Адармаатай замаар аялсаар л анагаахын хүн болжээ

2017 оны 07 сарын 08

“Ээж минь сонсоод гадаадад явуулахгүй гээд дургүй байна. Тэр үед чинь гадаадад явуулна гэхлээр бараг л цөллөгөнд цөлөх гэж байгаа юм шиг ойлгодог байж дээ.” 

Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” гэсэн сайхан үг байдгийг та бид мэднэ. Эрүүл энхийн эрхэм үйлсэд олон жил хүчин зүтгэсэн Түндэвийн Шатарбал эмчтэй ярилцлаа. Монгол Улсын Гавьяат хэмээх хүндэт алдрын эзэн энэ хүний нутаг хийгээд ажиллаж амьдарсан аймаг нь Говь-Алтай. Тэр дундаа уугуул Чандмана болон Эрдэнэ, Төгрөг, Есөнбулаг, Бигэр сумдтай ажил амжилтаараа бүр ч илүү холбоотой аж. “Сумын эмч” киноны гол баатруудын нэг нь юм.

-Эмч болсон зам заяаны тань учир юунд байна. Таны удамд чинь оточ маарамба байв уу?

-Өө байжээ.Манай аавын талыг долоон үеийн оточ маарамбатай,мөн долоон үе дамжсан чинээлэг гэж л намайг жаахан байхад ярьдаг байсан юм. Миний сураг дуулснаар Уужмаа оточ, Норов, Дамдин маарамба гэж байжээ. Харин миний мэдээ орсон цагт бол Жаажаа гэлэн гэж хүн байсан. Мөн бас Дамдин гэж хүн байлаа. Манай авга ах Дүвзээ гэж лут эм барьдаг хүн байв. Баяр гэж хүн байв. Миний мэдэх үе гэвэл авга ахын хүүхэд Монхор гэж бас эмнэлгийн хүн байлаа. Авгын талын Бат-Очир, Гончигсүм нар. Мөн хүргэн ах Дэчиндовчин маань. Өөр Оросоо гээд ер нь л миний хүрээлэл анагаахын талын хүмүүсээр дүүрэн байж дээ. Түүгээрээ татагдаад эмч болох заяа минь хөтөлсөн байж ч болох.

-Аргагүй эмчийн заяанд хөтлөгдөн явсных Монгол Улсын гавьяатын цол алдарт таныг хүргэж дээ?

-Манай Алтай чинь эмч сайтай газар ш дээ. 10 хэдэн гавьяат төрчихлөө. Анагаахын багш нар бас орно. Рагчаа багш, Шагдар, Лхагважав… гээд мундагчууд байлаа. Одоо ч гэсэн “Алтайн хөгжил” сонины Дашцэрэнгийн хүүхэд Амарсайхан гэж багш байна.

Эмч нар гэвэл Ардын эмч Жамбал, ардын эмч Шижээ, гавьяат Түмхүү, Бааст, Гомбосүрэн, Чойжамц… гээд нэрлэхэд олон. Би бол тэднийхээ тоосон дунд л явсан биз. Төгрөгөөс хөдлөхдөө Тогтох гэдэг эмчид ажлаа өгч суудлаа тавин түлхүүрээ гардуулсан хүн. Тэр маань гавьяат болсон. Аймгийн төвдөө ажиллаж байгаад хот руу хөдлөхдөө Загдрагчаад ширээ сандал, түлхүүрээ өгсөн. Тэр маань бас гавьяат болсон. Гантөмөр гэж гэмтлийн сайн эмч байгаа. Түүнд би найддаг.

-Таны үеийн Алтайн эмч нар гэвэл…?

-Манай төгсөлтөөс өмнө Санжмятав эмч, Борхүү эмч, Сангалаг, Цэрэнбалдан гээд 1964 онд төгсөн очсон юм. Манай төгсөлтийн 1965 онд гэхэд 10 эмч очсон. Болд, Гажийжаа, Хөхцэцэг, Цэвэгжав, Губира,Бат-Очир, Бямбажав, Төмөрбаатар, Ядмаа гэхчилэн бид олуулаа очсон шүү. Биднийг очих үед Алтай, Тонхил, Баян-Уул гурван сум их эмчийн салбартай нэртэй. Хоёрт нь их эмч байхгүй. Баян-Уулд л Даваацэрэн гэдэг их эмч байсан. Төгсөлтөөсөө Болд Алтайд, Гажийжаа Цээлд, Ядмаа Төгрөгт, Төмөрбаатар Бигэрт, Губира Тонхилд, би Эрдэнэд гээд сумдад. Харин Бямбажав Шүүх-эмнэлэгт, Бат-Очир Хүүхдийн больницод, Цэвэгжав, Хөхцэцэг хоёр Сүрьеэгийн эмнэлэгт хуваарилдаж байв.

-Говь-Алтайгаас төрсөн мэс заслын эмч нарын ууганд нь хэн орох вэ. Энэ чигийн ахмад эмч нар хэн хэн бэ?

-Ууган нь Лодойн Шагдар, Сүхээ хурандаа, Дашхүү Дарвийн, Равдан гээд дараална. Лодойн Бямбажав, Манжилын Бямбажав, Шаргын Паадай тэгээд Санжмятав бид хоёр, Гарьд гэж лут эмч байлаа. Мөн ахмадад 1-р эмнэлэгт сэхээний эмч байсан Төрийн шагналт, Ардын эмч Лхагважав орно доо.

-Таны бага насны тухай болон сургууль номын мөр хөөсөн талаар яриагаа үргэлжлүүлье. Та бол бичиг үсэгт их эрт цагааширсан биз?

-Яах вэ, би эхлээд бичиг үсгийн бүлгэмд хэд хоног суусан юм. Хөдөө айлд тэр бүлгэм нь сургуулилдаг байсан. Тэндээс л нэг юм бичиг үсэгт тайлагдсан юм. Дараа нь сургуульд сурч дөрөвдүгээр анги төгсөөд сумынхаа захиргаанд галчийн ажил хийсэн.

-Цалинтай залгаад эхэлжээ. Тэндээ удсан уу?

-Тэр ажлыг хийж байтал нэг өдөр сумын дарга уулзлаа. Надад нэг “Үнэн” сонин өгөөд энд байгааг бүгдийг нь хуулж бичээд ир гэлээ. Бас нэг дэвтэр, балын харандаатай өгсөн юм.

-Тэр үед танай сумын чинь дарга хэн гэж хүн байв?

-Дүгэржав дарга, сумын захиргааны нарийн бичгийн дарга Лосол гэж байв. Би даргынхаа даалгасны дагуу сониныг авч яваад хуулж бичив. Гэтэл дэвтэр маань дүүрчихлээ. Би бодвол том бичигтэй байсан биз. Сониноо бүтэн хуулсангүй ээ. Харандаа ч дахин дахин үзүүрлэсээр дуусчихсан. Өглөө ажилдаа ирэхдээ дэвтэр сонин хоёроо өгөв. Тэгтэл авч үзлээ. Юу гэх бол гэтэл “За чи хө бичээчийн ажил хийнэ ээ хө“ гэлээ.

-Туслах хамжаанаас бүр албан хаагч болж дээ. Цалин нь хэдэн төгрөг байсан бэ?

-Галчаас тэгж бичээч болоод нэг жил ажилласан. Сард 30 төгрөг авна. Дараа нь аймагт тавдугаар ангид орж суралцсан.

-Цалинтай ажлаан орхиод сургууль дамжихаар шулуудсан хэрэг үү?

-Суралцах зорилготой. Гэхдээ бас жилийн дараа өөр юм болсоон. Зургадугаар ангид ордог намар аймгийн төв дээр сумынхаа хоёр хөвгүүнтэй тааралдлаа. Надаас өмнө сумынхаа сургуулийг төгссөн Түгжжав, Алтмаа гэдэг ах хүүхдүүд. Нэг нь шевроман гуталтай, нөгөө нь цагаан ултай пүүрктэй. Хоёулаа халимаг тавьчихсан гоё харагдаж байгаа гэж жигтэйхэн. Ховдод суралцаж байгаа, зуун хэдэн цаасны цалин өгдөг сургуульд гэнэ. Тэрнийг нь сонсоход бүр ч сайхан санагдлаа. Түүнд нь суралцмаар бодогдлоо. Нөгөө хоёртоо ч хэллээ. Түүнээс хойш олон хонолгүй тэднийгээ дагаад Ховд руу туучихлаа шүү.

-Хүн эмнэлгийн техникумд орохоор тэр үү?

-Үгүй ээ, бүр мал эмнэлгийн сургуульд орох гэж явсан хэрэг. Хөгтэй ээ. Ховдод очоод гологдов оо. Долоодугаар анги төгсөөгүй хүүхэд байна гээд авдаггүй. Тэр жилээс эхлэн долоодугаар анги төгссөн хүүхэд авах болсон юм байна. Уул нь манай сумын хоёрыг орох үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд авдаг байсан юм билээ. Тэр сургуульд орж чадахгүй болчихоод нутаг буцах хэцүү, нэрлэхээд , ичээд тэр. Ховдын төвөөр холхиж яваад “Сувилагчийн курсэд элсэлт авна” гэсэн зар олж харлаа шүү. Тэр зарлалын дагуу очмоор санагдлаа. Тийшээ очлоо, бүртгэж байгаа хүн дээр нь яваад орлоо. Нэр усаа хэллээ. Хаанаас ирсэн бэ гэж байна. Говь-Алтайгаас гэсэн чинь “Энэ жил Говь-Алтайгаас нэлээд хэдэн хүүхэд авах ёстой гэлээ. Тэгээд надаас шалгалт авах юм боллоо. Дөрвөн аргын тоо, цээж бичиг хоёроор шалгалт авлаа. Түүнийг нь өгөөд тэнцчихлээ. Тэнд суралцах боллоо.

-Бөөн баяр болов уу?

-Сумынхаа нөгөө хоёрт очиж хэлэх гэтэл алга. Хөдөө нэг тийш л дадлагаар явсан бололтой. Орохоор болсон курсийнхээ дотуур байранд оров. Эл хульхан санагдана.Тэндээ хоёр ч хонолоо. Хагас бүтэн сайн ч таарав. Даваа гаригт өглөө хичээлийн байр руу очлоо. Гэтэл сургуулийн нэг удирдах хүн бололтой “Төвөөс, яамнаас Туваан сайдаас бичиг ирсэн. Энэ жил Говь-Алтайгаас элсэгч нэмж битгий ав гэсэн шийд өгсөн. Танай аймгаас нэг хүн аваад ажилд явуулчихсан. Түүнийгээ яаж шингээдэг юм билээ“ гэж байна. Түүнийг нь дуулаад би бараг бүртгүүлэнгүүтээ буцаад хасагдах боллоо гээд л урамгүй гарав.

-Юун баярлан хөөрөх манатай юм болжээ. Тэгээд яахаар болов?

-Аймаг руугаа буцахаас өөр яах билээ.Алтайдаа ирлээ. Ямар сум руугаа явалтай биш дээ. Аймгийнхаа дунд сургуульд ороод суучихдаг хэрэг гэж бодлоо. Аравдугаар сар аль хэдийнэ гарчихсан. Хичээл эхлээд удчихсан үе. Гэсэн ч зориглоод аймгийн сургуульдаа орлоо. Хичээлд хоёр гурав хоног суулаа. Дараа нэг өглөө сургуулийн захирал Ядамсүрэн хичээл дээр ороод ирлээ. Намайг хараад “Чи техникумд суралцана гээд явсан чинь яасан бэ, энд яахлаараа сууж байдаг нөхөр вэ?“ гэж байна. Би ч үнэн ээ хэллээ. Гэтэл “Чи ер нь дуртай цагтаа энэ сургуульд суугаад дургүй үедээ хаяж явж байдаг хаашаа нөхөр вэ. Ер нь чи явж Аймгийн гэгээрлийн хэлтсээс зөвшөөрлийн бичиг авч ир” гэв. Аргагүй л дээ, тэгж сануулж зэмлэх нь зөв. Яагаад гэвэл урьд нь би сургуулиа орхиод оргож байсан удаатай. Гэгээрлийн хэлтэс дээр яваад очсон чинь нэг тийм сэгсийсэн арзгардуу үстэй том нүдтэй хүн сууж байна. Мэнд мэдээд би учир явдлаа тоочлоо. Төгсгөлд нь долоодугаар ангидаа суумаар байна гээд туучихлаа даа. Цаад санаа нь анги алгасч долоодугаар анги төгсөж байж л хавар техникумд орох бодолтой л байгаа хэрэг. Дуугүй сонсоод л суусан хүн, өөдөөс жаал харснаа “Чи ер нь дуртай үедээ сургууль номоо орхиж байдаг, дураараа нөхөр байна “ гэснээс өөр юм хэлсэнгүй. Би гэнэдээд бүхнээ тоочин ярихдаа урд нь оргож байснаа хүртэл хэлчихсэн санагдана. Тиймээс янзгүй байгаа бололтой. Бичиг хийж өгнө ч гэдэггүй, үгүй ч гэдэггүй хулээлгэлээ. Тэгж өдөржин суулгаад орой ажлаан тарахаас өмнөхөн нэг юм бичиг хийж өглөө. Түүнийг нь аваад баярлаад гарлаа. Замдаа уншсан чинь “Энэ нөхрөөс шалгалт аваад тэнцвэл долоодугаар ангид оруул. Тэнцэхгүй бол битгий суралцуул” гэсэн утгатай юм байна аа. Тэгэхлээр ураад Чуулгын дэргэд байсан индрийн модны завсарт шургуулчихлаа. Маргаашнаас нь долоодугаар ангид дураараа ороод суучихсан. 4-5 хоног хичээллэж байтал захирал ангид орж ирлээ. Намайг харан “Чи юу болсон бэ? “ гэлээ
“Өө. Долоодугаар ангидаа суу гэсэн. Гэгээрлийн хэлтсийн хүн тантай өөрийн биеээр ирж уулзана гэж байна лээ” гээд хэлчихлээ. Тэгж л нэг юм суралцаад долоо төгсөж билээ.

-Гэгээрлийн хэлтсийн тэр хэн гэдэг хүн байсан бол?

-Жасрай гэдгийг нь сүүлд мэдсэн. Бүр хожмын Ерөнхий сайд болох хүн дээр очиж байсан сонин тохиодол юм. Тэгж байж л долоодугаар анги төгссөн. Харин нөгөө зорьсон техникумдаа явах гэтэл ангийн багш хориод хуваарь авахуулаагүй. Бигэрийн Бадарч гэж ангийн багш маань намайг наймдугаар ангид ор гэсэн. Үгэнд нь ороод сургуульдаа цааш суралцсан юм.

-Аравдугаар ангиа олуул төгссөн үү?

-Аймгийн хэмжээнд хоёр бүлгийн 52 хүүхэд аравдугаар анги төгссөн. Тэр үед ямар конкурс гэж байсан биш. Санал асуулгаар л цаашаа сургуульд явж байв. Манайхаас 12 хүүхэд их сургуульд тэр тусмаа анагаахын сургуульд суралцах саналаа өгсөн. Надаас бусад нь бүгд тэр үедээ анагаахдаа орсон. Тэр үед өргөдөл хүсэлт сэлтийг бичгээр авсан эсэхийг бүү мэд. Тийнхүү саналаа өгчихөөд байтал аймагт Жадамбаа гэдэг дарга Төв хорооноос ирлээ гэлцэв. Тэр хүн нь хуваарь хийлээ.

-Танд саналын дагуу хуваарь өгөв үү?

-Үгүй ээ. Цогтын Дашзэвэг гэдэг хүүхэд бид хоёрыг ЗХУ-д явуулна. Ленинградад ХАА-н чиглэлээр суралцуулна гээд тийшээ хуваариллаа. Атестат харж байгаад шууд хуваарь хийсэн аж. Тийм хуваарь авчихаад гэртээ очсон. Ээж минь сонсоод гадаадад явуулахгүй гээд дургүй байна. Тэр үед чинь гадаадад явуулна гэхлээр бараг л цөллөгөнд цөлөх гэж байгаа юм шиг ойлгодог байж дээ. Нөгөө талаасаа манай нэг ах аймгийн сургуульд багшилж байгаад хот руу семинарит явах замдаа эндчихсэн хүнд үе байсан юм. Орос хэлний Галсан болон Дүгэржав багштай гурвуул явсан юм билээ. Талийгаач ах маань шарлачихсан байснаа анзаараггүй яваад замдаа хүндэрч ком болсон юм байж. Тэр бүгдээс шалтгаалсан уу. Ээж тэр хол харийн газарт чамайг явуулчихаад би юугаа бодож суух билээ гээд л хориглосон. Тэрхэн үедээ би ээжийнхээ үгийг эсэргүүцсэн ч үгүй амыг нь дагасхийн байж байгаад намар наймдугаар сарын сүүлчээр Улаанбаатарт орж ирлээ. Манай аймагт очиж хуваарь хийсэн Жадамба дарга дээрээ орж уулзлаа. Гэтэл “Хойшоо ЗХУ-д суралцах хүүхдүүд аль эрт явчихсан“ гэж байна. Тэгээд л хотод орох сургууль хайлаа.

-Найдлага бас байсан биз дээ. Хаагуур оров?

-Их сургууль дээр очоод анагаахын ангид нь бүртгүүлэх гэтэл хуваарь байхгүй дуусчихсан гэдэг байгаа. Өөр ямар ангид орон тоо байгаа бол гээд лавлахад орос хэл,англи хэл, физик-математикийн анги байна гэлээ. Тоонд тийм лут биш болохоороо физик-математикийн ангийг сонирхсонгүй ээ. Нэг өдөр гадуур явж байтал ангийнхаа Цахилгаантай тааралдлаа. Тэр маань гадаад хэлний бэлтгэл ангийн хуваарь авсан байсан. Түүндээ явсан юмгүй хоцорчихсон гэж байлаа. Би Цахилгаандаа хэллээ, “Хоёулаа Их сургуулийн орос хэлний ангид оръё” гэв. Тэгсэн зөвшөөрч байна. Удалгүй нэг өдөр хоёулаа Их сургууль дээр очин орос хэлний ангид шалгалт өгөөд тэнцэцгээлээ. Хичээлдээ ч орлоо. Хэд хонож байтал нэг өдөр аймгаас надтай утсаар ярих дуудлага ирүүлжээ. Хичээлээ тараад Холбоон дээр очлоо. Ярьж чадсангүй ээ. Сунгуулаад маргааш нь бас л ярьсангүй. Шугам чөлөөгүй байна, холбоо тасарчээ … гэх мэтээр ярих боломжгүй гэсээр гурван өдөр намайг явууллаа. Дөрөв дэх өдрөө сургууль дээрээ ирлээ. Сургуулийн ханын сонины “Матар“ гэж булан байсан түүнд хичээл таслагч гээд намайг гаргачихсан байна шүү. Тэгэхлээр нь дахин гурав хоног хичээлээ тасаллаа. Дараа нь хичээлдээ ирлээ. Тэр үед декан намайг дуудуулжээ. Очлоо. “Яагаад хичээлд суухгүй байна вэ“ гэж асуулаа. “Манай аав нарийнтчихсан байгаа. Би дагуулж эмнэлэгт үзүүлэн шинжилгээ хийлгэж явлаа“ гэж хариуллаа. Уул нь тэр үед манай авга нарийнтчихсан байсан түүнийг аавыгаа болгоод л худал хэлсэн юм. Декан намайг өргөдөл бичээд чөлөө ав гэж байна. Би ч тэгье гэлээ. Өргөдөл бичээд нэг жилийн чөлөө авчихлаа. Тэгж л орос хэлний ангиа орхиод дараа жил нь анагаахын ангидаа орсондоо.

-Адармаатай зам туулан анагаахад орж дээ. Анхны дадлагаа хаана хийсэн бэ?

-Анагаахын анхны дадлагаа Өвөрхангайд хийсэн. Өвөрхангайд очсон оюутан биднээс Бат-Өлзий сумд очиж ажиллан цалинтай дадлага хийх хүн байна уу гэж асуусан. Би гараа өргөчихлөө. Тэгээд Бат-Өлзий суманд сар гаруй эмч хийсэн.Тэнд буудалд байсан. Харин дөрөвдүгээр ангидаа төгсөлтийн урьдах дадлагаа Ховд аймагт хийсэн. Урьд нь суралцах гэж очоод буцаж байсан газраа очсон нь сонин юм.

-Оюутны намрын ажлаа хаана хийж байв?

-Намрын ажлаар Жаргалантын САА-д явж байлаа. Манж даргатай бригадад гурван ч намар очсон доо. Оюутан сайхан үе шүү. Оюутны байранд амьдардаг байсан. Төгсдөг жилээ хужаагийн байшин хөлсөлсөн. Дээвэр дээрээ өвс ургачихсан тийм шавар байшин байсан юм. Одоогийн Сансарын тунель байгаагийн тэнд гэр, шавар байшин олон байсан.Тэнд хужаа нар байв.

-Төгсөөд анх ажилласан нутаг, томилогдсон газар…?

-Өөрийн аймгийн Эрдэнэ сумдаа ажилласан.Бидний үед ерөнхий эмчилгээгээр төгсдөг байсан юм. Дараа нь мэс заслын курсэд явсан. Эрдэнэд ажиллахдаа хоёр удаа магтуулж, нэг сайн матуулж л явсан. Тэнд очоод 10 гаруй л хонож байсан. Сумын намын үүрийн орлогч дарга нь Хожгор гэж байсан.Түүний ууц нь татаад хөдөлж чадахгүй болчихжээ. Одоогоор бол артикулят юм даа. Эмчиллээ. Урьд нь Ховдод дадлагаар явахад удирдагч багш Равдан маань тийм өвчнийг эмчилж байхыг ажиглаж харсан юм. Витамин В12, новоикин, 09-ийн NaCe зэргийг найруулаад нугасны хөндий рүү нь тарьсан юм. Одоогоор бол блокат юм. Түүнийг багш зааж өгч байсан. Нөгөө нугасны хөндийг нь олдог болов уу гэж зовнисон ашгүй олоод хийчихсэн шүү. Тэр эмчилгээ үр дунтэй болсон. Тэрний дараагаар “Үнэн” сонин дээр хүнд өвчнийг сайн эмчиллээ гэж бичжээ. Нэг магтуулсан тохиолдол тэр юм. Өөр нэг тохиолдол нь Эрдэнэ,Чандмана хоёр сумын зааг нутагт буй айлаас дуудлага ирүүлжээ. Эрдэнэ сум чинь намайг очих үед гуравхан мотоцикль, нэг “Газ-69” машинтай,ачааны хоёр машинтай байсан. Моторт унаа ховор юм чинь мориор явж очлоо. Тэр айлын жаахан хүүхэд шарлаад комд орчихсон байлаа. Цагаан-Уул бригадын нутагт сумаасаа их зайтай.Хүүхэд хүнд байдаг. Сум руу хэл хүргүүлж, аймаг руу яаралтай дуудлага өгүүлэв. Аймгаас ирэх эмчийг хүлээлээ. Цаг хугацаа ч яваад л байдаг… Аймгийн түргэн ч ирлээ. Хүүхдийн биеийг ч үзлээ.”Хүүхдийг хөдөлгөж болохгүй.Бараг эмчилгээгүй л “ гэж байна. Би ч арай өөр юм бодлоо. Урьд нь халдвартын дадлагаа Зайсан дахь хүүхдийн халдвартын больниц дээр хийсэн юм. Тэр үед хүүхдэд дуслын шингэнийг судсаар хийж байгаагүй тийм цаг. Арьсан дор нь хийгээд тэр нь заримдаа пэмбийж бэлцийсэн юм болоод хагарах ч явдал байв. Миний хувьд нөгөө хүнд байгаа хүүхдэд судсаар нь дусал хийчихмээр санагдаад байдаг. Гэтэл хийх шингэн ч байдаггүй. Сумын төв рүү түргэн очоод ирье гэв. Төвд ирмэгц аптекийн эрхлэгч Сандагийг дуудаж ирээд “09 стерильный бэлтгэж чадах уу чи “гэлээ. “Чадна аа” гэв. Сандаг тэгээд номоо гаргаж ирэв, би ч бас номоо гаргаж үзлээ.Болмоор тийшээ хандлаа.

– За нэг боломж олжээ. Гэхдээ тэр үед ахуй нөхцөл нь хэцүү байсан биз дээ?

-Ерөөс Эрдэнэ сумын нутаг чинь ус нь тааруу л даа. Муу устай. Одоогийн сумынх нь төв байгаа орчимд л нэг худаг нь унданд боломжийн. Түүний усыг сайн гэлцэнэ. Бид мотоциклиор тийш хүрч 20 л ус хийж авлаа.Тэрнээ авчран нэрлээ. Сайн ч нэрмэл ус гаргаж авлаа. Тэгээд найрууллаа. Шингэнтэй ч боллоо.Тэрнээсээ түрүүчээс нь цэвэр шилэнд хийгээд нэг сувилагчаа нөгөө хүнд хүүхэдтэй айл руу “Очоод хийж бай” гэж явууллаа. Тэгээд хэсэг байж байтал аптекийн нөхөр маань бараг нүд нь орой дээрээ гарчихсан ороод ирлээ шүү. “Хүүе эмчээ шингэний маань доор мөс шиг юм туначихаж” гэж байна. Үзсэн чинь нээрэн мөс шиг юм тунажээ. Бид хоёр 09 хувь байх юмыг 90 хувь болгон хийгээд ханасан уусмал бэлтгэчихжээ. Мэдмэгцээ л Сандагийгаа сувилагчийн араас бушуухан яв гэлээ. Тэр нэг муухан мотоцикльтой. Түүнийгээ асаагаад давхичихлаа. Хойно нь сэтгэл зовоод л үлдлээ. Гэтэл азтай. Сувилагч маань айлдаа очоогүй бригадын төв дээр саатсан нь таарчээ. Тэндээс нөгөө ханасан уусмалаа буцааж авчирсан.Шингэнээ дахин хийж аваачиж хийлгэлээ. Тийнхүү хэд хэдэн удаа шингэн бэлтгэж судсаар нь хийснээр нөгөө жаал ч хөл дээрээ бослоо. Тэгсэн чинь бас Хожгор маань “Үхээд сэхсэн хүүхэд“ гэсэн гарчигтайгаар сонинд гарган намайгаа магтав аа.

-За нөгөө хоёр сайн магтуулсан гэдгийн нэг энэ байх. Ажиллахад ч урам өгч байсан биз. Харин нэг сайн матуулдаг чинь юу билээ. Алаг эрээнтэй амьдрал хойно бас нэг дурсамж биз дээ?

-Тэр ч хөгтэй юм даа. Намайг Эрдэнэд очиход туслах бригадын дарга Дашдорж гэж байсан . Авгайгаа эмнэлэгтээ ажилд аваач гэж надаас гуйхлаар нь тогоочоор авсан юм. Тэр үед цагаан будааг айл өрхөд худалдахдаа сумын эмчийн цохолтоор өгдөг байсан. Тэрний учир нь айл өрхийн шарласан хүүхэд багачуулд эмчилгээний журмаар хэрэглүүлдэг тул тэгж хүртээмжийг нь зөв хүргэх гэж арга сэдэж байсан юм билээ.Тогоочиийнх надаас нэг бичиг авлаа. Би арын хаалгадаад хоёр кг олгохыг гурван кг гэж бичиж өглөө. Тэгээд л хэд хоногоор дуудлаганд явчихаад ирсэн. Гал тогооны шүүгээн дээр түнтийсэн хар ууттай юм хэвтэж байна. Үзтэл будаа байна.Ямар учиртайг нярваасаа асуулаа.Мэдэхгүй гэж байна. Түүнийг очиж ав гэж няравтаа хэллээ. Нярав маань ч аваад агуулахад байгаа шуудайтай будаан дээрээ хийчихэж. Түүнээс болсон уу, яасан нөгөө Дашдорж чинь “Манай авгайг чи хулгайд сэрдлээ чи…” гээд надтай хэрүүл уруул үүсгэлээ. Тэрний дараахан “Алтайн хөгжил“ сонин дээр миний тухай гарчихсан байв. “Улаан Ява унаж уруу өөдгүй давхин айл хэсэн архи уудаг… “ гээд л жаал юм зохиогоод шүүмжилжээ. Гэтэл Гуулингийн цэргийн ангийнхан Эрдэнийн өвөр говиос заг түүн авдаг байсан. Тэдний нэг юм бичдэг цэргээр миний талаар тийн худал бичүүлж сонинд явуулуулсан юм билээ. Сонины тэр мэдээллийн мөрөөр аймгаас Хянан шалгахаас Сандаг дарга ирж шалган тогтоосон. Хууль дүрэмд чанга байжээ. Худал хуумгай юм гэж хэцүү шүү дээ. Нөгөө муу цэргийг чинь Цэргийн прокурорт шилжүүлсэн гэсэн. Дашдорж маань ажлаа өгч намын гишүүнээсээ намын орлогч гишүүн болж буусан юм. Миний нэг сайн матуулсан гэдэг энэ л дээ.

-Тантай Эрдэнэ сумд ажиллаж байсан сувилагчид гэвэл…?

-Дүгэрсүрэн гэж эрэгтэй Оросоо, Байгальмаа хоёр бүсгүй байв.

Эрдэнэд очиход чинь залгаа Цогт, Чандмана болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан их эмчгүй байлаа. Тэгээд машин техникгүй гэсэн үг. Өртөөнөөс нэг тэмээ унаад Чандманад ирлээ гэхэд нэмээд Баян-Өндөр, Баянцагааны дуудлага авна шүү дээ. Чандманы өртөөнөөс тэмээгээ солиод л явна. Заримдаа 6-7 хоног явна. Бүр 10 хонох ч үе бий. Жишээ нь: Эрдэнийн цаад Эдрэнгийн нуруу, өөд дуудлагатай бол амаргүй. Тэмээгээр дуудлагад хол явна гэдэг бэрх л дээ. Гэхдээ тэр үед харилцаа холбоо хөгжөөгүй, авто унаа ховор тийм боловч байгаль цаг агаар өөрчлөлтгүй, хөрс шороо эрүүл, ургамал ногоо байгалынхаараа байсан. Тэр нь нэг талдаа хүн зондоо ээлтэй байжээ. Одоо тэгж сумынхаа эмнэлгийг эмч нар нь орхиод арав хоног хөдөө явчих юм бол хэцүүдэнэ дээ.

-Алсын дуудлагад аяншиж зүдрэх нь их биз. Тэдний заримаас нь дурсвал…?

-Морь,тэмээгээр дуудлаганд их явахад хоёр гуяны дотор бас хоёр өвдөгний дотор талын шонтгор яс холгож хорсоод горьгүй. Ялангуяа өвөл морины нь толгой цантчихсан хүн дуудлагын хэл хүргээд ирэхлээр чинь яаж явна даа гэж их халгана шүү. Тиймэрхүү л байлаа. Эрдэнийн цаад Зармангийн говиос дуудлага ирдэг юм байна аа. Өвөл шүү. Хоолоо хийж байсан чинь хүн сандал дээрээ хөдөлгөөнгүй болчихлоо гээд сандарч явна. Чухам хэдийдээ сум руу хөдөлсөн дуудлага юм, бүү мэд. Шөнө сумаас гарлаа. Маргааш нь үдээс хойш нэг юм дуудлагын айлдаа очлоо. Нөгөө хүн нь сандал дээрээ хэвээрээ байна. Үзлэг хийтэл хахаад үхчихсэн байв. Ходоодны хальсанд хахчихсан юм билээ. Уг талийгаачийг сумынх нь зарим хүн тэр Бил…т үү ,тэр тэгэх ёстой гэж байсан. Яагаад хүмүүс ингэж хандаж байгаа юм бол гэдгийг тодруулахад дээхэнэ үедээ сумынхаа талаар паартагчингуудад мэдээлж их дэмжлэг үзүүлж байсан хүн байсан юм билээ. Тиймээс олон хүн түүнд нь зэвүүрхэж байж дээ.

-Их дурсамжит Эрдэнэ сумдаа танайх удсан уу, гэр бүлийн чинь хүн ямар ажил хийж байсан бэ?

-Манай хүнийг чинь Баянмөнхийн Оролмаа гэдэг юм.Ховд аймгийн Манхан сумын хүн шүү дээ. Гэтэл Эрдэнэд намайг ажиллахаас эхлээд л бараг Алтайн хүн болсон доо. Тухайн үед Хүн эмнэлгийн техникумыг лаборантаар төгссөн. Эрдэнэд биднийг очиход бага эмчийн ажилд тавьчихсан.Тэгээд л бие даан суралцан надтай хамт зүтгэсэн дээ. Сумын эмнэлгийн их ч ажлыг нугалалцсан. Эрдэнэд бид чинь жил илүү ажилласан. Би тэгээд Мэс заслын курсэд явсан. Тэр курсэд бас зүгээр нэг ч яваагүй юм аа. Би мэс заслыг сонирхож байснаас тийм чигийг дагнасан эмч болъё гэж бодоогүй юм. Анх Эрдэнэ сумд хуваарилагдан очихдоо наадмын дараагаар 7-р сарын 17 очсон. Очиход байх гэр, хоол хүнс ,заг түлээ түлшээр хангаж байв.Эмнэлэг нь гурван сувилагчтай л байв. Төрөх дээр хүүхдээ гарах гээд гурав хонож байгаа эх байлаа. Хүүхдийн толгой нь цухуйх аяджээ. Хавчаар тавих арга гэж байдаг түүнийг л хэрэглэхээс өөр замгүй. Хуйхнаас нь татна. Татлаа. Хуйх нь сэтэрчихлээ. Дахиад таттал бас л хуйх сэтэрлээ. Арай гэж хүүхдийг нь гаргаж авлаа. Хөөрхий хуйх нь уранхай. Түүнийг оёох гэтэл зориулалтын утас сэлт байдаггүй. Дэмий нойлийн гэгдэх цагаан утсыг задлаад иод, спиртэд дүрж ариусгасан болоод оёчихов. Тэгээд гурав хонож байтал манай сургуулийн захирал байсан Балдандорж, биологийн багш Од, мэс заслын багш Рэнцэндорж нар суманд ирлээ. Би тэдэнтэй уулзаад уйллаа. Намайгаа аргадаад л загасан консерв хэдэн чихэртэй өглөө. Би ч төрсөн эх, хүүхдийг тэдэнд үзүүллээ. Нярайн толгойд хийсэн оёдлыг нь харуулав. Рэнцэндорж багш маань “Чи чинь харин оёдлыг овоо сайн тавьчихдаг юм байна” гэлээ. Нөгөө хоёр нь ч сайн байна гээд магтлаа. Тэд л аймгийн эрүүл мэндийн газрын дарга Сосорбарамд “Тэр Эрдэнэ сумд байгаа Шатарбалыг мэс заслын курсэд явуул “гэсэн байх. Мэс засалч болохын эхлэлд тэд нөлөөлсөн .


-Сумдад байхдаа хүүхэд эх барьж авна. Хэдэн хүүхэд эх барив?

-Нэг их олон биш, гэхдээ 100 хэдэн хүүхэд эх барьжээ. Харин гэрээр нь бол олон хагалгаа хийсэн.

-Тийм хагалгааны хамгийн хэцүү тохиолдол нь гэвэл…?

-Хүнд нь хүнд. Бүгд л хүнд. Ямар мал гаргах гэж байгаа биш хүн рүү мэс бариад ойртоно гэдэг чинь. Мал муулах хүн ч маани уншиж байгаад өрлөдөг биз дээ.
Ер их хүнд операци бол хавар ид мал төллөж байхад төлийн штабын гэрт төрөх эмэгтэйд кисеворо хийсэн юм. Хүнд нь юу вэ гэвэл салхи шуургатайд тооноор нь шар бууц бужигнаад хэцүү. Хөдөө ямар тоонондоо рамтай гэр байх биш. Гялгар цаас ямар олдох биш.Дэмий сонингоор хаамаглана. Бүгдийг нь хаачихлаар таг харанхуй болчихно. Нэг цамхраанд нь онгорхой үлдээгээд бусдыг нь сонингоор битүүлээд ажилласан. Нарны тусгалаар чинь шар бууц бужигнаж байна. Тэр хагалгаа миний сайных биш орчин нь эрүүл агаар сайтай байсанд элдэв муу үр дагаваргүй болсон. Энэ бүү хэл өндөр настай болсон ээждээ мэс засал хийж байсан. Түүн шиг хүнд үе надад байгаагүй. Өвчнөөс нь салгана гэхээр зайлшгүй хийх хагалгаа, хэдийгээр эмчийн үүрэг тангараг байв ч ачит эхийнхээ биед мэс хүргэнэ гэдэг хүүгийн хувьд хийх нь битгий хэл санах ч юм биш. Өөр эмч гуйя гэхээр мэс заслын эмч өөр байдаггүй. Лодойн Бямбаа маань амралтаараа ирсэн сураг дуулдав. Гэхдээ аймаг дээр биш Шарга суманд байгааг дуулаад мотоциклиор тийшээ давхив. Яваад очтол өнөө өглөө буцсан гэж үг сонслоо. Ээж маань тэр үед 87 настай байсан юм. Сэтгэл зүйн хувьд тун ч яггүй юмтай тулсан. Аргагүй эрхэнд л зориг шулуудсан. Хагалгаа маань амжилттай болсон. Гэхдээ л санаанд багтамгүй юм шүү.

-Таны мэс заслын эмчийн ажил өөр олон сорилтыг даваа байх даа?

-Миний хувьд дөнгөж мэс заслын эмч болоод дадлага суугаагүй байсан үеийнх юм. Анхны их хүнд хагалгаа бөгөөд их амжилттай болсон хагалгаа юм аа. Төгрөгт юм даа,олгой нь дотроо хагараад түгжрэл болчихсон Гомбо гэдэг залууд хийсэн мэс засал юм. /1968 оны зуны адгаар/. Тэр хээр хоноод хэцүүдсэн байсан. Тэр мэс заслаар 120 см гэдэс тайрч залгасан. Бас дурсамжтай. Түүнийг ёстой хамтын хүчээр эдгээсэн. Хордлогонд орчихсон байдаг. Шингэн байдаггүй. Бугатаас нэг 09-ийн натрихлортой шингэн авчирч хийгээд дуусчихсан. Одоотой адил холбоо хөгжсөн биш. Нэг юм ямааны Я, тэмээний Т гэх маягаар л үсэглэн хэлж байж эм тарианыхаа нэрийг дамжуулдаг байлаа. Аймагтай хэл авалцаадахсан чинь плазм байхгүй гэнэ. Баян-Уул сумд л хоёр байгаа гэх сураг гаргалаа. Сум-нэгдлийн даргадаа хэллээ. Эмнэлэгт унаа байдаггүй гээд учирлалаа. Пэрэнлээ дарга хоёулаа явъя гэж байна. Машин тэрэг нь өөр ажилд явсан байх. Мотоциклиор явах боллоо. Мягмаржав,Ванхүү гэсэн хоёр багшийг дагуулаад хоёр мотоцикльтой гарцгаалаа. Баян-Уул орлоо. Тэндээс эмнэлгээс нь нэг плазм, хоёр шил натрихлори, мал эмнэлгээс нь нэг шил гемодизтой болж аваад буцацгаав. Тэгж л сургуулийн багш нартайгаа, сум-нэгдлийнхээ даргатай хөдөлж байж аварч байлаа. Тэр бол дурсамжтай юм. Өнөөдрийн эмнэлгийн түвшинд бол тэр тийм хүнд хагалгаа биш байх л даа.
Олгой бол хүнддээ бол хүнд. Цаашаа харчихвал хэцүү.
Юмны учрал тохироо гэж их сонин. Наадмын дараа байсан. Сумын төв эл хульхан байсан. Би тэр өдөр дэлгүүрийн эрхлэгчтэй гадаа нь ярилцаад байж байв. Гэтэл нэг морьтой хүн эмнэлгийн гадаа ширүүхэн ирээд бууж харагдана. Тэгснээ манай байшин рүү зүглэлээ. Энэ ч дуудлага ирж байна даа гэдэг тодорхой байв.Би үзээгүй юм шиг сууж л байлаа. Манай гаднаас мордоод над руу чиглээд ирлээ. За хаа хүрч явна вэ гэвэл “Эмч ээ би дуудлага дуудаж явна “гэнэ.

-За яасан, юу болоов?

-Манай нэг хүүхэд халуураад өндийж чаддаггүй ээ, эмч ээ.

-Хэдэн настай хүүхэд вэ?

-Энэ жил цэргээс ирсэн юм л даа гэж байна аа.
-Цэргээс ирсэн юм бол жаахан хүүхэд биш, ирж үзүүлэг гэтэл
Нөгөө өвгөн дуугарсан ч үгүй. Тамхиа татан жаахан сууснаа босоод явлаа.
-Эмнэлгээс очоод халууны эм аваад яв гэж араас нь хэллээ. Хажууд байсан хүн:
– Энэ жилийн наадмаар Далай зааныг газар дуугартал тонгордог залуу чинь эдний цэргээс ирсэн хүү нь гэлээ. Гэнэт бодогдлоо. Тийм залуу бос чадахгүй байна гэдэг. Эргэлзээтэй санагдаад эмнэлэг дээрээ яаран очлоо. Аав нь аптекээс эм аваад гарсан гэнэ. Гэхдээ хойд дэнж-лагерийн айлаар орсон байх аа гэж байна. Араас хөөгөөд иртэл арай хөдлөөгүй байна. Нэг тайван өвгөн байсан юм. Жаахан юм лавлатал “Хүү маань Сухантын хадланд явсан юм. Тэнд ууж идэцгээсэн юм уу, буцах замдаа огиулсан байна лээ. Шар нь хөөрсөн юм уу, бүү мэд гэж байна. Тэгэхлээр “Та эндээ байж би түрүүлж явъя“ гээд морийг нь аваад мордлоо. Уул нь арваадхан км газар. Давхиулаад хүрлээ. Гэрт нь ороод үзтэл гэдэс нь цэрийсэн тогоо шиг юм. Хөдөлж чадахгүй хэвтэнэ. Машин хаанаас олно гэлцэн сандрав. Гэтэл тэр урдуур уулын бэлээр машин давхиж явна. Мотоцикльтой хүнээр амдууллаа. Пэрэнлээ дарга явж байж. Тэгж нэг юм эмнэлгийн бараа харуулан хагалгаа хийсэн юм.

-Хөдөөгийн эмнэлэг, эмч нарын бэрхшээл бүхнийг танай үеийнхэн туулсан байх даа?

-Хүнд үеийн төгсгөл бид байжээ. Алтай сумаас нэг дуудлага ирсэн. Төгрөгийн сум дундын больниц унаагүй байсан үе. Хүн төрүүлэх гэсэн хүндэрчихээд байна гэж тусламж дуудсан. Манай Ядмаа эмч шуудангийн машинаар явлаа. Цаана Алтай сумд төрөх гэж байгаа хүн бол их эмчийнх нь гэргий. Должинсүрэн гэж Алтай сумын эмч байсан. Нөгөө шуудангийн тэрэг нь Алаг нуурын говьд ус нь халаад явж өгөхгүй байдаг. Ядмаа эмч яарч байдаг. Тэгж явсаар арай гэж Алтай сум хүрч эмнэлгийн гадаа нь буухад Должинсүрэн эмч уйлаад гараад иржээ. Гэргий нь дөнгөж амьсгал хураасан хүнд мөчид түргэн тусламж үзүүлэх эмч нь очиж байсан гэсэн үг. Хэцүү шүү.
Ядмаа эмч буцаж ирээд надад ярихдаа уйлж байсан.
Сүүлд бодоход миний хувийн дурсамж юм шиг атлаа нийтлэгт хамаатай юм байна.
1965-1985 оны эмч нар Европын эмнэлгийг Монголдоо хөгжүүлэх, орон нутгийн эмнэлэгт дээд мэргэжилтэй эмч ажиллахын эхлэл болж улмаар аливаа эмнэлгийн материаллаг бааз дутуу гучуу байхад үүргээ бүгд биелүүлсэн. Мөн үед хөдөөгийн эмнэлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаж байсан. Ганцхан жишээ хэлэхэд, Эрдэнийн эмнэлэг гэхэд эхлээд хуучин хийд байсан шавар байшин нь агуулахтай, больниц гэж нэг гэр нөгөө гэр нь амбултори гээд тааруухан нөхцөлтэй байр савтай байлаа. Гэвч ахуйн нөхцөлд баригдалгүй санаачлагатай зүтгэлтэй ажиллахад болдог л юм. Миний дурдаад байгаа онууд буюу 1965-1985 оны энэ 20 жилд хөдөө орон нутагт ажиллаж байсан эмнэлгийн бүх мэргэжилтэн эмч нарын хичээл зүтгэл нь Монгол улсын анагаахын хөгжилд нэгэн том гүүр болж өгч чадсан гэж боддог.

-Тэгвэл сүүлийн үед эмнэлэг, эмч нарын талаар авлига гэх гар хүндрүүлттэй холбоотой яриа нийгэмд түгэх болжээ. Энэ тал дээр таны бодол?

-Миний хувьд үүнтэй эвлэрэхгүй муу эмч юм уу, муухан ажилтай эмнэлэг ганц нэг байж болно. Энэ систем салбарын чинь 97-98 хувь нь сайн л байгаа шүү дээ. Нэг талаасаа муу хувь хүн ганц нэг эмчээс болон ийм яриа гарч байгаа. Нөгөө талаасаа нийгмийн элдэв гажгаас болж ийм ярианд өртөж байгаа. Хүн эмчилнэ гээд эмч болсон хүн чинь үйлчлүүлэгч өвчтнийхөө гарыг харж юм авна гэдэг бол санаанд багтамгүй. Тийм зоригтой юм уу, тийм тэнэг эмч эмнэлгийн мэргэжилтэн бараг л байхгүй болов уу. Харин өмч хөрөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс л тийм зүйлийн сэдэл өгч сүүлд нь энэ салбарынхны нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох юм.

-Төгрөг сумд  та хэдэн жил болсон бэ?

-Төгрөгт би 22 жил болсон. Аймгийн төв дээрээ 10 жил болсон. Бигэрт гурван жил ажилласан юм. Тэнд бол тэтгэвэрт гарсан хойно оо очсон. Хоёр давхар эмнэлгийн барилга бариулсан. Сум дундын эмнэлгийн барилга юм. НҮБ-ын Хүн амын сангийн хөрөнгөөр “УАЗ-469” машин нэгийг олгуулсан.

-Таны араас залгах хойч үеийн эмч нараа нэрлэвэл…?

-Ундрах гэж бий. Оюунбилиг гэж байгаа. Бигэрт хамт ажиллаж байсан Ичинхорлоо гэж залуу эмч бий.

-Таны хүүхэд насны анд нөхөд ангийнхан чинь  хэн хэн нь хаана явна вэ?

-Дунд сургуулийнхнаас Аюурзана гэж эмэгтэй, Тайширт байсан мал эмнэлгийн мэргэжилтэн Дорж энэ хоёр Говь-Алтайд байна. Эрдэнэтэд Санжмятав, Цаян хотод Дашхүү эмч, Борхүү байна. Баднагарав гэж байна. Алтайн хоёрдугаар10 жилд байсан Сандуй багш, Даваа гэж байна.Тэгээд дипломатч Цахилгаан байна.

-Таныг чинь эмчээс гадна утга зохиол их сонирхдог гэдэг?

-Алтайн маань эмч зохиолч Гүнсэн,Норов, Очирхүү, Мягмарсүрэн, Пүрэвдорж, Бадамжав байна. Шижээ эмч бэрх бичнэ шүү дээ. Миний тухайд бол их сургуульд ордог жил Чингисийн ойд зориулсан уралдаан зарласан. Түүнд “Миний Монгол” гэж шүлгээ өгсөн, гэтэл сүүлд нь Төмөр-Очирын үнэр шингэсэн гэж сонинд шүүмжлүүлсэн. Юмсүрэн, Сүрэнжав, Галсан, Жамд Цэдэв, Дашдондог нартай нэг дугуйланд хамт явж байсан.
Сүүлд л Дарханд очоод багагүй бичлээ. Энд нэг жишээ хэлэх үү.
Ховд орчихоод буцаж явсан. Алтайгаараа дайрсан Жааяа эмчийн алдрыг тэмдэглэж байсан. Тэр бүхэнд оролцчихоод ирэв.
Энд ирээд нутгаа зүүдэлж байна. 1997 онд юм шүү юу гэж зүүдлэв гэвэл: “Алтай сум руу дуудлаганд яваад буцахдаа Хавцгайтын хөтөл дээр байна аа. Би нэг тийм бартаатай бол нисчихдэг, цагаан газарт зүгээр явдаг Америкийн машинтай явна. Нэг шар 69 машин зогсож байна. Тэнд Тогтох эмч хөнгөн цагаан тавганд хэдэн ааруул тавиад хажууд нь шил архитай байна. -Чи энд юу хийж байгаа юм гэтэл
-Загдрагчаа, Лхагвацэрэн эмч хоёр гавьяат болсон гэж байна.
Тэгэхлээр машинаа асааж нисээд аймгийн нисэх онгоцны буудал орлоо. Тэндээс өнөө 2 гавьяатаа угтан аваад шууд л нэгдсэн эмнэлгийн гадаа очин бууцгаалаа. 307 тоот танхим-зааланд ороод л нөгөө 2 чинь их гоё ижил зангиатай байна. Хүмүүс баяр хүргээд л…
Гэтэл гэнэт Лхагвацэрэн эмч алга . Загдрагчаа эмчтэй Тогтох эмч байна . Тогтох гавьяат болсон юм уу даа гэтэл “ сэрчих вээ. Түүгээрээ би “Сайхан зүүд” гэсэн шүлэг бичсэн юм.

* * *
Эмнэлгийн шар байшиндаа ажиллаж байна гэж зүүдэллээ
Эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлж байна гэж зүүдэллээ
Урд шөнө би сайхан зүүд зүүдэлжээ
Урам хайрлаж баяр зөгнөсөн сайхан зүүд зүүдэлжээ
Алтайн дуудлаганд яваад ирж байна гэж зүүдэллээ
Анд гурван нөхрийгөө гавьяат болж байна гэж зүүдэллээ
Заагаа, Лаалаа, Тоогоо гурвыгаа гавьяат болсныг
Замдаа уулзсан жолоочоос сонсож байна гэж зүүдэллээ
Тиймээ би урд шөнө сайхан зүүд зүүдэлжээ
Тэвэр дүүрэн бэлэгтэй сайхан зүүд зүүдэлжээ
Бэлгэ дэмбэрэлтэй миний зүүд
Биелэх болтугай хурай, хурай
Зүүдэнд үзсэн зүйлсээрээ шүлэг бичлээ ах нь
Зөгнөл биелсэн хойно нь сүүтэй хадгаа барина

-Сайхан зөн совин байж шүү. Тэднээс чинь гавьяат төрсөн биз дээ?

-Тийм. Загдрагчаа,Тогтох хоёр чинь гавьяат болсон доо.

Ийнхүү бэлгэтэй сайхныг зөгнөн нөхдөө дурсан санаж явдаг, эгэл атлаа эрхэмсэг буурал нэгэнтэй хөөрөлдлөө. Ёстой эмч гэмээнэ жинхэнэ анагаахын энэ хүнд ярих хүүрнэх юм их баялаг байгаа. Тийм авч энд удаад түр цэглэе юү.

                                                                           Б.Цогзаяабаатар

                                                                            www.Zindaa.mn

Top