Чингэлтэй дүүргээс 2016-2020 онд “Иргэд нь жаргалтай, Ирээдүй нь гэрэлтэй дүүрэг” зорилтыг дэвшүүлж, “Чингэлтэйн боловсрол”, “Эрүүл мэнд 2020”, “Хамтдаа хөгжье”, “Жаргалтай гэр бүл”, Хотын иргэн-Хотын соёл” “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байгаа билээ. Мөн Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдэд зориулсан сургамжит жүжиг 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.
Сүүлийн жилүүдийн манай улсад 100000 хүн ам тутамд 2880 осол, гэмтэл тохиолдож, осол гэмтэлд өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна.
2016-2017 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 65 сурагч ахуйн осолд өртжээ. Энэ тоог цаашид өсгөхгүй байх, хүүхэд багачуудаа ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү жүжгийг хүүхэд багачуудад хүргэж байгаа юм.
Жүжгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Энэхүү хүүхдийн сургамжит жүжиг нь аюулт ослын эх үүсвэр болсон гал түймрийн осол, ялангуяа ахуйн хүрээнд ихээр үйлдэгдэж байгаа халуун тогоо, цахим тоглоомын хор хөнөөлийг хүүхэд багачууддаа ойлгуулж, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн аваар ослоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой юм.
Жүжгийг дүүргийнхээ төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14080 хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )