34 настай Адам Уинтертон, 32 настай Трэси Уинтертон нар хуримынхаа ёслолд хүрэлцэн ирсэн зочдод үнэхээр өвөрмөц гэнэтийн бэлэг бэлджээ. Хэдийн бяцхан хүүгийн эцэг эх болсон Уинтертоныхон хуримын ёслолдоо Гумбольдт оцон шувуудыг оролцуулсан байна.
Хуримлагч хосуудыг танхимд орж ирэхээс өмнө бяцхан хүүхдүүд цэцгийн дэлбээ цацаж хамгийн ариун, зөөлөн байдлыг илтгэдэг шүү дээ. Харин тэдний хуриманд эгдүүтэй оцон шувууд баацганан алхаж орж ирсэн нь зочдын хайрыг булаажээ.
Сүйт бүсгүй Трэси найзаасаа эдгээр оцон шувууг хуримандаа оролцуулахаар түр авсан гэнэ. Тэднийг усанд сэлэх боломжоор хангахын тулд усан оргилуур бүхий газарт хосууд ёслол үйлдсэн аж. Гэвч шувууд усанд сэлэхийг хүсээгүй гэнэ.
Хосууд амьтдад ч мөн эрх чөлөө байдаг гэдгийг энэхүү үйлдлээрээ харуулахыг зорьсон авч амьтны эрхийн төлөө идэвхитнүүдийн зүгээс зэмлэл хүртээд байна. Ялангуяа Гумбольдт оцон шувууд хүйтэн усанд, хад чулуу элбэгтэй газар амьдрах ёстой байдаг бөгөөд дүүрэн хүнтэй танхимд албадан оруулсныг шүүмжилжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 0 )