Германы хамгийн алдартай жүжигчинтэй та бүхнийг уулзуулъя. Тиль Швайгер бол Холливудад амжилт олж буй цөөхөн герман жүжигчний нэг юм.
-Таныг олон талтай жүжигчин (тэрбээр тэмцэлт киноны од, мөн кино зохиол бичиж, найруулагчийн ажилд хүчээ сорьдог) гэдгийг мэднэ. Гэхдээ л гэв гэнэт инээдмийн кинонд тоглоод унах юм гэж санасангүй шүү. Үнэнээ хэлээрэй, энэ бол жинхэнэ супер оддын л үйл хэрэг гэдэгтэй санал нийлнэ биз?
-Хэдхэн жилийн өмнө л надад мөнгө ч, нэр алдар ч байгаагүй. Бурхан ихэнх жүжигчдэд аль нэг төрлийн кинод тоглоход арай илүү тохиромжтой дүр төрх, авьяас хайрласан байдаг нь нууц биш. Гэхдээ би бол жүжигчин хүн ямар ч дүрийг бүтээж чаддаг байх ёстой гэж боддог. Сүүлийн үед уянгын инээдмийн кинонд дүр бүтээж үзмээр санагдаад байх болсон болохоор энэ кинонд тоглосон юм. Харин кино зохиолын хувьд гэвэл, хархүү бүсгүйтэй танилцаад эхлээд бие биенээ үзэн яддаг байснаа дараа нь бие бидээ татагдах болж, улмаар хамт үлдэнэ. Аз жаргалтай төгсдөг энгийн л зохиол. Гэхдээ бодит амьдрал дээр байх боломжгүй тийм л үйл явдал л даа. Эхний ангийнх нь үйл явдлыг хадгалахыг хүссэн. Саятан залуу янхан бүсгүйтэй амьдралаа холбосон түүх зөвхөн “Хөөрхөн хүүхэн” дээр л гардаг. “Хөөрхөн хүүхэн”-ий эхний анги их мөнгө олсон болохоор л үргэлжлэлийг нь хийж байна гэсэн яриа гарсан байсан. Үүнтэй санал нийлэхгүй.
-Таныг эмэгтэйчүүдтэй учраа ололцохдоо гарамгай гэж дуулсан. Алдартай юм чинь мэдээж амар байдаг байх л даа. Гэхдээ, хэрвээ та коллежийн багш байсан бол сурагчиддаа хайр дурлалын асуудлын талаар ямар зөвлөгөө өгөх байсан бол?
-Бүгд оргүй хоосон яриа. Хоёр дахь асуултын тухайд гэвэл, өөрийгөө хүнд зөвлөгөө өгөх хэмжээний туршлага хуримтлуулсан гэж бодохгүй л байна. Цаашдаа ч тийм байх болов уу. Би алдаршихаасаа илүү амьдрахыг оролдож байгаа гэдгийг бодолцох ёстой. Тиймээс шавь нартайгаа хичээл л ярих байх. Шүтэн бишрэгчидтэйгээ харьцах харьцаа маань ямар ч асуудалгүй гэдэг нь харин үнэн шүү.
-“Хөөрхөн хүүхэн 2” кинонд хамтран тоглосон Лудо тантай их сайхан хосолсон байсан. Таны бодлоор яавал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа илүү сайхан байх бол?
-Өө, та ийм хариулт өгөх ямар ч чадваргүй хүнтэй ярилцаж байна гэдгээ мэдээгүй юм шиг байна. Би эхнэрээсээ дөрвөн жилийн өмнө салсан. Дөрвөн хүүхэдтэй байхдаа. Хэрвээ мэддэг байсан бол салахгүй л байсан байх. Гэхдээ хосууд адилхан байж л болохгүй юм шиг. Хүчтэй-хүчтэй гэж. Эсрэгээрээ хоёулаа сул дорой ч юм уу... Чөтгөр л мэдэх байх. Хүчтэй-сул дорой, ухаан муутай-ухаантай гэсэн хослол л илүү хамт байх чадвартай юм шиг санагддаг. Амьдрал боксын дэвжээ биш болохоор. Харин дэвжээн дээр бол хоёр хүчтэй боксчин л удаан үзэлцэх нь мэдээж хэрэг.
-Нээрэн, Владимир Кличкогийн тухай асуухаа мартчихаж. Тантай хамт кинонд тоглож байсан шүү дээ. Та хоёр найз юм уу?
-Бид өнгөрсөн зуунд нисэх онгоцны буудал дээр танилцаж байсан юм. Би спорт сонирхдогоо хэлэхэд тэр шууд л тоглолтоо үзэхийг урьж билээ. Би байгуулсан сангийнх нь ажилд оролцдог юм. Тэр бас л над шиг олон талтай хүн шүү. Хоёр ч инээдмийн кинонд маань маш сайн тоглож өгсөн. Мэдээж ямар ч үнэгүй. Бидэнд мөнгө бага байлаа, харин тэр эсрэгээр рингэнд гараад л хэдэн саяар нь олдог. Владимир мөнгө нэхээгүй, бид ч санал болгоогүй (инээв).
-К.Тарантинотой хаана танилцсан юм бэ. Лос-Анжелест уу?
-Тийм ээ. Эхнэр надаас Америкт амьдрахыг гуйсан юм. Би тухайн үед муу залуусын тухай өгүүлсэн нэгэн кинонд тоглох хэрэгтэй болчихоод байсан болохоор Америкт очиж тэндээ үлдсэн. Би ихэвчлэн муу залуусын дүрд тоглодог хэрнээ С.Спилбергийн “Цэрэг Райаныг авар” киноны гол баатар Райныг бууддаг герман цэргийн дүрд тоглохоос татгалзсан. Би фашистуудыг үзэн яддаг. Харин К.Тарантино, М.Скорсезе нарын кинонд тоглохыг үргэлж хүсдэг байсан. Танилцаагүй байхдаа шүү дээ. Нэгд, өөрөө хүссэн болохоор, хоёрдугаарт фашистуудтай тэмцдэг дүр байсан болохоор К.Тарантиногийн кинонд шууд л тоглосон.
-Та хүүхдүүдээ ч гэсэн иймэрхүү байдлаар “шууд” тоглуулдаг уу. Таны бага охин Эмма “Хөөрхөн хүүхэн” кинонд гардаг шүү дээ.
-Эмма “Хөөрхөн хүүхэн”-ий эхний ангийн зураг авалтыг аваад дуусах үед “Аав аа, дарагийн ангид хэзээ тоглох вэ” гэж асуусан шүү. Луна, Эмма хоёрт маань жүжигчний авьяас бий. Харин нэг хүү, Лилли гэдэг охин минь бол “шал өөр хүмүүс”.
-Та одоо дахиж гэрлэх үү. Эсвэл эрх чөлөөг илүүд үзсээр байх уу?
-Би бас бүүр ч салчихаагүй байгаа шүү. Эхнэртэйгээ найрсаг харьцаатай байж, хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөхийг хичээж байна. Эрх чөлөө сайхан л даа. Гэхдээ насны эцэст ганцаардмааргүй байна шүү дээ.
-Ухаалаг байна шүү. Хүүхнүүд таны мөнгөнд болдог болов уу эсвэл?
-Намайг ухаалаг гэж та сая өөрөө хэллээ шүү дээ. Би тэдний юу бодож байгааг нүд рүү нь хараад л мэднэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )