Монголд анх удаа Их Багшийн Аялгууг морин хуураар эгшиглүүлэв

2017 оны 05 сарын 15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд алдартай  “Их Багшийн аялгуу морин хуур” тоглолтыг Морин хуурын чуулгаас анх удаа "Корпорейт Конвэйшн центр"-ийн концертын их танхимд эгшиглүүллээ.
Тоглолтыг дэлхийн оюун санааны их хөтөч, хүмүүнлэг үйлстэн, урлаг соёлын зүтгэлтэн Төгс гэгээрсэн их Багш Чин Хайн төрсөн өдрийг тохиолдуулан хийснээр онцлогтой юм. Монголд анх удаа Морин хуурын чуулга Их Багшийн зохиосон дуунаас дээжлэн Морин хуурын чуулгын Уран сайхны удирдаач, МУСТА Д.Түвшинсайханы найруулгаар монгол хөгжмийн зэмсэг, морин хуурын аялгууг толилуулав.

Их Багш Чин хайн зохиосон дуу, яруу найраг нь дэлхийд алдартай Тонни болон Эммийн шагналт хөгжмийн зохиолчдын талархлыг хүлээж,  хөгжмийн ертөнцөд танил болсон байна.

Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан хэлэхдээ, “Хөгжмийн бүтээл гэхээс илүү дууны гол утга санааг илэрхийлэхийг зорьсон. Хайр гэдэг өөрөө олон зүйлээс салбарладаг гэдгийг харуулахыг хичээсэн. Даяаршиж буй ертөнцөд хөгжмийн хэллэг, ритмийг олон талаар нь хүргэх боломжтой болсон. Цаашид том хэмжээний бүтэн драммчилсан бүтээл болгох бодолтой байна” хэмээн онцлов.

Тоглолтод СТА Д.Бямбасүрэн, СТА дуучин Дэлгэрмөрөн, СТА Б.Баярцэцэг, залуу дуучин Номинжин, залуу дуучин Э.Соёмбо нар оролцсон юм.
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Баярцэцэг: “Дуугаа дуулж эхлэхэд  танхим дүүрэн хүмүүс эерэг цэнэгээр дүүрэн, хүн бүр хайраар гэрэлтэж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Халуун хайран дунд дуугаа дууллаа. Миний хувьд “On the river bank” дууг дуулахын тулд маш их хичээж бэлтгэсэн” гэв.

Харин үзэгчид “дахин давтагдашгүй, үнэхээр гайхамшигтай тоглолт болж чадлаа. Мөн Морин хуурын чуулга Их Багшийн аялгууг монгол хөгжмөөр буулгасан нь монгол хүний сэтгэлд хүрлээ хэмээн тодотгов.
Их багшийн зохиосон дуу, хөгжмийн зохиолоос бүтсэн мюзиклүүдийг Оскарын болон Эммийн таван удаагийн шагналт Билл Конти, Оскарын хошой шагналт Аль Каша, Тони болон Эммийн шагналт Дон Пиппин, Оскар, Грэммийн хошой шагналт Дэвид Шайр зэрэг алдартнууд найруулан Холливуд болон Бродвэйн тайзнаа дараалан амжилттай тоглож дэлхий нийтийн хүртээл болгосон байдаг.

Монгол улсад Их багшийн “Аниргүйхэн нулимсыг хайрлахуй ”мюзикл 2015 онд, “Жинхэнэ хайр” мюзикл энэ оны дөрөвдүгээр сарын 22- ны өдөр Төрийн ордны их танхимд тус тус тоглож, Монголчуудын хүртээл болсон байна.


Түүнчлэн энэ үдэш Их Багшийн уран зураг, ном, дэнлүүний үзэсгэлэнг толилуулж үзэгчдийн мэлмийг баясгав.


Т.Есүхэйтөмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top