Тосонгийн шүүхийн “Улаач”

2017 оны 06 сарын 20

Шүүх эрх мэдлийн "ачаа”-наас үүрэлцэж яваа бичиг хүргэгч П.Нямсүрэнтэй 30 шахам жил сэтгэл зүрхээ зориулсан ажлынх нь талаар яриа дэлгэв. Монголын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд ажилладаг түүний богцонд "Монгол Улсын нэрийн өмнөөс...” хаягласан тогтоол, шийдвэр, зарлан дуудах хуудсууд гээд өөрийнх нь хэлснээр амин үнэтэй албан бичиг дүүрэн. Эзгүйд нь шүүхийнхэн нь үгүйлдэг, сумынхан нь "Шүүхийн Тахар” хэмээн нэрийддэг П.Нямсүрэнг шүүхийн үе үеийн түүхийн гэрч гэж ч болно. Шүүхэд ажилладаг ээжийгээ дагаж, багаасаа шүүхэд ойр өссөн тэрбээр ажлынхаа талаар ингэж ярилаа.

- Анх шүүхтэй яаж холбогдсон талаар яриагаа эхлэх үү? 

- Би 1989 онд шүүхэд бичээчээр ажилд орсноос хойш 2006 он хүртэл ажиллаад, өнөөг хүртэл бичиг хүргэгч хийж байна. Дунд нь хэдэн жил нарийн бичгийн дарга хийсэн. Миний ээж шүүхэд нарийн бичгийн дарга, бичээч хийж байсан учраас би багаасаа шүүхийн ажил амьдралыг мэдэрч өссөн. Шүүхэд ажилд орсон гол зорилго маань хуулийн сургуульд орж, хуульч мэргэжилтэй болно гэсэн мөрөөдөлтэй минь холбоотой. Харамсалтай нь тухайн үед хуулийн сургуулийн босго өндөр байсан учраас 2 удаа сонгон шалгаруулалтанд ороод тэнцээгүй. Хэдийгээр хуульч болж чадаагүй ч ажил амьдралынхаа гарааг эхэлсэн шүүхдээ сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирлээ.

- Шүүхийн ажил таны хүргэсэн бичиг, зарлангаас эхэлдэг юм байна. Иргэд ямар хандлагаар, хэрхэн хүлээж авдаг вэ?

- Шүүхээс явна гээд ороход сайхан хүлээж авах хүн байхад айж түгшиж угтах нь ч бий. Хамгийн гол нь сэтгэл зүйд нь тохируулж харьцаад, учирлаж тайлбарлаад шүүхэд заавал ирээрэй гээд шаардлагатай бол өмнө нь сөхөрч сөгдөх шахаж байж л авчирахгүй бол тушааж дүрэмдвэл одоо цагт хэн ч хүлээж авахгүй. Би ажлынхаа хамгийн гол зорилгыг иргэдтэй зөв харилцах гэж ухамсарладаг. Зарим нь өөдөөс загнана, нөгөө нь хаалгаа онгойлгож өгөхгүй, нохойгоо тавьчихна. Манай Тосонцэнгэл сум 7 баг, 10 гаруй мянган хүн амтай. Тэдний ямар сэтгэгдэлтэй шүүхэд ирэх, очих нь миний л ажлын үр дүн. Өвөлдөө тэсгим хүйтэнд цан хүүрэг татуулаад өглөө үдэшгүй эрэлд хатаж, явган явах амар ажил биш. Заримдаа тэнсэн харгалзан ялтай хүмүүсээ болон хоригдож байгаа хүмүүсээ өөрөө дагуулаад цагдаа, прокурорт хүргэж өгдөг байлаа. Энэ олон жилд би амь бие сорьсон нөхцөлд ажиллахдаа эмэгтэй хүний хувьд өөрийгөө хамгаалах гэж тамгын даргаасаа нэг удаа бороохой гуйж үзсэн. Сүүлийн үед бол холбоо харилцаа хөгжөөд олон туслахтай болоод шөнө орой явах нь гайгүй болсон. Гар утас гараагүй, ядуу тарчиг үед хаа хамаагүй шөнө дөл болтол явдаг байсан. Гэхдээ би хэцүүг нь гайхсанаас оногдсон ажил үүргээ гүйцэтгэж, ар гэрээ тэжээж тэтгэж яваа хариуцлагадаа эзэн болохоо л боддог.

- Даргаасаа бороохой гуйгаад олж авч чадсан уу?

- Манай дарга инээгээд үгүй ч гээгүй, за ч гээгүй өнгөрсөн. Гэхдээ би өөрөө хувиараа бороохой олж авсан. Ганц надад биш Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт, үдэш оройгүй шүүхийн зарлага хийж яваа олон хүнд хэрэгтэй гэж би боддог. Албан үүргээ гүйцэтгэж явахад ямар ч эрсдэл гарахыг таашгүй. Тахарын албанд би үнэндээ их баярладаг байсан. Эрүү, иргэнийхээ хэргийг чирээд шуудан руу явдаг байсан би тэдний ачаар бичиг цаасаа хаяж гээчихэлгүй, амьтанд дээрэмдүүлчихгүй сэтгэл амар ажиллаж байлаа. Одоо Тахар байхгүй болчихсон болохоор богцоо сугавчлаад л шуудан руугаа явдаг. Тусгай шууданг бол би өөрийн биеэр очиж авдаг. Хөдөө тулдаа л амгалан сайхан юм даа. Өөр газар бол над шиг хүнийг ганцхан түлхэж унагаад, бичиг баримтыг минь булаагаад аваад явбал яана гэж эрхгүй бодогддог юм.

- Та жилдээ хичнээн иргэдэд хүрч үйлчилдэг вэ?

- Саяхан явуулсан болон ирсэн бичиг нь эрүү, иргэн нийлээд 717 байсан. Холбоо харилцаа хөгжөөд бас өмнөхөөс дэвшил гарч байгаа. Шүүхээс гаргасан бүхий л эрхийн баримт бичгийг би өөрийнхөө далбагар том ширэн цүнхэнд хийгээд, миний амь амьдрал гээд бороо шороонд норгочихгүй гэхдээ цамцандаа хүртэл өвөртлөөд явдаг. Хэргүүдээ хийдэг тусгай богц байхаас биднийг бичиг баримтаа хий гэж цүнх өгдөггүй.

- Албаны унаа шаардлагатай үед хэрэглэх үү?

- Явган л явна даа, ер нь. Үйлчилгээний ажилтны цалин бага, зээлэндээ л явчихна. Миний л ажил үүрэг гэдэг үүднээс энэ олон жил би цуцалтгүй л явж ирсэн. Харин өнгөрсөн жилээс учир байдлаа тоочиж, сардаа 10 литр бензины эрх тамгын даргаасаа авсан маань ажилд их нөмөр нөөлөг болсонд их баярлаж байгаа. Миний хүсэх зүйл гэвэл шүүхийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг бага боловч төр засаг харж үзээсэй. Би шүүхэд шүүгчээс бусдыг нь хийсэн. Нарийн бичиг, бичээч, үйлчлэгч, нярав, бичиг хүргэгчийг хийсэн.

- Та шүүхийн үе үеийн түүхийн гэрч гэж болохоор ажилтан. Шүүхийн шинэтгэл ажил амьдралд тань хэрхэн тусав?

- Миний анх ажилд орж байх үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Галладаг байранд прокурортой нэг өрөөнд суудаг, миний хувьд зарлага, нарийн бичиг, бичээчээ хийдэг нэг үе байлаа. Хөдөө гадаагүй хаа сайгүй л явдаг хийхгүй ажилгүй л байсан. Бичгийн машинаар хуруугаа цэврүүттэл, гэрэл тоггүй хүйтэн нойтонд бор зүрхээрээ ажиллаж байв. Би шүүхдээ сэтгэлээ өгч, амьдралаа зориулаад ирсний хувьд бахархдаг. Миний охин хуулийн сургууль энэ жил төгссөн. Ээжийнхээ чадаагүйг гүйцээнэ гэж итгэдэг. Маш гайхамшигтай чадварлаг шүүгчидтэй ажиллаж, тэднээсээ ихийг сурч хөдөлмөрлөлөө. Төрийн буянд сайхан л амьдарч байна.

- Иргэд шүүх шинэчлэгдэж байгааг хэр мэдэж байна вэ?

- Би бол шүүхийн талаар цагаан хоолой шиг л тайлбарлан таниулж явдаг. Иргэд шүүхийн шинэчлэлийн талаар мэдээлэл сайтай. Худалч хүнд шүүхийн ажилтан биднээс илүү мэднэ. Жаахан хайнга харьцвал та нарыг дээд байгууллагад чинь мэдүүлнэ, ёс зүйн хороонд чинь хэлнэ гээд бараг зарим нь зодчих шахаад гардаг хүмүүс бий. Ингэж шүүх ард түмний хяналтанд бүрэн орж чадсан байна. Захын хүн л "Та нарыг ёс зүйн хороонд чинь мэдүүлнэ” гэж хэлдэг болсон. Ийм өндөр шаардлага дор ажиллаж байгаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн талаар шүүмжлэл, муу нэр гарч байгаагүй.

- Иргэдтэй уулзаж явахад бэрхшээлтэй тал нь юу вэ?

- Бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүстэй таарчихаад өмнөөс нь гомдол, өргөдөл бичиж өгөх нэг хэцүү, татгалзах бас хэцүү. Би ямар үнэд ороод татгалзаж байгаа биш ойлгуулах болдог. Хүний өмнөөс бичиж өгөөд, ажлаасаа халагдсан тохиолдол байдаг учраас би татгалздаг. Намайг сураглаж ирээд бичээд өг гээд гуйдаг л даа. Намайг амарсан үед орлосон хүмүүс "Хамгийн хэцүү ажил. Энэн шиг тамтай ажил байхгүй. Нямаа тулдаа явдаг” гээд ажлын маань хэцүүг ойлгодог юм. Нэг айлд очиход байхгүй бол өдөртөө хэд дахин эргэнэ. Үүр шөнөөр нөхөр хүүхдээ дагуулаад, мод шийдэм бариад, нохой гахай шуугиулаад ч явна. Хуультай, хугацаатай, цаг нартай сайхан ажилтай амьдраад сайхан л байна.

- Орон нутгийн шүүхийн бичиг хүргэгчид ажлын нөхцөл байдлаас гутал тэсдэггүй гэдэг?

- Тэр бол үнэн. Нормын гутал өгдөггүй л дээ. Бусад шүүхийн бичиг хүргэгч нартай холбогдоод байдаггүй учраас өөрөө л зовлонгоо мэдрээд, гутлаа олоод өмсөнө. Шүүхийн бичиг хүргэгчийн хөлийн хуруу цухуйсан явж байна гэж шүүхээ муу хэлүүлэхгүйн тулд би өөрөө л мөр бүтэн явахыг хичээнэ. Завханы шүүхийн бичиг хүргэгчид ажлын хувцасны нэмэгдэл гээд цөөн хэдэн төгрөг өгдөг байсныг шалгалт ирээд хууль зөрчлөө гээд болиулсан гэсэн. Миний өмнөх бичиг хүргэгчид 2 удаа гутлын норм өгсөн байдаг.

- Монголын хамгийн хүйтэн цэгт 30 шахам жил зарлага хийхдээ няцаж буцах үе гарч байв уу?

- Шүүх бол миний хоёр дахь гэр. Амраад явахаараа би шүүхээ санадаг. Амралтаараа 2 хонохгүй ажлаараа гүйгээд ирдэг. Ерөнхий шүүгч Д.Мөнхөө гэж сайн даргатай байлаа. Нэг муу бичиг хүргэгч гэлгүй л залгаад "Амьд уу, хаа явна” гээд тоглоом шоглоомоор санаа тавиад, асууж сурагладаг байсан. Залуу насны эрч аагаар Тосонгийн чөмөг царцаам хүйтнийг ажралгүй, буцаж няцалгүй өдий хүрлээ. Одоо харин нас явсан эмэгтэй хүний хувьд сургууль соёлд сурах минь яав даа, ядаж архивчаар суудлын ажил хийдэг байж, хөгжиж дэвжихгүй дээ гэж бодогдох юм. Жаахан халгаж байгаа гэх үү дээ. Би дотроо өөрийгөө нэг их голдоггүй. Бүгдийг чадна гэж үздэг. Тосонгийнхон намайг андахгүй. "Шүүхийн Тахар” явж байна гээд гудамжны нохой ч андахгүй. Би шүүхийн Тахар байтугай Улаач гэгдэж явсан. 1993 онд шүүхийн улаач буюу зарлагын орон тоонд төрийн захиргааны албан хаагчаар цалинжуулж байгаад 2000 оноос больсон. Бүх юм компьютержээд дээд боловсролтой хүн ажиллуулна гээд би бичиг хүргэгчээрээ үлдсэн. Үйлчилгээний ажилтан би төрийн албаны, ажилласан жилийн нэмэгдэл авдаггүй. 30 шахам жил төрд ажилласан надад нэмэгдэл өгдөггүй юм болов уу гэж онцгойлон хүсмээр байна. Манай үйлчилгээний ажилтнууд тэтгэвэрт гарахад бусад байгууллагын ахмадууд шиг 18 сарын цалин мөнгө огт авч байгаагүй. Бид эмнэлгийн асрагч нараас ч бага цалин авч байна. Шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хангамжийг төр засаг харж үзээсэй гэж уламжилья. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг нь нэг удаа Тосонцэнгэлийнхэнд хүйтний нэмэгдэл өгнө гэж амлаж байсан.

- Ярилцсанд баярлалаа.

 

 Ш.Отгонцэцэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top