“Орчин үеийн Улаанбаатар” гэрэл зургийн уралдааны тэргүүн байруудыг шалгарууллаа

2017 оны 06 сарын 02

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч, уран бүтээлчдийн дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдааныг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-аас тавдугаар сарын 14 хүртэлх хугацаанд зарлаж, 27 оролцогч 165 бүтээлээр өрсөлдлөө. Баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх, өв соёлыг харуулсан байх шаардлагатай гэсэн үндсэн гол шалгуураар уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхний 3 байрыг тодруулсан юм.

Уралдаанд оролцож өрсөлдсөн бүтээлчдээс “Өдрийн сонин”-ы гэрэл зургийн сурвалжлагч Ц.Мягмарсүрэн “Үд дунд” бүтээлээрээ тэргүүн байрт, Itoim.mn сайтын гэрэл зургийн сурвалжлагч Э.Ганзориг “Их хотын амьдрал аз жаргалаар дүүрэн” бүтээлээрээ дэд байрт, Гэр зурагчин С.Бат-Эрдэнэ “Туулын хөндийн шөнө” бүтээлээрээ гутгаар байрт шалгарав. Тэмцээний тэргүүн байрын  эздэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шагналыг гардуулж, амжилт бүтээлийн дээдийг хүслээ.

Тэрбээр “Нийслэл маань өдрөөс өдөрт өнгө орж, шинэ барилга багууламж, бүтээн байгуулалтаар хүрээлэгдсээр байгаа билээ. Бид ажил хөдөлмөрөө хийж явсаар хотын хөгжлийн зарим сайхан зүйлсийг анзааралгүй өнгөрөөдөг. Тэгэхээр та бид хотын түүхийг бичиж, хадгалж үлдэх учиртай. Хот ямар байж байгаад ямар болсон. Хотын хуучин гудамж ямар байсныг яаж тохижуулсан гэх баримт зайлшгүй бидний хойч үед үлдэх шаардлагатай. Тиймээс гэрэл зурагчидаа дэмжих үүднээс хотын зүгээс энэ уралдааныг зарласан. Нөгөө талаас Улаанбаатар хотын өнгө төрхийг гадна дотнын  гэрэл зураг сонирхогчид, иргэд, жуулчдад харуулах үүднээс гэрэл зургийн фонд үүсгэх зорилгоор  уралдааныг зарласан. Идэвхтэй оролцсон гэрэл зурагчиддаа баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

“Орчин үеийн Улаанбаатар” гэрэл зургийн тэмцээний тэргүүн байрын шагналт Ц.Мягмарсүрэн “”Өдрийн сонин”-ы гэрэл зурагчнаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү  тэмцээнд ирүүлсэн зургийн маань агуулга өгөгдсөн сэдвийнхээ хүрээнд аз жаргалтай гэр бүлийг их хотын шинэ содон бүтээн байгуулалтын хамт цогцлоож харуулахыг хичээсэн. Хамгийн сүүлд 2 жилд нэг удаа болдог “Монголд монголчууд-Нэг өдөр” тэмцээнд оролцож тусгай байрыг эзэлсэн” гэлээ.

Itoim.mn сайтын гэрэл зургийн сурвалжлагч Э.Ганзориг “Хэвлэлийн салбарт 3 дахь жилдээ ажиллаж байна. Фото зургийн уралдаанд багагүй оролцдог. Энэ удаагийн тэмцээнд ирүүлсэн “Их хотын амьдрал аз жаргалаар дүүрэн” бүтээлээрээ хотын амьдрал нэгэн хэвийн үргэлжилж, бидний дунд аз жаргал, инээд хөөр, зовлон гунигаар ээлжилдэг ч хамгийн чухал нь элэг бүтэн гэр бүлийн аз жаргал байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” хэмээлээ.

Гэр зурагчин С.Бат-Эрдэнэ “Энэхүү уралдаанд оролцоод 3 дугаар байр эзэлсэндээ маш их баяртай байна. “Туулын хөндийн шөнө” зургаараа Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтээс гадна байгаль буюу Туул голын хөндийн үзэсгэлэнг тодруулан харуулахыг зорьсон” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top