Улсын филармонийн симфони найрал хөгжмийн уран бүтээлчид СОНГОДОГ ХӨГЖМИЙГ илүү ойроос хүргэж байна

2017 оны 05 сарын 25

Улсын Филармонийн симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд сонгодог хөгжмийг сурталчилан таниулах “CLASSIC TIME” цуврал арга хэмжээг иргэдэд нээлттэй толилуулж байна. Тус арга хэмжээний анхны тоглолт өнөөдөр “Blue Mon” төвд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний талаар үзэгч, хөгжимчдөөс тодруулахад...

Симфони найрал хөгжмийн концертмейстр З.Туяа

“Ойн баяраа тохиолдуулан үзэгчиддээ баяраа хуваалцаж энэхүү өдөрлөгийг зохион байгуулаад байна. Бид угаасаа ард түмэндээ зориулж тоглолтоо хийдэг. Гэхдээ ийнхүү үзэгчдийнхээ дэргэд тоглолт хийж байгаа нь илүү сайхан санагдаж байна” гэлээ

Симфони найрал хөгжмийн хийлч М.Хулан

“Сэтгэгдэл өндөр байна. Үзэгчиддээ тайзан дээрээс биш илүү ойроос хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж байгаадаа баяртай байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар иргэд сонгодог хөгжмийн гайхамшгийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна аа” хэмээв

Үзэгч Д.Буянтогтох

 “Би энд өдрийн хоол идэх гэж ирсэн. Өдрийн хоолондоо ороод гарч ирээд ийм сайхан хөгжим сонсоно гэж санасангүй. Сонгодог хөгжим сонсоод сэтгэл сэргэж, стресс тайлагдаад сайхан байна. Театрт очоод сонгодог хөгжим үзэхээр өөрийн эрхгүй биеэ бариад суудаг бол энд үзэхэд хөгжим дотор орсон юм шиг, надад илүү ойр санагдсан. Филармонийн хамт олондоо олон сайхан бүтээлүүдийг бидэнд толилуулаарай гэж хэлмээр байна” гэв

Үзэгч Э.Эсүүнгээ

“Филармонийн хөгжимчид уран зургийн галерейн орчинд ирж хөгжим тоглож байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Манайд анх сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулъя гэхэд эерэгээр хүлээж авч, дэмжсэн. Тайзнаас үзэхээс илүү дэргэдээс сонгодог хөгжмийг мэдэрч байгаа болохоор илүү өгөөжтэй санагдлаа.

“CLASSIC TIME” цуврал арга хэмжээ нь “Blue Mon” -д зохиогдоод дуусахгүй ба 05-р сарын 27-нд Шангирила Молл, 5-р сарын 28-нд Хүннү Молл, 5-р сарын 30-нд Central tower гэх мэт газруудад зохиохоор төлөвлөгдөөд байна. Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн тоглолт 06-р сарын 05-нд Дуурь бүжгийн эрдмийн театр дээр болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9919-6623

Facebook хуудаснаас

Монгол Улсын Филармони

@mongolianstatephilharmonic

 

Б.Янжиндулам

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.183.233) 2017 оны 05 сарын 25

КОНЦЕРТМЕЙСТЕР ЗАДГАЙН ТУЯА ТАРГАЛЖЭЭ , ТАЛАРХЪЯ

0  |  0
uzegch(93.91.80.7) 2017 оны 05 сарын 25

Bayar hurgie! uneheer saihan sanagdlaa.

0  |  0
Top