Чавхдаст хөгжмийн чадлыг гайхуулсан нь...

2017 оны 05 сарын 22

Чавхдаст хөгжмийн чадлыг гайхуулсан нь...

Танхим дүүрэн үзэгчид, тэгсэн атлаа нам гүм... Тайзнаа гэрэл тусахтай зэрэгцээд танхимын гэрэл унтарлаа. Хөгжмийн уран яруу агаад утга төгөлдөр хөгийг хүсэн хүлээсэн үзэгчдийн сэтгэл догдлом мөч ийн ирлээ. Эхлээд Моцартын “Чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээл” эгшиглэв. Чавхдаст хөгжмийн ая дангаар хөглөгдсөн хүмүүсийн анхаарал гагцхүү ганц л зүйлд төвлөрөө юу гэлтэй...

Үзэгч, сонсогчдын аж байдал анхаарлын дээд цэгтээ хүрчээ. Хөгжмийн гайхамшгийг тэр тусмаа чавхдаст хөгжмийн чадлыг дээд цэгт нь харуулж буй эл хөгжмийн дөрвөл бол Герман улсын алдарт “Мингет Квартет” хамтлаг юм. Ази, Европын орнуудаар аялан тоглолт хийж буй тэд Монгол Улсын Филармонийн тайзнаа энэ сарын 19-ний үдэш дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс эгшиглүүллээ.


Сонгодог хөгжмийн тоглолтыг шимтэн сонсохоор ирсэн үзэгчдийн дунд тав зургаахан настай бяцхан үзэгчид цөөнгүй харагдсан нь үнэхээр олзуурхууштай. Урлагаар хүмүүжиж, хөгжмөөр хөглөгдсөн хүүхдүүд Монголын маань ирээдүй гэж бодохоор цаанаа л нэг сэтгэл бахдам санагдсаныг нуух юун.

Европт төдийгүй дэлхийд цууд гарсан чавхдаст хөгжмийн тус хамтлагийн тоглолтыг үзэхээр ирсэн хөгжмийн хорхойтнууд “Аливаа зохиол бүтээлийг тайзнаа амилуулах аялгуу эгшиг, илэрхийлэл нь хамгийн жижиг хэсгийг ч тод томруунаар буулгадаг нь гайхамшигтай санагдлаа” хэмээн Мингет Квартет хамтлагийнхныг гайхан биширч байсан юм.

“Монголын үзэгч, сонсогчдын уур амьсгал үнэхээр сайхан байлаа”


Ингээд тоглолтын төгсгөлд тус хамтлагийн ахлагч  Улрич Исфорттой цөөн хором ярилцлаа.

-Тоглолт маш сайхан боллоо. Баяр хүргэе...

-Баярлалаа.

-Монголд ирээд хэд хоносон бэ. Монгол орон ямар санагдаж байна вэ?

-Монголд ирээд гурав хонож байна. Харамсалтай нь маргааш явах хуваарьтай. Манай найз гурван сарын турш Монголын хөдөө нутгаар аялж байсан тухайгаа урьд өмнө нь ярьж байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан орон гэж байсан. Миний хувьд хэдийгээр хөдөө нутгаар нь явж үзээгүй ч Улаанбаатар хот нь маш их таалагдсан. Хотын төв дотроосоо тойроод уул харагдаж байгаа нь их сайхан санагдсан. Уур амьсгал нь дулаахан, нэг л гоё дотно санагдаж байна. Хамгийн гол нь тав тухтай, тохилог санагдсан. Өнөөдөр Гандан гарч үзсэн. Үнэхээр сүрдмээр санагдсан шүү.

-Гандан дотор зураг авч байгаад торгуулсан гэсэн үү?

-/Инээв/ Тэр хосгүй гайхамшигт бүтээлүүдийг хараад өөрийн эрхгүй утсаа гаргаж ирээд зургийг нь авах хүсэл төрсөн. Тэр нь жаахан үл ойлголцол буй болгосон ч хүмүүс нь маш найрсгаар асуудлыг шийдэж өгсөн.

-Танай хамтлаг 1988 онд байгуулагдсан гэж байсан. Байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд өөрчлөгдсөн үү. Одоогийн бүрэлдэхүүнд байгаа дөрвөн хөгжимчин тухайн үеийн гишүүд үү?

-Манай хамтлаг 1988 онд байгуулагдсан. Одоогийн бүрэлдэхүүнд байгаа хөгжимчид маань энэ хамтлагтаа тоглоод 20 гаруй жил болж байгаа. Бидний хувьд хамтдаа маш олон жил хөгжмөө тоглож байна.

-“Мингет Квартет” хамтлаг Европын бараг бүх орны тайзнаа тоглолтоо толилуулсан гэж сонсож байсан. Харин Азийн орны хувьд Монгол хэд дэх нь болж байна вэ?

-Энэ удаагийн аялал маань арай богинохон явж байна. Азийн орнуудаас хамгийн анх БНСУ-ын Тон Ён, Сөүл зэрэг хотод тоглолтоо хийсэн. Харин хоёр дахь орон нь Монгол болж байгаад баяртай байна. Бид Монголоос Хонгконг руу очиж дараагийн тайлан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа.


-Та бүхэн” Хөгжим бүжгийн коллеж”-д мастер класс тавьсан гэсэн. Монголын хөгжимчид, монгол хүүхдүүдийн хөгжмийн чадвар ямар санагдав?

-Монгол хүүхдүүдэд чавхдаст хөгжмийн дөрвөлийн техникийн аргуудаас зааж өгсөн. Монгол хүүхдүүд маш мэдрэмжтэй, маш сайн сурч байсан шүү.

-Монголын тайзны орчин ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

- Филармонийн тайз үнэхээр дулаахан дотно мэдрэмжийг төрүүлсэн. Яагаад ч юм багш маань бодогдсон. Миний багш орос хүн байсан. Орос орны тайз мэт санагдсан. Хамгийн гол нь үзэгч, сонсогчдын уур амьсгал үнэхээр сайхан байлаа. Монгол оронд дахин ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа.

Ийнхүү чавхдаст хөгжмийн дөрвөлөөр дэлхийд алдаршсан Мингет квартет хамтлаг монголчуудтай нэгэн үдшийг сонгодог хөгжмийн хөг аялгуунд хөглөгдөн өнгөрөөсөн юм. Тус хамтлагийн тоглолтыг Монголын тайзнаа толилуулах идэвх санаачлагыг гаргасан Гёте институт, Монгол Улсын филармонийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

 

С.Өлзий

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жудаг(139.5.217.80) 2017 оны 05 сарын 23

За ер нь иймэрхүү сурвалжлага их өгүүлэгдэж байна шүү. Стрэс тайлагдчихлаа.

0  |  0
Жудаг(139.5.217.80) 2017 оны 05 сарын 23

За ер нь иймэрхүү сурвалжлага их өгүүлэгдэж байна шүү. Стрэс тайлагдчихлаа.

0  |  0
unshigch(93.91.80.7) 2017 оны 05 сарын 22

Ayataihan survaljlaga boljee. Amjilt husie!

0  |  0
Top