Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан хэмээх эгэл атлаа, эгнэшгүй сод бүтээлүүдээрээ олон түмнийхээ дунд өнөөг хүртэл оршин буй эрхэм хүний бага хүү Билгүүнийг "ЗИНДАА" сэтгүүлийн гуравдугаар дугаарын "Шинэ үе" буландаа онцлон урилаа.
Тэрбээр энтертаймент, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы тэргүүлэгч компаниудын нэг "Аvex" группийн гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн мэргэжилтэнээр ажилладагаас гадна тус группийн Сингапур, Тайваний охин компанийнх нь удирдах зөвлөлд ажиллаж байна.
Арван тавхан настайдаа арлын орныг зорьсон ч эх орныхоо хөгжил цэцэглэлт, ижий аавынхаа их үйлсийг орхигдуулалгүй санаа тавьж яваа, шинэ үеийн нэгэн манлайлагчтай ийнхүү ярилцсанаа танд толилуулъя.
-Яагаад 15-хан настайдаа Япон улсыг зорих болов. Японд суурьшаад хичнээн жил болчихов оо?
-16 жил болсон байна. 2001 онд аав маань "II дайнаас хойш 60-хан жилийн дотор ийм том хөгжилд хүрсэн тэр хүмүүсийн ухаан, хичээнгүй байдлыг сураад ирвэл ааваасаа хойш миний хүү алзахгүй ээ. Авах ёстой юм байвал аваад ир. Аавдаа хууртлаа гэж бодоод япон яваад, сураад ир. Тэнцэхгүй, болохгүй бол хамаагүй хүрээд ир. Гэхдээ тэндээс чи өөрийгөө олж чадвал, тэр чинь чиний ирээдүйд л хэрэг болно шүү" гэж хэлж байсан юм.
Өнөөдөр ийм хэмжээнд яриад сууж байгаа минь миний аавын холыг харж, хоёрыг сэтгэн ирээдүйг минь харсантай л холбоотой. "Аавдаа хууртлаа гэж бодоод, яваад ир" гэж хэлээд өгсөн тэр "бэлэг" надад энэ амьдралыг бэлэглэсэн дээ.
-Та ганцаараа Япон явсан юм уу?
-Анх 26-уулаа явж байсан. Тэднээс нэлээд хэд нь үлдэж, үргэлжлүүлээд дээд сургуульд сураад одоо сайхан амьдарч байна. Миний хувьд "Нэгэнт сурахаар ирсэн юм чинь дундаас нь хаяад яахав. Үргэлжлүүлээд суръя. Энэ Япончууд яг юуг хүсч, зорьж байдгийг мэдье. Би энэ хүмүүсийн дунд ороод ургаж чадах, ямар сортын үр вэ гэдгээ мөн мэдэхийг хүссэн
Японд очоод би ангийн дарга болж хариуцлага хүлээх болсон. Дээрээс нь гэрээсээ хол учир бие дааж амьдрах шаардлагатай болсон учир аяндаа төлөвшөөд, ганц нэг зүйл ойлгоод ирдэг юм билээ. Хэдхэн сарын дараа л хүн шиг сурч, гэр бүлийнхээ нэрийг хайрлах ёстой гэдэг бодол толгойд орж ирсэн дээ.
-Арлын улсад монгол хүү хэрхэн дасан зохицов. Японы хөрсөнд тохирох, сортын үр болж чадсан уу гэдэг сонин байна?
-Япон надад огт өөр ертөнц шиг санагдаагүй. Япончуудын амьдралын ухаан, ахлах сургуулийн орчин нөхцөл миний багадаа авсан хүмүүжилтэй их ойр санагдсан. Ер нь Японд гэлтгүй гадны улс оронд очсон хүмүүс "Надад тийм зүйл нь таарч тохирохгүй байна. Би монголоороо баймаар байна" гэж их ярьдаг, харин миний хувьд байх ёстой газраа буцаад ирсэн юм шиг л санагдсан. Тэгэхээр таарсан сорт л болсон байгаа биз.
-Японд яг ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?
-2004 оноос Японы Шизоука мужийн "Кокусай кайо" ахлах сургуульд сурч, Токиогийн "Бэффү" их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо энтертаймент, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы тэргүүлэгч компаниудын нэг "Аvex" группийн гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн мэргэжилтэнээр ажилладаг. Мөн "Avex"-ийн Сингапур, Тайваний охин компанийнх нь удирдах зөвлөлд ажиллаж байна.
-"Avex" групп яг ямар үйл ажиллагаа явуулдгийг тодруулбал?
-"Avex" групп 30 жилийн дотор салбартаа японы номер нэг компани болж чадсан. Үндсэн ажил маань шинэ уран бүтээлчид, артистуудыг гаргаж, зах зээлд өрсөлдөх чадвартай од болгох гэж хэлж болно. Уран бүтээлчидтэй хоршиж болох төрөл бүрийн бизнес бүхий 30 орчим охин компанитай. CD, DVD хэвлэх, шоу тоглолт зохион байгуулах, менежмент маркетинг хийх, тасалбар борлуулах, төрөл бүрийн контент үйлдвэрлэх гээд олон чиглэл бий.
PPAP буюу "I have a pen, I have a apple" гэж дуулан дэлхийг шуугиулж байгаа Pikotaro л гэхэд манай компанид харьяалагддаг. Япон болон азийн орнуудад нэр нөлөө бүхий алдартай маш олон уран бүтээлчид, хамтлагийг бид төлөөлдөг.
-Шоу, энтертайментийн салбар бол маш том мөнгөний бизнес. Хэцүү байдаг уу?
-Тиймээ. Анх очоод ажиллаж байхад юм л бол мөнгө ярьдаг. Ийм топ DJ-г авчирхад тэдэн төгрөг, тийм хүн ирвэл тэдэн сая доллар гээд л ярьдаг. Монгол хүний зангаар ч юмуу нэг хэсэг ойлгодоггүй байлаа.
Үүнээс гадна япон компанид япон хүмүүстэй нь өрсөлдөж, япон соёлоор нь өрсөлдөнө гэдэг хувь хүний маань хувьд маш том шалгуур, бэрхшээл байдаг. Цаг тутамд оюуны тэмцлийг өрнүүлэх хэрэгтэй болдог. Хэдий энд ирээд 16 жил болж байгаа ч түүнээс өмнөх, байгаагүй, мэдэхгүй цаг хугацаагаа нөхөх шаардлага үргэлж гарна. Санал солилцож байхад 80-аад оны тийм реклам, тийм хамтлаг гээд ярихад ганцаараа ойлгохгүй, мэдэхгүй суугаад үлдэх нь бий. Гэхдээ би гадаад, би Монгол гээд зүгээр суух биш тэр талаар судалж, илүү их мэдэж, дутагдлаа нөхөхийг хичээдэг. Япон хүнтэй яаж япон хүн шиг нь өрсөлдөх вэ гэсэн бодол намайг хурцалдаг.
Гэхдээ би Монгол хүн, Монгол онцлогоо алдахыг хүсдэггүй. Би Боб, Жорж эсвэл Ямада, Такаши биш. Би бол Монгол хүн учир ямар ч ажил дээр илүү өөр, илүү онцгой, илүү шинэлэг өнцөг гаргаж, ялгарахыг хүсдэг. Монгол хүмүүс илүү шийдэмгий, итгэл үнэмшилтэй байж давуу талаа гаргадаг юм шиг санагддаг.
-Энэ группт ажиллахад онцгой шаардлага гэж бий юу?
-“Avex”-ийн логотой ямар ч зүйлийг газар хаяхгүй байх, нэрийн хуудсаа өмднийхөө халаасанд хийхгүй байх гэх мэт бяцхан зүйлээс эхэлж шаардлага тавина. Анх биднийг сүмд аваачиж бясалгалд суулгаж байсан. Түүнээс би япон хүмүүсийн дотоод гүн ухаан, сэтгэлийн хат, юманд хандах хандлагыг ойлгож авсан. Ерөнхийдөө чи хүн л юм бол хүнээрээ бай. Худлаа хэлж хэрэггүй, чаддаг бол чад, чаддаггүй бол тэрийгээ юунд нуух вэ гэх зэргээр юмны энгийн үнэнийг чухлаар хардаг. Эхлээд хүнийг дотроос нь тодорхойлж байгаад яг чадах юмыг нь хийлгэнэ. Чадахгүй хүнийг хий гээд зүхэн зүхэн өдрийг өнгөрөөе гэхгүй л дээ.
Япон хүмүүс уйгагүй, тууштай. Юмыг ил гаргадаггүй мөртлөө цаанаа нэг сэтгэлийн бядтай хүмүүс. Нэг хийнэ гээд зоривол үзүүрийг нь харахаас наашгүй, тэр зан чанаруудаас нь суралцсаар л явна даа.
-Таны хувьд багаасаа л урлагийн тогоонд чанагдсан учраас жүжигчин, найруулагч болсон байх. Хэд хэдэн кинонд таны бага нас мөнхөрсөн байдаг?
-Худалч хүнд би бараг гурван настайгаасаа жүжигчин болно гэж бодсон байсан. Энэ үгнээсээ 20 гаруй жил ухраагүй, урваагүй явж ирлээ. Бага насаа нэлээд хэдэн кинонд мөнхлөн үлдээсэн. Яг гол дүрд тоглосон нь “Еэ еэ шар Буд аа” киноны Будын дүр байсан. Үүнээс өмнө нь "Найрын ширээний ууц”, “Би гэртээ харимаар байна” кинон дээр зурганд орж үзэж байсан учраас харьцангуй туршлагатай болчихсон байсан л даа.
“Еэ еэ шар Буд аа” киноны хувьд аав нэг өдөр "Кино үйлдвэр" дээр дагуулж очоод пробанд оруулж байсан юм. Тухайн үед Цэцгээ найруулагч, оператор Маш ах нар шалгаад тоглуулсан. Тэр кинонд бүтээсэн Буд хэмээх дэлдэн шар хүүгийн “Эмээ та чинь яасан үгэнд дуртай хүн бэ”, “Та яагаад одоо энэ чоныг дандаа зодоод байдаг юм бэ” гээд зарим монологийг би өөрийнхөөрөө гаргасан.
-Дэлхий дээр маш олон улс Чингис хааны тухай кино хийдэг. Тэдний нэг нь Япон болсон. Тэр кинонд та ажилласан гэж сонссон?
-Аав маань "Япон Чингис" гээд энэ киноны зохиолыг дөрвөн удаа бичсэн хүн. Гэтэл япончууд хөрөнгөө гаргаад өөрсдөө "Япон Чингис" гэдэг кино хийнэ ээ гэсний үндсэн дээр И.Нямгаваа найруулагч япончуудтай хамт хийхээр болоод аав маань өөрийнхөө зохиолоор 2008 онд "Үхэж үл болно Чингис хаан" киног монголчуудтайгаа хийсэн байдаг.
Нэг амралтаараа монголдоо оччихсон байхдаа аавтай хамт телевиз үзээд сууж байсан чинь "Япон Чингис"-ийг хийхээр болсон талаар хэвлэлийн бага хурал гарсан. Аав удирдлагаа бариад сууж байснаа "Чи ер нь энэ "Япон Чингис"-ийн кино багт орж ажиллавал" гэх богинохон өгүүлбэр хэлсэн. Тухайн үед би дотроо "Намайг япон яваад нэг юм сураад ир гэдэгтэйгээ адилхан энэ кинон дээр оролцож, киноны багт ажиллах ёстой хүн чи биш юм уу" гэх под тексттэй үгийг хэлэх шиг санагдсан. Тэгээд би ч энэ кинотой холбогдож болох, таньдаг мэддэг хүн хайгаад л байсан, олддоггүй.
Японд очлоо. Анимейшнийхээ багшид хэллээ дээ. Тэгсэн багш маань "Чиний эцсийн найдлага бол Ерөнхий продюсерт нь захиа бичих. Чамд аз байгаад, бичсэн зүйлийг чинь хараад чам руу яривал тэр биз, ярихгүй бол наад бодлоо орхи" гэсэн.
Тэгээд л бичлээ. Тэгсэн хоёр сарын дараа багш нарын өрөөнөөс дуудаад "Чи ийм хүн рүү захидал бичсэн байна. Хариу ирсэн яриад үз" гэлээ. Утсаар ярьсан чинь "Чи ийм хүсэл мөрөөдөлтэй, бодолтой монгол хүүхэд юм бол Токиод хүрээд ир" гэсэн. Очлоо. 30 минут ярилцлаа, "2006 оны тавдугаар сарын 30-нд Монгол явна" гэлээ. Тэгээд л тавдугаар сарын 20-нд монголд ирсэн. Тэр киноны группт ажилласан 400 гаруй хүний дундах ганц монгол нь би болсон.
-Та кино группт яг ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Орчуулагч, Ерөнхий продюсерийн туслахаар ажиллаж байсан. Дараа нь маш олон удаа ярилцлагад орж байж “Avex”-д жинхэнэ ажилтнаар тэнцсэн. Тэр жил 40 мянган хүүхэд өрсөлдөж, 20 нь тэнцсэн юм.
ААВЫГ "ТЕАТРЫН НУУЦ НОЁНТОН" ГЭЖ НЭРЛЭДЭГ БАЙЛАА
-Аавынхаа хүрээгүй газар хүү нь хүрдэг гэж ярьдаг. Одоо хоёулаа аавын тань талаар ярилцая?
-Би аавынхаа тухай ярих хамгийн дуртай. Аавынхаа нөхөрлөлөөр би хүнээр дутахгүй байж, найз нөхөдтэй нь элгэмсүү сайхан явдаг.
Би айлын бага болохоор эрх танхи, тэр болгон хүнээс хатуу хөтүү үг сонсоогүй өссөн. Аав намайг арван сартайд өвөө эмээд үзүүлнэ гээд Хөвсгөл рүү өвөртлөөд явчихсан гэсэн. Аавынхаа энгэрт багтдаг өөдөсхөн юм байж. Гуравтайд аав “Илүү сартай зун” киноныхоо натур руу дагуулж явсан юм. Тэрнээс хойш бүх л уран бүтээл дээр нь дагаж явж байв.
Аав минь уран бүтээлээрээ хүний өмнө гарч, өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг, амьдрал дээр бол их даруухан, хэнд ч өөрийгөө дөвийлгөж, гайхуулж ярьдаггүй хүн байсан юм. "Театрын нууц ноёнтон" ч гэж хүмүүс нэрлэдэг байлаа.
Уг нь бол эдийн засагч мэргэжилтэй хүн байсан ч 1979 оноос уран бүтээлээ хийж эхэлж “Илүү сартай зун”, “Сүүдэр”, “Төрийн сүлд өршөө” /5 анги/, “Би эрчүүдийг хүснэ”, “Тэмүүжин”, “Жамух”, “Чингис хаан”, “Шөнө дундын бүжиг”, “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” зэрэг 50 орчим кино, драмын жүжиг, “Айлын том хүү”, “Сахиул”, “Гитлер бид хоёр” зэрэг олон өгүүллэг, тууж, роман туурвиж үзэгч, уншигчдын хүртээл болгосон.
“Хаан түүх” жүжиг нь ОХУ, БНСУ, ХБНГУ-д тоглогдож, “Би эрчүүдийг хүснэ” жүжиг нь олон улсын театрын наадмаас Гран-При шагнал хүртсэнээс гадна “Сүүдэр”, “Илүү сартай зун” кино нь ОХУ болон Франц улсад зохиогдсон Олон улсын кино наадамд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж байлаа.
Аавыгаа амьд ахуйд нь бид "Таны утга зохиол, урлагийн ноён оргилд гарсан бүтээл туурвилыг давж сэтгэж хийж чадахгүй байх аа. Тиймээс бичсэн зохиолыг чинь найруулаад олон нийтэд хүргэе. Та надад зөвлөгөө өгөөрэй. Тэгээд хоёулаа "Соргодог" гээд энтертаймент групп байгуулна" гэж их ярьдаг байсан.
Аав намайг урлагийн хүн болгох гэж их багаас минь бэлтгэсэн гэж боддог. Тиймдээ ч би ядахнаа уран зохиолын хичээл дээрээ, эссэ бичихдээ өөрөөр харж, сэтгэхийг хичээдэг байсан.
Бас нэгэн түүх ярьж өгөхөд би фэйсбүүк дээрээ "Сорогдогийн Жаргалсайханы Билгүүн" гэх нэртэй байдаг. Өвөө маань Хөвсгөл аймгийн харьяат Соргодог гэж хүн байсан. Харин аав маань тэр гэр бүлд төрж, төр нийгэмдээ данслагдаж, Соргодогийн Жаргалсайхан гэх нэрийг мөнхөлж чадсан гэж боддог. Хараад байхад салбар бүрт Жаргалсайхан нэртэй төлөөллүүд байдаг. "Хасар" Жагай, "Буян"-гийн Жагай, "Харанга"-ын Жагай гээд л харин аав маань тэр хүмүүсээс ялгарах ганц зүйл нь аавынхаа нэрээр өдийг хүртэл овоглож, тэр нэрийг брэнд болгож чадсанд байгаа юм.
-Аавынхаа үйл хэргийг хэрхэн үргэлжлүүлж байна даа?
-Аавынхаа замналыг үргэлжлүүлэх, нэрийг өндөрт өргөх, энэ нэрийг авч явах хариуцлага, зорилго бас их нөлөөлнө. Монголын театрын урлаг, үргэлжилсэн үгийн салбарыг өөрийн оюун ухаан, уран бүтээлээрээ манлайлан явсан эцгийнхээ ажлыг үргэлжлүүлж, улам дэвжээж, өргөжүүлэхийг хүсдэг. "Чингис хааны нууц түүх" дээр гардаг юм даа, "Эцгийнхээ хийж бүтээж дуусгаагүй юмыг бүтээж дуусгахын тулд хүү заяадаг" гэдэг үгийг тэрлэхдээ эцэг минь хүүгээ бодож байсан байж таарна гэж боддог.
Тиймээс би жүжигчин, найруулагч болсны хувьд энэ жил нэг том жүжиг, бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөчихсөн байгаа. Мэдээж хэрэг аавын зохиолоор хийгдэнэ. Аавын зохиолууд албан ёсоор над дээр оюуны өмчөөр бүртгэгдэж явдаг учраас би энэхүү бүтээлүүд дээрээ продюсерээр ажиллах байх.
-Аавын чинь “Чингис хааны нууц түүх” романыг хэвлэгдсэний дараа Чингис хааныг садистаар харууллаа гэсэн шүүмжлэл дуулдаж байсан. Өөрөө юу гэж боддог вэ?
-Энэ номыг нь орос, англи, солонгос хэл рүү хөрвүүлж хэвлүүлсэн. Энэ бол цэвэр уран зохиол. Түүхчид, зарим уншигчид маргадаг. Үгүйсгэж байгаа хүн байгаа бол тайлбараа гаргаад тавьж болно шүү дээ.
Зүчи хэн байсан юм, Бөртэ хатан эх хүнийхээ хувьд ямар хүн байсан юм гээд гаргаж ирсэн өнцөг нь уламжлалт түүхээс өөр л дөө.
-"Чингис хаан" гэж ярихаар хүмүүс яг ямар хүн байсан юм бэ гэж асуудаг. Таны төлөвлөгөөнд орсон жүжиг, киноны Чингис хэн байх бол?
-Монголын маш олон алдартай жүжигчин Чингисийн дүрийг бүтээсэн байдаг. Тиймээс Чингисийн дүрд хэн ч тоглож болно. Яг үнэнийг хэлэхэд би Монголын нууц товчоог 10 гаруй удаа уншсан. Тэгсэн мөртлөө надад Чингис яг ийм байх ёстой, Бөртэ ийм хүн байсан гэх төсөөлөл буудаггүй. Их хүнд хэллэгтэй. Магадгүй Ж.Билгүүн гэх хүн агуа том Монголын нууц товчоог шүүх ёсгүй байх.
Харин С.Жаргалсайхан гэдэг хүн "Үхэж үл болно Чингис хаан" гэдэг зохиол дээрээ Чингис гэж яг хэн байсан бэ гэдгийг гаргаж өгсөн. Энэ зохиолыг магадгүй 100 жилийн дараа ярих байх. Одоо үнэхээр зарим хүмүүс ойлгодоггүй.
Мөн бид үгээрээ, үйлдлээрэй жижигхэн жижигхэн Чингис хаанууд болох ёстой. "Бид Чингис хааны үр сад" гэж хэлээд өөрсдөө нойрхой хувцастай, халтайгаад зогсож байж болохгүй.
-Цаг хугацаа, он жил өнгөрөх тусам хүний зан чанар танигддаг. Ж.Билгүүн ямар зан чанар, зорилготой хүн бэ?
-Миний зан чанарыг намайг хүрээлж буй хүмүүс үнэнээр нь хэлэх болов уу. Би тууштай зантай, амьдралд итгэлтэй, тэр бүр хүний үгээр яваад байдаггүй өөрийн гэсэн ертөнцтэй хүн. Өөрөө хийхээр зорьсон зүйлээ бусдаас туслалцаа авалгүйгээр хийдэг. Эрэгтэй хүн гэхэд өрөвч зөөлөн сэтгэлтэй, нэг шийдсэн бол шийдвэрээ өөрчилдөггүй. Хүмүүстэй ямарваа зүйл яривал цаг нөхцөөх гэж суух дургүй. Цаашлаад аялах дуу хүртэл сэтгэл сэргээх утга санаагүй бол дуулахгүй л гэж боддог хүн дээ. Хүний сэтгэлд нийцүүлэхийн тулд өөрийн хүсэхгүй зүйлээ хүчлэн барьж хийх үнэхээр дургүй. Хувь хүнийхээ хувьд хэнтэй ч, юуны талаар ч, яаж ч харьцаж чадна.
Нөгөө талаар би Монгол хүн гэдгээрээ их бахархдаг. Хүний нутагт Монгол хүн ямар байх ёстойг харуулж, Монгол хүний тэсвэр тэвчээр, зан чанарыг өндөрт өргөх тэмүүлэл намайг хурцалдаг. Сүмод нь Монгол ёкозүна төрж болж байхад урлагт нь яагаад Монгол аваргыг гаргаж болохгүй гэсэн том мөрөөдөл намайг урагшлуулдаг.
-Сүмочид гэснээс тэдэнтэйгээ хэр холбоотой вэ?
-Хакүхо арваад жилийн өмнө намайг сумоч болооч гэж байсан юм. Тэгэхэд би өөр салбараар Ёкозуно болно гэж хариулж байсан. Хоёулаа тал талд хичээе гэсэн. Мань хүн Японы сүмогийн ертөнцийн бүр рекордуудыг эвдчихлээ. Аргагүй л удам судар гэж үүнээс харагдаж байгаа юм.
-Залуу хүн том харж, том мөрөөдөх ёстой гэдэг. Таны мөрөөдлийг сонсвол?
-Би хүчирхэг Монгол Улсыг байгуулахыг хүсдэг. Ингэхийн тулд хүчирхэг залуус бэлтгэгдэж, олон болох хэрэгтэй. Үүнээс гадна "Avex mongolia" гэх компанийг монголдоо байгуулаад монголынхоо зах зээл, шоу энтертаймент менежментийн тал дээр нь оюуны бүтээлээ дээдэлдэг урлагийнхан, продакшныхан хэрхэн ажилладаг вэ гэх ноухауг монголдоо дэлгэрүүлэхийг мөрөөддөг. Ер нь залуу хүний бодол сайхан байх ёстой гэж боддог шүү.
Намайг урагшлуулдаг ганц мотор бол миний ээж. Айлын бага болохоор ч тэр үү, би багаасаа ээжтэйгээ их ойрхон өссөн. Сайн эр хүний ард хүчтэй эмэгтэй бий гэдэг шиг миний ард асаалттай танк мэт ээж минь байгаа гэж боддог. Ээж минь намайг "миний хүү ийм болох ёстой, ингэх ёстой шүү" гэх мэтээр зөв тийш чиглүүлж, зөв хүмүүжил олгосон гэдэгт итгэдэг.
-Хэзээ монголдоо ирж, суурьшин амьдрах вэ гэх асуултыг тавихгүй байж чадахгүй нь?
-Гадаадад амьдардаг байна гэдэг эх орноо хайрлахгүй, санахгүй, санаа зовохгүй байна гэсэн үг биш. Магадгүй би өдийд монголдоо амьдарч байсан бол 2 сая гаран төгрөгийн цалинтай, лизингийн машин, байртай, авгай хүүхэдтэй болчихсон байх байсан болов уу. /инээв/
Би ногоон карттай болохоор байнгын ирж, очин байдаг. Гэхдээ японд байгаа хэдий ч эх орондоо байгаа хүмүүсээс илүү их үүргийг хүлээж, монголдоо хөрөнгө оруулалт хийдэг гэж боддог шүү.
-Таны насны монгол залуус аль хэдийнэ амьдрал зохиогоод хэд хэдэн хүүхэд гаргачихсан байна. Бараг өөрсдийгөө ахмадуудын тоонд оруулчихсан. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Намайг 32-той ч гэсэн монголд очихоор 20 гаруй настай залуус "хөгшөөн" гээд байдаг юм. Тэгэхээр би залуугаараа байгаа биз.
Нөгөөтэйгүүр би монголд байгаа хүмүүсээс 10 гаруй насаар залуу харагддаг гэхээр надад дахиад 10 жил амьдрах боломж байна аа даа. Тиймээс эрт хөгширч, айхтар боловсорсон хүний дүрд тоглохоос гол биш. Нийгэмдээ бодитоор дүрдээ орох ёстой.
Японд 32 нас бол дөнгөж эхлэл шүү дээ. Японы 80 настай хүн дахиад 10 жилийн нас байна аа гэж яриад, юу хийхээ төлөвлөөд явж байдаг. Гэтэл манайд болохоор 50 гараад ирэнгүүтээ л "За би хөгшин хонины насгүй болсон" гээд л яриад эхэлдэг. Манайхан үүнийгээ эрс тэс уур амьсгал, утаа тоос шороотойгоо холбож тайлбарлаад байдаг. Энэ сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.
-Нэг ярилцлагаас тань 2020 онд улс төрд өрсөлдөнө гэж уншиж байсан. Үнэн үү?
-Улс төр гэдэг бол хэрвээ чи гараа дүрсэн бол сугаа хүртэл дүр ээ гэсэн тоглоом. Энэ тоглоомоор тоглох нас маань болоогүй байна. Би ямар нэгэн зүйлийг эхлүүлэхийн төлөө нөгөө зүйлийг орхихгүй байх ёстой гэсэн хувирашгүй бодолтой хүн. Ер нь хэн нэгний өмнөөс кноп дардаггүй улс төрчийг бий болгоё гэж бодож байгаа бол эртнээс бэлдэх ёстой гэж би боддог.
-Монголын кино урлагийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөөч?
-Би монголын хөрсөн дээр төмс, лууван тариагүй байж хажуугийн хүний тариалангийн талбай руу харснаа өө чиний лууван чинь ямар хорчигор юмбэ, төмс чинь ямар гэж хэлэх эрхгүй. Монголчуудад болж байгаа зүйл олон бий. Тэр бүгдийг магтаж, дээш гаргах ёстой. Тэгэхгүйгээр муулаад, матаад л байж болохгүй.
-Монголын нэг дуучинг, жүжигчинг, бүжигчинг Зүүн өмнөд азид од болгоё гэвэл яах вэ?
-Би 12-13 настай хүүхдээс эхлээд маш зарчимчаар, дотуур байранд амьруулаад бүхий л талаар бэлдэх хэрэгтэй гэж бодож байна. Хүн хэн болох вэ гэдгээ их багаасаа мэдэх ёстой. Тэгэлгүйгээр бүжиглэж, дуулж, дж хийж байгаад 20-30 гарсан хойноо би ийм болмоор байна аа гэвэл хэцүү. Тиймээс эмэгтэй, эрэгтэй хүүхдүүдийн зах зээл нь хаана байгааг судалсныхаа дараа бэлтгэх хэрэгтэй.
-Та үүрэгт ажлаасаа гадна "Сорогдогийн Жаргалсайхан" сан, "Монгол Японы хөрөнгө оруулалтыг дэмжих" төвийг хариуцан ажилладаг. Үйл ажиллагаа хэр жигдэрч байна?
-2015 онд байгуулагдсан "Сорогдогийн Жаргалсайхан" сангийн хувьд өнгөрсөн 10-р сард Монсудар хэвлэлийн газартай хамтран "Чингис хааны нууц түүх" номыг илүү өргөн хүрээнд түгээх зорилгоор хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ жил аавын минь мэндэлсний 60 жилийн ой болж байгаа учир олон төрлийн арга хэмжээ, ажлууд төлөвлөж байна.
"Монгол Японы хөрөнгө оруулалтыг дэмжих" төвийн ажилдаа энэ жил их шаргуу орох санаа бий. Хоёр орны хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд монгол дахь бизнес эрхлэгчдэдээ бүх төрлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, холбох зэрэг асуудалд анхааран сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулна. Өнгөрсөн жилүүдэд хийж чадаагүй, холбогдож чадаагүй салбаруудыг, ажлуудыг тодорхойлж, хооронд нь холбох гүүр нь болъё гэж зорьж байна даа.
-Ер нь Японы хөрөнгө оруулагчид монголтой хамтран ажиллах тал дээр ямархуу байр суурь баримталдаг вэ?
-Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй байна гэдэг цэвэр улс төрөөс шалтгаалж байгаа зүйл юм. Монголд гадны улс орнууд хөрөнгө оруулахгүй байна аа гэдэг чинь мөн л улс төрийн тогтворгүй байдалтай л холбоотой байхгүй юу. Хүн хөрөнгө оруулалт хийе гээд ирэхээр өнөөдөр угтаж авсан Дорж, маргааш Дулмаа болчихсон сууж байхаар хэн ч "Чамд итгэх итгэл алга аа" гэж хэлнэ биз.
Гэтэл манайхан үүнийг хэтэрхий том өнцгөөс, томруулж яриад байдаг. Угтаа бол энгийн жижигхэн л асуудал. Улсын зөв бодлого, төрийн залгамж халаа гэх зүйл тогтвортой байж байхад л аяндаа бүтэх юм.
-Таны хувьд Зиндаа гэж юу вэ?
-Зиндаа гэдэг үг чухал үг шиг санагддаг. Хэн хүн хаана байна вэ гэдгийг мэддэг зэрэг дэвийг энэ үгээр илэрхийлнэ. Японы сумогоор яривал дээд зиндаа гэдэг шиг. Сүмод Ёзокуна болчихлоо гэхээр тэнгэрийн хүн боллоо, тэнгэрт гарлаа гэж ярьдаг.
Эсрэгээрээ хурдан морь уяад, Rangerover унаад, 9911-тэй дугаар барихаараа зиндаатай болдоггүй юм аа гэдгийг л хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 8 )
Монголын гадаадад сурч боловсроод мэргэжлээрээ гадааддаа ажиллаж бгаа өч төчнөөн сайхан залуучууд бн. Монголд яг одоо бгаа залуучууд жоохон зорилготой сэргэлэн урагшаа тэмүүлсэн мундаг болоосой. Мөнгөгүй гдг зүылээсээ холдож чадахгүй сэтгэлийн гутралтай болцгооцон бн
sain baina
Ene zaluutai uchigdur taniltssan yum. Iim mundag zaluu ch gej medsengui. Naiziin shugmaar taniltssan yum. Yarij baigaa shigee ih tuluv daruu zaluu baina lee. Mundag amjilt husie.
Mundag zaluu bn
Saihan aaviinhaa neriig huuddug muu l huu bn. Ekuzana gedeg ug hezeech Mongol hun medehgui Aavaasaa asuu. Mal shig huuhdee mongol helee tugs sur. tegeed Mongol bol
гоё ярилцлага байна залуу хүн зорилготой зорилттой явах ёстой амьдрал хэзээ ч оройтохгүй, үеийн залуучууддаа үлгэр дууриал болох залуу байна залуу хүн ийм л байх ёстой. Амжилт хүсье
Сайхан хүү байна. Аавынх нь занчанар харагдаж байна .Амжилт хүсье. Мөрөөдөл биелдэг юм гэж учиртай сайхан үг шүү.
Сайхан ярилцлага байна, залуучууд уншаасай билээ дээ