Р.Гирийн бүтээсэн дүрүүдийн дотроос өөрийн гэсэн онцлогтой, хамгийн амжилттай болсон дүрүүдийн нэг бол “Соммерсби” киноны Жек Соммесбийн дүр гэж үздэг. Иргэний дайнд оролцохоор мордсон архичин, дарангуйлагч Жек Соммерсби гэгч дайн дууссанаас зургаан жилийн дараа нутагтаа эргэн ирж байгаагаар киноны үйл явдал эхэлдэг. Түүнийг ирэхэд тосгоныхон тэр байтугай эхнэр нь хүртэл дургүй байдаг. Гэтэл зэрлэг догшин араншинтай, хувиа хичээгч тэр энэрэнгүй сэтгэлтэй эерэг нэгэн болж хувирсан байсан нь бүхний гайхлыг төрүүлнэ. Гэвч удалгүй учир тайлагдаж эхэлнэ. Дайнаас эргэж ирсэн эр бол Жек Соммерсби бус түүнтэй усны дусал мэт адилхан нэгэн болох нь мэдэгддэг. Тэрбээр Жинхэнэ Жек Соммерсбийн эхнэртэй хайр сэтгэлийн холбоотой болж үрийн зулай үнэрлэдэг. Түүгээр ч зогсохгүй тосгоны амьдралд олон эерэг өөрчлөлтүүдийг хийж улмаар бусдын төлөө амь насаа зориулж байгаа тухай өгүүлнэ.
XVI зууны үеийн АНУ-ын тариачдын амьдралыг маш бодитой, сонирхолтойгоор дүрсэлж чадсан энэхүү киног Холливудын түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж урлаг судлаачид үздэг юм. Кинонд XVI зууны үеийн америкийн фермерүүдийн амьдралыг маш бодитойгоор дүрсэлж чаджээ. Жек Соммерсбийн шүүх хурлын хэсгээр тухайн үеийн хууль эрхзүйн орчинг, хар арьстнуудын амьдрал, Ку-клукс-клан (Хар арьстнуудыг үзэн ядаж, алж хядан гэрийг нь шатаадаг байсан бүлэглэлийн нэг)-ы балбад ажиллагаагаар нийгмийн сөрөг талыг харуулсан. Энэ утгаараа уран сайхны кино гэхээсээ танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл болж чадсан. Хайр дурлал, адал явдал, сэтгэл дэнслүүлсэн нууцлаг түүх гээд кинонд дутуу зүйл үгүй. Үүнээс гадна “Соммесби” киног бүтээгчид, найруулагч Николас Майер хөдөө аж ахуйн түүхийг харуулах маш үр дүнтэй оролдлого хийсэн гэж үздэг. Энэ нь тухайн үедээ цоо шинэ зүйл байж “Хөдөө аж ахуйн, түүхэн” гэж нэрлэгдэх киноны анхны шанг татсан түүхтэй. .
“Соммерсби” кино нь Францын найруулагч Даниэль Винягийн найруулж, Жерар Депардье, Натали Бей нарын гол дүрийг нь бүтээсэн “Мартин Герр эргэж ирсэн нь” киноны америк хувилбар юм. Гол дүрд кино од Ричард Гир, тухайн үед Оскарын шагналыг хоёр удаа хүртээд байсан Жоди Фостер нарыг тоглуулсан нь киног амжилт олоход маш их нөлөөлсөн бөгөөд 12 мм-ийн хальсаар бүтээгдсэн кинонуудаас олсон орлогын хэмжээгээр эхний 20-д бичигддэг юм.
Кинонд нэг бус хүчирхийлэл, сексийн үйл явдал гардаг ч PG-13 ангилалд багтдаг. Жек Соммерсбийн дүр бол сайн сайхны бодит илэрхийлэл болсон дүр тул эцэг эхчүүд хүүхдүүддээ энэ киног үзүүлэх дуртай байдаг юм. “Мартин Герр эргэж ирсэн нь” зохиолыг мөн Испани, Голландын уран бүтээлчид өөрсдийнхөө орны нөхцөлд тохируулан бүтээсэн байдаг юм. Уншигч та ч энэ киног заавал олж үзээрэй. Үнэхээр гайхалтай байх болно шүү.
“Соммерсби”
Ангилал: PG-13
“Warner Bros” кино компанийн бүтээл
Найруулагч: Жон Амиел
Зохиолыг бичсэн: Николас Майер, Сара Керночэн
Үргэлжлэх хугацаа: 110 минут
Орлого: Дэлхийд 90 сая, АНУ-д 50.1 сая ам.доллар
Үзэгчдийн тоо: АНУ-д 12.1 сая, Германд 3.03 сая, Испанид 1.59 сая
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )