Роберт Дауни: Би нэг өглөө ч гэсэн өөр эмэгтэйн орноос босохыг хүсэхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Тэрбээр таван настайдаа анх кинонд тоглож, наймтайдаа марихуан татаж үзсэн гэдэг. Гэхдээ, мэдээж балчир хүүхэд энэ бүхнийг өөрөө хийнэ гэж юу байх вэ. Найруулагч эцэг нь л хүүгээ ийнхүү хүмүүжүүлж байсан хэрэг. Энэ байдал түүнийг арван хэдхэн настай мөртлөө архи, хар тамхийг ус агаар мэт хэрэглэдэг, пээдгэр, гэхдээ маш шударга нэгэн болгож төлөвшүүлжээ. “Од болох нь хууль зөрчих эрхтэй боллоо гэсэн үг” гэж хэлж байснаас нь энэ бүхнийг харж болно. Гэхдээ ингэж хэллээ гээд өөрөө хууль зөрчөөд яваад байсангүй нь үнэн юм. Тэрбээр нэгэнтээ “Би од биш ээ. Зүгээр л нэг өрөвдөлтэй хар тамхичин” гэж байсан удаатай. Энэ бүх замбараагүй байдал нь даамжирсаар тэрбээр 22 насандаа энэ хорвоогоос үүрд одчих шахсан байдаг. Гэвч аз болоход тэрбээр хорт зуршлаас холдож, одоогийн байдлаар “аз жаргалтай төгсгөл” хийж чадсан билээ.

Сара Жессика Паркер түүнийг хар тамхинаас гаргах гэж бүхэл бүтэн долоон жил оролдоод чадалгүй холдож явсан удаатай. Харин эхнэр Сьюзентэйгээ учирсан явдал түүнийг “дахин төрсөн”-ий гол нууц гэж өөрөө ярьж байна. 20 гаруй жил архи ууж, тамхи татахаас өөр юм хийлгүй хэвтсэн Роберт 2002 онд хар тамхинаас гарах иж бүрэн эмчилгээ хийлгэж эрүүл саруул болсон юм. Гэтэл Холливуд түүнээс нүүр буруулсан байв. Хэрвээ энэ байдал үргэлжилсэн бол бид өнөөдөр Роберт Дауни гэж хэн болохыг огт мэдэхгүй байх байсан ч байж мэднэ. Энэ хүнд үед Мел Гибсон түүнд тусламжийн гараа сунгаснаар одоо бидний мэдэх Роберт бий болжээ. Эхнэр Сьюзен нь одоо түүний уран бүтээлийн хамтрагч нь болж, хосууд хамтдаа амьдралаа бүтээн босгож байна.       

“Төмөр хүн” киноны гол дүрээр дахин үзэгчдийн талархлыг хүлээсэн жүжигчин Роберт Даунитай та бүхнийг уулзуулья.

-Эрчүүдийн ихэнх нь  “Эхнэртэйгээ нэг дор ажиллах дэмий” гэж үздэг шүү дээ. Гэтэл тан байнга л хамт ажиллах юм. Асуудал гардаггүй юу. Жишээ эсрэг хүйстэнтэйгээ амраглах үед ч гэх юм уу. Сьюзен зураг авалт дээр байдаг биз дээ. Уурладаг уу?

-Хэнтэй, яаж гэдгээсээ л болох байх. Сьюзен бол зураг авалтын талбайг байнга сахидаг продюсерүүдийн нэг. Нэг удаа Мишель Монэгэнтэй тийм зураг авалтад орсноо санаж байна. Тэгэхэд эхнэр маань “Үгүй яах вэ, надад таалагдлаа. Гэхдээ надтай арай илүү илүү байдаг юм шиг санагдлаа” гэсэн шүү. Өөртэй нь байдгаас илүү хэтрүүлбэл асуудал үүсэх юм шиг байгаа /инээв/. Гэхдээ миний хувьд нэг өглөө ч гэсэн өөр эмэгтэйн орноос босохыг хүсэхгүй. Түүнтэй байх нь надад өдөр бүр сонирхолтой байдаг.  Сонин хүн. Паззл шиг.  Юу бодож байгаа нь мэдэгдэхгүй.

-Тэгвэл гэртээ хэн нь давуу байдалтай байх уу?

-Гэртээ ч, зураг авалтын талбайд ч би босс байх нь мэдээж хэрэг. Хүмүүс итгэхгүй байх л даа, гэхдээ эхнэртэйгээ байнга хамт байх нь миний хувьд тун ч азтай хэрэг юм шүү.

-Кино үзэх дургүй жүжигчин байдаг юм билээ. Та яадаг вэ?

-Би дуртай, дуртай. Өөрийнхийгөө ч бусдынхыг ч үзнэ. Тэр тусмаа үзэгчидтэй хамт үздэг. Тасалбар аваад л, бусдын адилаар. Бас шүүмжлэх дуртай.

-Тэгвэл кино үзэж байхдаа театрт уйлж байсан уу?

-Үгүй. Би бусдыг өрөвдөж биш, бага мөнгө авсныхаа төлөө л уйлдаг. Бас эхнэр над руу хашгичих үед уйлмаар болдог шүү /инээв/.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top