээний судлаач алга л байна шүү дээ. Хөгжим судлаач гэдэг бол авьяастай хүний ажил.

-Төмөрхуяг гуай гавьяат цол хүртээд гарч ирэхдээ хамгийн түрүүнд таныг дотночлон, сугадаж байсан. Тэр үед танд юу гэж хэлж байв. Энэ шагналыг ард түмэн аль хэдийнэ өгсөн ч олон жилийн дараа авсан шүү дээ?

Б.Б: -Уг нь юм хэлж л байсан байх. Тухайн үедээ анзаарсангүй шүү дээ. Гэхдээ би хэлүүлэлтгүйгээр, харцнаас нь л хэлэх гээд зүйлийг нь мэднэ л дээ.

-Урлагийн эрчүүдийн нөхөрлөл бусад салбарынхныг бодвол их гэгээн санагддаг. Нэг бодлын сэтгэлийн сайхан дээр тогтдог гэж хэлж болно байх?

Б.Б: -Тэгэлгүй яахав. Урлагийнхан сэтгэлээрээ нөхөрлөдөг юм. Урлагийн ертөнц гэдэг чинь дэндүү гоё шүү дээ. Их л сайхан, гоё сэтгэлтэй байхыг шаардана.

Н.Т: -Урлагаа л ярина. Архи уухдаа наймаа ярьдаггүй улсууд чинь урлагийн эрчүүд байдаг байхгүй юу. Тэр дуучин ийм дуу гаргаж гэнэ, энэ дууг их сайхан дуулсан байна, энэ дуу чинь ингэж бүтсэн юм байна лээ гэсэн л юм ярина.  Дандаа л инээж хөхрөлдөнө. 

-Бямбабаяр гуай “Эзэн заяа” тоглолтоо хийж байхад ардын уран зохиолч Т.Галсан гуай тайзан дээр гарч үг хэлэхдээ нэг хацар дээр чинь үнсэж, нөгөө хацар дээр чинь алгадаж байсан гэсэн. Тантай уулзсаных энэ талаар асуумаар санагдлаа.

Б.Б: -“Хайр хал хоёрыг тэнцүүлж яваарай” гэсэн хайрын алга байсан юм. Сайхан хүмүүс олон бий.

-Монголын радиод ирдэг захидлын ихэнх нь Н.Төмөрхуяг гуайд ирдэг байсан гэдэг?

Н.Т: -Их захиа ирдэг байсан. Гадаадаас ч ирнэ. 1989 онд коммунизмын үе байсан. Өвөрмонголоос захиа ирснээс болж Нийгмийг аюулаас хамгаалах яаманд хүртэл дуудагдаж, байцаагдаж байлаа.

Б.Б: -Одоо хүртэл Франц, Германд байгаа найзууд нь захиа бичээд л байдаг юм. Танихгүй хэрнээ дууг нь мэддэг. Илгээмж явуулдаг найзууд ч бий. Сайхан байгаа биз дээ.

-Төмөрхуяг гуайн бие өвдөж хэсэг сандаргасан. Алдчих вий дээ гэсэн бодол төрж байсан үе байдаг уу?

Б.Б: -Байлгүй яахав. Өнгөрсөн жил хүртэл нэг сандаргаад авсан. 2015 оны намар бөөр, амьсгалын дутагдалд ороод яваад өгөхөө дөхсөн. 10 гаруй хоног эмнэлэгт ухаангүй байхад нь эмч нар найдваргүй гэж хэлсэн. Бөө, ламаар хүртэл гүйсэн. Аль нь тус болсон юм босоод л ирсэн. Хүний ус уух хувь гэж тийм л байдаг байх.

-Та хоёр нийлэхээрээ ямар дуу дуулдаг вэ?

Н.Т: -1960-аад оны сайхан, сайхан дуунуудаас дуулна. С.Гончигсумлаа багшийн “Жаргаах зүрхэн”, М.Норсонжав гуайн “Ийм нэгэн сэтгэл” гэдэг ч юм уу. Хуучны сайхан дуунуудаа л дуулна даа. 

Аагаа багтаан явсан омголон залуу нас, амьдрал тэмцэлд нухлагдсан он жилүүдийг тэд ингэж л туулж. Ярилцсаныхаа дараа “Хүн хүнээрээ байх чинь ямар нандин, гоё юм бэ” гэж өөрөө, өөртөө шивнэсээр л байлаа. Өнгө будаггүй, тийм л нэг гэгээн дэрвэлзсэн, дүүлсэн, гуньсан 28 намар тэднийх байлаа. “Жинхэнэ” нөхөрлөлийг бүтээж чадсан тэдний үерхлийн түүхээр жил жилийн намар өнгөө нэмж, илүү “гоё”, бас “жинхэнэ” байгаасай. 29 дэх, 30 дахь түүнээс олон жилийн дараах намар хамтдаа байгаарай хэмээн аз жаргал, гэгээн бүхнийг та хоёртоо хүсье.

О.Эрдэнэчимэг


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.97.94) 2017 оны 02 сарын 01

амжилт

0  |  0
мөнхөө(202.179.10.46) 2017 оны 01 сарын 31

саихан баинаа

0  |  0
zochin(66.181.189.186) 2017 оны 01 сарын 31

saihan l bn, 2 uula jaahan halamtsuu bsan yum bn gej oilgoloo,yahav de, minii muusain nz nar

0  |  0
Top