Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа гоцлол хөгжимчдийн концерт тоглогдоно

2017 оны 06 сарын 06

Хүсэлтийн  тухай

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол үндэсний урлагийг уламжлан өвлүүлж, сурталчилан таниулан хөгжүүлж яваа 67 жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн Эрдмийн Чуулгын хамт олон 2016 оны 11 сарын 02-нд Монгол Улсын Засгийн Газрын 129-р тогтоолоор Үндэсний Урлагийн Их Театр хэмээх шинэ нэртэй болсоныг дуулгахад таатай байна.

ХХ зууны хоёрдугаар хагас буюу 1962 онд Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж санаачлан Хубилай хааны үеэс уламжлалтай их найрлыг сэргээн Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан билээ. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” 20-р зарлигаар өргөжин дахин сэргэсэн юм.  Монгол төрийн ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ИХ НАЙРЛЫН  55 жилийн хүрээнд “Гоцлол хөгжимчдийн концерт”-ыг  6 сарын 10-ны 18:00 цагт ганцхан удаа тоглоно. Их найралын олон улсын уралдаант болон үндэсний хэмжээний шагналт хөгжимчид Монголын нэрт хөгжмийн зохиолчдийн болон Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр тоглох болно. Ийм хэмжээний тоглолт монгол улсад анх удаа тоглож байгаагаараа онцлогтой

Энэхүү тоглолтыг VIP төвшинд зохион байгуулж байгаа бөгөөд  “Цагаан –эсгий” ёслолын үйл ажиллагаа,  “k-wine” –ны  бүтээгдэхүүнүйлчилгээгээр  үзэгчдээ угтаж,  тав тухтай орчинг бий болгож, үзэгчдэд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, мартагдахааргүй сайхан үдэшийг бэлэглэж, их найрлынхаа хөгжимчдийн яруу тансаг аялгууг үзэгч түмэндээ өргөн барих юм.  Энэхүү тоглолт арга хэмжээнд танай компани 5 ширхэг тасалбар худалдан авч бидний үйл ажиллагааг дэмжихийг хичээнгүйлэн хүсэж байна.

 

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫНТАЙЗНАА МОНГОЛ ТӨРИЙН  ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ИХ НАЙРЛЫН 55 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГОЦЛОЛ ХӨГЖИМЧДИЙН КОНЦЕРТ 6 сарын 10-ны 18:00 цагт  ТОГЛОГДОНО.

 

Монгол хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр илэрхийлэхдээ  хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний томоохон ололт юм.

Хүннү гүрний үед Монголын анхны төрт улс бий болж төрийн ёслол хүндэтгэлийг хөгжимтэй холбож ирсэн бөгөөд Найрал хөгжмийн түүхийн мөчлөгийг Хүннү гүрний үеэс эхлэн ХIII зуун  буюу дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн найрал хөгжмийг бүтээсэн түүхэн оргил үе болох Их Монгол улсын хаан Эзэн Чингис, түүний үе залгамжлагч Өгөдэй, Гүюг, Мөнх нарын үеийн хөгжмийн хороо, их найрал, Хубилай хааны Их Юань улсын ордны 512 хүнтэй их найрал хөгжмийн түүхээс судлан үздэг юм. Эдгээр ордны дуу хөгжим, хаадын үе залгамжлалын тухай үнэ цэнэтэй баримт алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, Вилъям Рубрук нарын тэмдэглэл бичгийн дурсгал, “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч”, “Болор эрхи”, “Хөх судар” зэрэг цаг цагийн түүхэн сурвалж, ном товхимолд хадгалагдан байна.

Чингис хаан, түүний залгамжлагчид байлдан дагуулалтынхаа нүргээн дундаа хүмүүний сэтгэлийн учгыг хөндөж чадах хөгжмийн зэмсгийн  хүч чадалд анхааран, эзлэн суусан улс орныхоо шилмэл, шилдэг бүхнийг олж танин, хураан цуглуулж чадсаны үр дүнд өргөө ордондоо олон арван хүнтэй чуулга төдийгүй дөрөв таван зуун хөгжимчинтэй Төрийн их найрал хөгжим бүрдүүлж байсан нь зүгээр нэг зугаа цэнгэлийн хэрэглээ бус  шашин шүтлэг, хэл соёлоороо өөр өөр ард түмний сэтгэлийг түвшитгэх төдийгүй тэдний бишрэл хүндэтгэлийг олох холч санааны илрэл байв.

ХХ зууны хоёрдугаар хагас буюу 1962 онд Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж санаачлан түүхэн их найрлыг сэргээн Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан юм. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” 20-р зарлигаар өргөжин дахин сэргээжээ.Энэ удаад үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчдийн  бүтээлүүдийн  яруу тансаг аялгууг та бүхэндээ өргөн барихаар боллоо.

 

 

ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭСГЭЭС.........

Үүнд: Д.АРИУНБОЛД “Нөмрөг  хадны дууль” Гоцлол хөгжимчин Д.АДЪЯАДОРЖ, Үндэсний Хөгжмийн Их Найрал, Удирдаач МУГЗ.Н.Буянбаатар

Ж.БИЗЕ “Кармен фантази”Гоцлол хөгжимчин Т.ӨЛЗИЙЖАРГАЛ, Үндэсний Хөгжмийн Их Найрал, Удирдаач МУГЗ.Н.Буянбаатар

Ш. ӨЛЗИЙБАЯР “Эвэр бүрээ, цуур хөгжимд зориулсан концерт”Н.ЖҮРМЭДДОРЖ, Үндэсний Хөгжмийн Их Найрал, Удирдаач МУГЗ.Н.Буянбаатар

Б.ШАРАВ “Шанз хөгжимд зориулсан концерт ” Гоцлол хөгжимчин Ц.БАТЖАРГАЛ,Үндэсний Хөгжмийн Их Найрал, Удирдаач МУГЗ.Н.Буянбаатар

Н.ПАГАНИНИ “Мосе фантази” Голцол хөгжимчин Э.МӨНХБАЯРҮндэсний Хөгжмийн Их Найрал, Удирдаач МУГЗ.Н.Буянбаатар

Цэн. ЭРДЭНЭБАТ “Торгоны зам” Гоцлол хөгжимчин Ө.АРИУНХИШИГ, Үндэсний Хөгжмийн Их Найрал, Удирдаач МУГЗ.Н.Буянбаатар

ВАН ЖЭ МИН “ №1 Рапсоди”  Гоцлол хөгжимчин Ч.ОТГОНБАЯР, Үндэсний Хөгжмийн Их Найрал, Удирдаач МУГЗ.Н.Буянбаатар

Ж.ГЕРШВИН “Блюз Рапсоди” Гоцлол хөгжимчин  Г.ШИНЭБАЯР нарын гоцлол хөгжимүүдээс гадна Үндэсний хөгжмийн их найрлын шилдэгийн шилдэг бүтээлүүдийг тоглоно.

Монгол оюуны шавхагдашгүй ундарга

Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрлыг бахдан биширтүгэй

 

Үндэсний урлагийн их театрын маркетингийн алба

11323954, 88023954, 88001047

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top