Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний төрсөн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Ц.Намсрайжав Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Арван настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан, нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн юм.
Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд гавъяат жүжигчин цол хүртсэн юм.
Мөн 1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангийг төгсөн, эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан түүхтэй.
Дашрамд дурдахад, энэ жил Симфони найрал хөгжмийн 60, Ц.Намсрайжавын мэндэлсний 90, Морин хуурын чуулгын 25 жилийн ой давхар тохиож байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Улсын Филармонийн 45 жилийн ой мөн болох юм.
Сэтгэгдэл ( 0 )