Нүцгэн СЕЛФИ ба ГОО үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Викторианы үед, ойролцоогоор хоёр жил гаруйн хугацаанд эмэгтэйчүүд ийм байдлаар зургаа авахуулдаг байж л дээ. Хэдий тухайн цагийн сүсэг бишрэл, итгэл үнэмшилтэй холбоотой ч, “нүүрээ нуух юм бол зургаа авахуулж яана” хэмээн одоо шоолж шүүмжилмээр ч энэ зургаас би хувьдаа гоо сайхныг олж харав. Энэ гурван хүүхний хэнийх нь ч нүүр царай, өгзөг, гуя, хөх цээж ил биш атал ямар үзэсгэлэнтэй харагдаж байна вэ! Гоо сайхнаа бусдад гайхуулах, харуулахад заавал нүцгэлэх шаардлагагүйг батлах мэт. Яг ингэж нүүрээ таглаад, хамаг биеэ хувцасны цаана нуусан ч сайхан харагдаж байвал тэр жинхэнэ үзэсгэлэн гоо бус уу? 
Охинтой маань чацуу нэг жаахан охин нүцгэн зургаа өнөөдөр нүүрномд тавьсныг үзэж ихэд өрөвдлөө. Урт хөлөө гайхуулах гээд богино ухаанаа л харуулчихаж. Гэхдээ охидыг бага балчир тул бусдыг дуурайжээ хэмээн уучилж болох. Харин нас биед хэдийнээ хүрсэн, олны танил, жүжигчин, дуучин, САЙХАН гэгдэх эмэгтэйчүүд хүртэл (загвар өмсөгчдийг хэлээгүй!) нүцгэн шалдан зургаараа уралдах болсон нь эвгүй. Эмэгтэй хүнийг зөвхөн “бие хаа, гоо үзэмж” төдийгөөр л хардаг, элэрсэн баларсан цагийн, адгуусан ҮЗЭЛ СУРТАЛ энэ цаг үед “нүүрномын нүцгэрэл” хэлбэрээр үргэлжилсээр байна. Нүцгэн селфи нь орчин үеийн ойлголтоор байдаг л нэг зүйл мэт боловч “биеэ үнэлэх СЭТГЭЛГЭЭНИЙ” нууц далд хэлбэр юм. Сэтгэлгээ нь байгаа л бол үйлдэхэд хол биш гэсэн үг! Охидыг багаас нь “гадаад үзэмжээ зарах” (лайк цуглуулахын тулд) “бие хаагаараа бусдыг татах”, "зөвхөн царай зүсээрээ олны танил болох" хямдхан үзэл санаанд дасгаж байгаа нь цахим ертөнцийн хамгийн том гажуудал ажээ.

FB: Өлзийтөгс Лувсандорж

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(122.201.24.139) 2017 оны 05 сарын 17

Ard tumnii unadag mashind odooxondoo tatwar nemj xundrel ucruulaad xereggui ee amidral sain bolood irexeer ni ayndaa on xuucin mashiniig tatwaraar zoxitsuul odoo tsag ni boloogui bn

0  |  0
Top