Лениний НУУЦ АМРАГ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 04

Бидний үеийн хүмүүсийн шүтээн болсон Ленинг нууц амрагтай байсан гэвэл итгэх хүн байна уу?

Энэ тухай оюутан байхдаа оросуудаас хальт сонсож байсан ч нийтлэгдсэн юм олж уншаагүй байлаа. Хэдэн жилийн өмнө Лениний тархинд нь нэг муухай өвчин үсэрхийлснээс болж нас барсан гэж уншаад бас л итгээгүй. Ингээд бодохоор Ленинг бид бурхан мэт шүтдэг байжээ. Улаан-Үдэд анх манайхыг очиход төв талбай дээр нь нэг их том Лениний толгой байх. Одоо ч байгаа. 3 настай охин маань тэр хөшөөг хараад “Ленин багшийн толгой” гэж дуу алдахад нь бид, энэ яаж мэддэг юм бол оо? гэж гайхан инээлдэж байлаа. Энэ мэтчилэн 80 настай буурлаас гурван настай хүүхдүүдийн шүтээн болсон еврей угшилтай суут энэ эрийн амьдрал ч бас ердийн хүнийхээс ялгагдах юмгүй байсныг Оросын хэвлэлүүд бичээд удаж байна. Та нар ч уншсан байх. Харин миний хувьд гайхал төрснөө нуухгүй ээ! Гэвч Ленин ч бас хүн л юм болохоор алдаа оноо байлгүй дээ!!!

Бидний хүүхэд байхаасаа л уншиж судалснаар Ленин бүх л амьдралаа хувьсгалын үйл хэрэгт зориулсан нэгэн. Өөрийн хувьсгалч үзэл санааныхаа төлөө ухаан бодлоо зориулсан түүнд эсрэг хүйсийн сайхан бүсгүйчүүд сонирхох зав бөгөөд хүсэлгүй нэг хэсэгтээ л явсан гэнэм. Энэ бол улс төрийн түүхэнд олон тохиолддог үзэгдэл биз ээ. Ер нь тэр цаг хугацааны ачааллаасаа болоод хүүхнүүдтэй орооцолдохтой манатай л байсан байж таараа...


Гэтэл 1910 онд түүний хурц мэдрэмжийг сэрээсэн нэгэн баяр баясгалантай, гал халуун, тачаангуй бас ганган, жижигхээн франц бүсгүй гарч иржээ. Энэ бол Инесса Арманд юм. Инессагийн хувьсгалч зан чанар бас нийгмийн болоод хувийн амьдралынхаа эрх чөлөөний төлөө тэмцэл нь Ленинийг чухамдаа л ховсодсон мэт болгожээ.

Жирийн нэгэн үзэсгэлэнтэй, царайлаг гоё хатагтай нар Лениний сонирхлыг огт татдаггүй байжээ. Ленин найз нөхөд ч ховортой байв. Харин Инессатай уулзсан энэ учрал түүнийг 360 градус эргүүлжээ. Тэднийг танилцахад, Ленин 39-тэй, Инесса 35-тай байв.

Тэр үед хамт байсан Францын социалист Рапопорт дурсахдаа: “Ленин, энэ жижигхэн франц бүсгүйгээс монголжуу нүдээ салгахгүй ширтдэг байсан” гэжээ.

Тухайн үеийн дэлхийн пролетари нарын их удирдагчийн хайрыг татсан энэ франц бүсгүй хэн байв аа?

Инесса Фёдоровна Арманд 1874-5-8-нд Парис хотод төрсөн. Түүнийг Элизабет Стеффен гэж нэрлэсэн.

Түүний аав Францын дуурийн нэлээд нэртэй дуучин Теодор Стефан (фр. Théodore Stéphane) гэж хүн байв. Харин ээж нь Натали Вильд хэмээх жүжигчин, дуурийн дуучин хожим дууны багш болсон хүн байв.


 

Лениний нууц амраг

Инесса Арманд 1890-ээд он

Эднийх гурван охинтой айл байв. Аав нь түүнийг таван настай байхад нас барсан тул ээжийнхээ ачааллыг хөнгөлөхийн тулд 15 настайдаа, нэг эгчтэйгээ Москвад байдаг нагац эгчийнхийгээ зорьжээ. Түүний эгч нь Нэхмэлийн үйлдвэрийн баян эзэн, худалдаачин Армандынд хөгжмийн болон франц хэлний багш хийдэг байж. Инесса эднийд ирж амьдарсаар дөрвөн жилийн дараа Армандын хүү, Александр Армандтай сэтгэлтэй болон гэгээн Николайн сүмд 1893-10-3-нд 19 настайдаа гэрлэжээ. Инесса Александртай гэрлээд хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Эгч нь ч бас Армандын нөгөө нэг хүүтэй нь суусан байдаг.

Ингээд есөн жил хамт амьдарсны дараа тэрбээр социалист үзэлтэй, Александрын дүү 18 настай Владимирт дурлаж тэд нууц амрагууд болсон байна.

Владимир Инессагаас 11 дүү байсан. Инесса энэ явдлаа гэр бүлийн ариун журмыг зөрчсөн явдал гэж үзэхгүй, би яагаад үнэнээрээ байж, өөрөө аз жаргалтай байж болдоггүй юм бэ? Яагаад эрх чөлөөтэй байж болдоггүй юм бэ? гэж л хандсан байна. Гэтэл Александр Евгеньевич Арманд эхнэр дүү хоёрынхоо явдлыг мэдэн тун их цочирдсон ч сайхан сэтгэл гарган Неаполь руу тэднийг явуулсан байна. Хэсэг хугацаанд хэл ам дарагдсаны дараа тэд Москвад ирж амьдарчээ. 1903 онд энэ хоёрын анхны хүү Андрей Швейцарьт төржээ.

Инесса эдийн засагч мэргэжилтэй, төгөлдөр хуур сайхан тоглодог.


Брюссельд эдийн засгийн ухааны эрдмийн зэрэгтэй болсон соёл боловсролтой цоглог бүсгүй байж. Хоёрдох нөхөр Владимирын нөлөөгөөр социал демократуудтай, эссерүүдтэй ч холбоотой ажиллаж, нийгмийн эрх чөлөөний төлөө бас хувийн эрх чөлөөнийхөө ч төлөө тэмцдэг байснаас хэд хэдэн удаа нутаг заагдан бас шоронд ч орж явжээ. Мөн энэ үед Инесса Лениний “Орос орон дахь капитализмын хөгжил” номыг нь уншсанаар большевик болохоор шийдсэн байв.

1905 онд Инессаг улс төрийн хэргээр баривчилсан байна. Шинэ нөхөр Владимир нь хойноос нь явж байхдаа уушигны өвчнөөр Швейцарийн нэгэн хувийн эмнэлэгт нас баржээ. Түүний ах Александр өрөвч сайхан сэтгэлээрээ тэдний хүүг авч, өөрөөрөө овоглон өсгөсөн байдаг. Хожим энэ хүү, Улаан армийн гвардын ахмад болон баатарлагаар байлдаж яваад 1944 онд амь үрэгдсэн гэдэг. Түүнийг Лениний хүүхэд гэж нэг хэсэг шуугисан. Одоо Литва улсад түүний шарил байдаг. Литвачүүд одоо ч Лениний хүү гэж нотолсоор байдаг юм байна. Харин Владимир Ильич маань өөрийн гэсэн үр хүүхэдгүй нэгэн байв.

Харин Инесса таван хүүхдийн ээж байжээ.

Гэхдээ энэ хүүг 4-5 настай байхад нь Ленин Инесса хоёр Парист танилцсан гэдэг. Зарим эх сурвалжид 1909 онд Брюссельд танилцсан эсвэл 1910 онд Парист Марксын охин, хүргэн хоёрын оршуулган дээр танилцсан ч гэж байна. Товчдоо 1909-1910 оны үед л Ленин түүнтэй анх жирийн л хувьсгалын журмын нөхдийн хувиар танилцсан юм байна. Владимирийн социалист үзэл түүнд таалагдаж энэ бодлоосоо болж түүнтэй ойртсон байх магадлалтай гэж судлаачид үздэг юм байна.


Ленин Инессад хайртай болсон нь үзэл бодол нэгтэйгээс гадна сексийн хувьд ч бас нэгэн цоо шинэ мэдрэмжийг амсаж тэр бүү хэл хувьсгалын ажлаа орхих шахаж байсан гэж судлаачид бичиж байна.

Тэрбээр 1913 онд Инессад бичсэн нэгэн захидалдаа: Эх! Би чамайгаа мянган удаа үнсэхсэн! гэж англиар бичсэн байжээ. Бас нэгэн захидалдаа: Энэ олон эх захгүй ажил!...надтай үүрд холбогджээ. Би өөрийнхөө мэргэжилд дуртай ч одоо бол бараг үзэн ядаж байна! гэсэн утгатай юм бичсэн байна. Ер нь Ленин энэ үед Орос оронд социалист хувьсгал ялна гэдэгт итгэхгүй болсон үе ба тэр битгий хэл энэ бүх ажлаа хаяад хайртай эрос бүсгүйнхээ тэвэрт хэвтэхийг юунаас ч илүү хүсэж байсан гэж олон судлаачид дүгнэсэн байдаг. Тэд танилцсанаасаа хойш хоёр жилийн дараа Парисын “porte d”Orléans” хэмээх нэгэн кафед маш удаан сууж ярилцдаг байжээ.

Орчуулсан: Дарамзагдын ОЮУН

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(46.242.9.111) 2022 оны 02 сарын 04

Лeнин өндөр нь хэд байсан бол мавзолeйг үзсэн чинь их жижиг хүн хэвтэж хаоагдах юм

0  |  1
женко(139.5.218.73) 2022 оны 02 сарын 04

За хө ингэж л бүү худал шаагаарай даа.Ленин бол дээшээ долоо дахь үе дээрээ Монгол угшилтай хүн,тэр тийм хүүхэн шуухан гэдэг хүн биш.Крупскаяадаа маш үэнч байсан.

2  |  0
ivan(182.160.2.5) 2017 оны 02 сарын 04

krupskayag yaadag baisan bol

0  |  0
Top