УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг өргөн бариад байгаа. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулах шалтгаан юу байв. Ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Нэр бүхий арван хоёр гишүүн Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл зургаан хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас даруй гурав дахин томсгож байгаа. Хуулийн төслийг боловсруулахад дараахь хоёр зарчмыг баримталсан. Мерит зарчим буюу төрийн албанд зөвхөн мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагыг харгалзан үзнэ. Мөн карьерын систем буюу шатлан дэвших тогтолцоо нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн санаа юм. Энэ хууль гарснаараа төрийн алба, ялангуяа төрийн захиргааны албан тушаалтныг улс төрөөс хараат бус байлгах боломж бүрдэнэ. Сонгууль бүрийн дараа алба тушаалтнууд олноороо өөрчлөгддөг. Эцэст нь төрийн алба чадавхигүй болж байна. Тиймээс улс төрөөс ангид, төрийн албыг тогтвортой болгох эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
-Шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлнэ гэж байна. Одоо мөрдөгдөж буй Төрийн албаны хуульд үүнийг тодорхой тусгаагүй байдаг уу. Шатлан дэвших тогтолцоо гэдгийг тодруулахгүй юу?
-Карьерын буюу шатлан дэвших тогтолцоонд шилжихээр тухайн байгууллагад анхан шатнаас нь ажилласан хүн л албан тушаал ахина гэсэн үг. Гаднаас шинэ хүн оруулж ирдэг ойлголт бараг л байхгүй болно. Яахав ганц нэг тохиолдолд сонгон шалгаруулалтаар гаднаас хүн орж ирэх явдал гардаг. Гэхдээ тухайн хүн доод шатнаасаа эхэлж ажиллахаар тусгасан. Төрийн албан ороод л шууд яамны газар, хэлтсийн дарга, цаашлаад Төрийн нарийн бичгийн дарга болно гэдэгт ойлголт байхгүй. Мэргэжилтнээс ахлах гэсэн шат дарааллаар дэвшиж явсаар байгаад Төрийн нарийн бичгийн дарга болох боломжтой. Бидний тооцож буйгаар, яаманд мэргэжилтнээр ажилд орсон хүн дор хаяж 18 жилийн дараа Төрийн нарийн бичгийн дарга болох боломжтой.
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалтаар шалгаруулан томилж байгаа. Үүнийг үндсээр нь өөрчилнө гэсэн үг үү?
-Сонгон шалгаруулалтаар томилно. Гэхдээ сонгон шалгаруулалт тавигддаг шаардлага нь өөрчлөгдөнө гэсэн үг. Нэгдүгээрт, салбарынхаа яаманд 16 жил ажилласан, хоёрдугаарт, энэ хугацаанд ажиллахдаа газрын даргаар найман жил ажилласан байх ёстой гэдэг заалт оруулсан. Үүнээс гадна тухайн яамны ажил үүргийн онцлогоос хамаарч мэргэжлийн шаардлага тавина. Барилга, хот байгуулалтын яаманд ажилд горилж буй бол барилгын инженер, Гадаад харилцааны яаманд ажилд ороход гадаад хэлний шаардлага тавина гэх мэт. Мэргэжлийн шаардлагыг тухайн яам өөрөө зааж өгөх ёстой. Мөн яамдын удирдах албан тушаалтан буюу Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг тогтвортой болгож өгч байгаа. Шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга зургаан жилийн хугацаатай ажиллана. Салбарын сайдыг дөрвөн жилээр томилдог. Тэгвэл нэг сайдтай дөрвөн жил ажилласан Төрийн нарийн бичгийн дарга дараагийн сайдтай хоёр жил хамтран ажиллахаар хуульчилна гэсэн үг.
-Тэгвэл өнгөрсөн сонгуулийн дараа томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нар зургаан жил ажиллах боломж бүрдэх нь ээ. Уг хуулийг хэзээнээс хэрэгжих боломжтой гэж тооцоолж байгаа вэ?
-Хууль эргэж үйлчилдэггүй биз дээ. Бидний тооцож буйгаар, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Тэр үеэс хойш төрийн албанд тавигдах бүх шаардлага энэ хуулийн дагуу явна. Одоо байгаа Төрийн нарийн бичгийн дарга нар хугацаагүй томилогдсон байгаа. Тэгэхээр хугацаа зааж өгч байна. Уг хуулийн төслийг дагаж Журмын тухай хууль гэж гарна. Тэр хуульд илүү нарийвчлан заахаар төлөвлөсөн. 2019, 2020 он аль ч байж болно. Хэлэлцүүлгийн явцад шийднэ. Яам, агентлагийн шат шатны дарга нарыг ч энэ хуулийн дагуу томилно.
-Төрийн нарийн бичгийн даргад горилж буй албан хаагч төрд 16 жил ажилласан байх ёстой гэлээ. Тэгвэл газар болон хэлтсийн дарга нарт ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Газрын дарга нар бол төрд 12 жил ажилласан байх ёстой. Тэр хугацаанд яамны хэлтэс, албаны даргаар дөрвөөс доошгүй жил ажилласан байна гэж тусгасан. Энэ мэтээр мэргэжилтэн хүртэл бүх шаардлагыг нь нарийвчлан зааж өгнө. Ингэхээр бүх юм тодорхой болж байгаа юм. Хуульд заасан шаардлагыг хангасан хүн төрийн албанд орно. Хангаагүй бол төрийн алба хаалттай гэсэн үг. Одоо бол хамаагүй байгаа. Бизнес хийж байсан хүн шууд нэг яамны газрын дарга болдог. Хувь хүний зүгээс ч танил тал хардаг явдал их л багасна гэж бодож байна. Учир нь хуулийн төсөлд танил талаа ажилд авах явдлыг хүртэл хязгаарлаж өгсөн. Өөрийнх нь удирдлага доор танил тал, найз нөхөд, хамаатан садан, худ ургийн хүн ажиллахыг хориглосон. Мөн нэг ангийн нөхдийг хамруулсан. Ярианыхаа эхэнд хэлсэн хоёр үндсэн зарчим энэ бүгдийг хязгаарлаж байгаа юм.
-Уг хуулийн төслийг дагаж МАН өөрсдийн томилсон төрийн албан хаагчдаа дархлаажуулах нь гэдэг хардлага явж байна л даа. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Улсын хэмжээнд 186 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Тэдний 20 хувь нь нам, улс төрийн сэлгээнд явдаг. Хэрэв энэ хуулийг батлахгүй бол хэвийн ажиллаж буй 80 хувь улам багасах юм. Ийм шинэчлэл хийхгүй бол төрийн алба цэгцрэхгүй. Өнөөдөр үгүй гэхэд хэзээ нэгэн цагт шинэчлэл хийж байж төрийн албаны замбараагүй байдлыг таслан зогсооно. Бас нэг болгоомжлол бий. Дараагийн нам гарч ирээд уг хуулийг өөрчилбөл яах вэ гэдэг асуултыг олон тавьж байгаа. Тэрийг үгүйсгэхгүй байна. Гэхдээ өөрчлөлтийн босгыг өндөр тавих талаар ярилцаж болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж өөрчилж болдоггүй нэг хууль байдаг шүү дээ. Тэрэн шиг дуртай нэг нь өөрчилж чадахгүй болгоё гэж байгаа. Өргөн барьсан хуулийн төсөлд босго тавьж өгөөгүй. УИХ-аар хэлэлцүүлэх үед шийдвэрээ гаргах нь зөв гэж үзсэн. Миний хувьд нийт гишүүдийн 66 хувиар босго тогтоох нь зөв гэж харж байна. УИХ-ын 51 гишүүнээр босго тогтоохгүй бол 39 гэвэл асуудалгүй өөрчилчихнө.
-Төрийн албаны босгыг өндөрсгөж байгаа юм байна. Тэгвэл улс төрийн сонгууль бүрийн дараа үндэслэлгүйгээр ажлаас халлаа гэдэг олон маргаан шүүхийн шатанд өрнөдөг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Үндэслэлгүй ажлаас халагдсан бол тэтгэмжийг нь дарга хувиасаа төлнө. Буруу шийдвэр гаргаж, үндэслэлгүй ажлаас халсан бол эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг тэтгэмжүүдийг дарга нь хариуцаж төлнө. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан албан хаагч Төрийн албаны зөвлөлд өргөдөл бичиж, Төрийн албаны зөвлөл шалгаж үзээд үндэслэлгүйгээр халсан гэж үзвэл ажилд нь эргүүлэн авах үүрэг хүлээнэ. Ингэж хариуцлагажуулж өгөхгүй бол бүтэн дөрвөн жил шүүхээр яваад цалингаа аваад явсан тохиолдол бий. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгө нь үргүй зарцуулагдаж байна. Буруу шийдвэр гаргасан дарга ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ингэж өөрөөс нь мөнгө гарахаар зохицуулж өгсөн тохиолдолд үндэслэлгүйгээр халдаг тохиолдол буурна.
-Эцсийн шийдвэрийг шүүх биш Төрийн албаны зөвлөл гаргадаг болно. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг хэрхэн хангах бол?
-Одоогийн хуулиар Төрийн албаны зөвлөлийн гишүүд 50-иас дээш настай, төрийн албанд насаараа ажилласан хүн байхаар тусгасан. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг хугацаагүй томилно. Хэн нэгэн улстөрч гарч ирээд Төрийн албаны зөвлөлийнхнийг шахахыг хориглож байгаа. Төрийн албаны зөвлөл зургаан гишүүнтэй байдгийг цөөлж, гурав болгоно. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тус бүрдээ нэг гишүүнийг нэр дэвшүүлж, УИХ-аас томилохоор хуульчилж өгч байгаа. Гэхдээ гаднын туршлагаар буюу мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулалт хийж Төрийн албаны зөвлөлийг томилдог байя гэх асуудлыг яриад л байна. Уг хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх учраас хэлэлцүүлгийн шатанд шийдээд явах байх. Тэгэхгүй бол бүх зүйл дээрх гурван субъектээс хамааралтай болох тогтолцоо үүсч магадгүй. Ямартай ч энэ зөвлөл төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаас гадна албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянах гол үүрэгтэй. Ингэхдээ Төрийн албаны зөвлөлийн шийдвэр хувь хүний талд гарсан байвал тухайн дарга шууд биелүүлэх үүрэг хүлээнэ. Харин ажлаас халсан даргын талд шийдвэр гарсан тохиолдолд ажилгүй болсон хүн шүүхээр заргалдаж хэргээ шийдвэрлүүлэх эрхтэй. Нэг ёсондоо иргэнд шүүх рүү явах эрхийг нь нээж өгөөд төрийн байгууллагыг шүүх рүү явах эрхгүй болгож байгаа юм. Төрийн байгууллага шүүхэд ханддаг байхаар маргаан олон жил сунжрах магадлалтай.
-Уг хууль батлагдчихвал төрийн албаны залгамж чанар сайжирна гэж харж байна уу?
-Залгамж чанар сайжрах биш бүр хэтэрнэ. Төрийн алба хаалттай болох нь, гаднаас салхи оруулахгүй байна гэхчилэн шүүмжлэл гарна. Сангийн яамны 100 ажилтан таван жилийн өмнө ажиллаж байсан хүн өнөөг хүртэл хэвээрээ л байх юм, өөрчлөөч гэсэн яриа гарч эхэлнэ. Энэ ойлгомжтой. Яагаад гэвэл, энэ хуулиар зөвхөн дотроосоо шатлан ахих сонголт бий болгож байгаа юм.
Д.Мягмардорж
Сэтгэгдэл ( 2 )
Тогтохсүрэн аймагт байх даа л ажил, албан тушаалын шахааг өөртөө ашигтайгаар байнга хийдэг байсан УИХ- д очоод бүр ч идэвхжсэн байна лээ.Өөртөө долигонож, далдганадаг Залуучуудын холбооны гэх ямар ч туршлагагүй хүүхдүүдийг төрийн албанд томилуулахаар тулгаж шахаа л явж байгаа . Ийм юм хийгээд байгаа хүний хуулинд итгэл төрөхгүй байна.
За Тоогоо минь бүтэх үү социализмын үед болно одоо үлгэр байх аа