Монголын хамгийн олон хуудастай “Зиндаа” сэтгүүл утга зохиолд шимтэн дурлагч уншигчдадаа зориулсан “Онгод” хэмээх сэтгэл хөглөмөөр сайхан булантай юм. Уг буланг зохиолч, яруу найрагч Э.Хархүү хөтөлдөг аж.
“Онгод” буланд энэ цагийн болоод мартагдаж болшгүй шилдэг зохиолчдын бүтээл, дурсамж хөрөг, шинэ авьяастны шүлэг, өгүүллэг, мөн эссе болон уран зохиолын бусад төрлүүд нийтлэгддэг юм байна. Бас Монголын суут соён гэгээрүүлэгч, бичгийн их хүн, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн эрхлэн гаргадаг “Дал” сонины нэрэмжит дэд буланг оруулсан нь эрхлэн гаргагчийн мэдлэг оюун, ухаан бодлоос ундран гарсан шижир мэт үнэн үгсийг шимтэн унших ховорхон боломжийг олгож байгаагаараа “Зиндаа” сэтгүүл онцлогтой юм.
Хамгийн эхний дугаарын “Онгод” буланд Сормууниршийн Дашдооров агсны тухай “Бууж мордох хорвоо” хэмээх сайхан өгүүллэгээр нь гарчигласан хөрөг дурсамж нийтлэгджээ. Уг өгүүллэг нь хүний хорвоогийн ирэх, буцах жам ёс, гэгээн сайхан сэтгэл, монгол өвгөдийн нүнжиг мөсний тухай өгүүлсэн сонгодог зохиол учраас хөрөг дурсамжийг ийнхүү нэрлэснээ буланг хариуцагч эрхэм Э. Хархүү дурджээ.
Бас олон жилийн өмнө Монголын утга зохиолын салбарт цахиур хагалж явсан авьяаслаг зохиолчдын он цагийн уртад ч хуучиршгүй сонгодог өгүүллэгүүдээс энэ булан уншигчдадаа толилуулах аж. Дэндүү богинохон насласан ч дэндүү урт хугацаанд уншигчдын зүрх сэтгэлд хоногших гайхалтай бүтээлүүд туурвиж чадсан зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн агсны “Хандмаа” хэмээх ухаарал, уянга хосолсон өгүүллэгийг “Онгод” булангийн “Хуучиршгүй шинэ” дэд булан энэ дугаартаа онцолсон байна.
С.Хонгорзул
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл ( 0 )