Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам, Монгол Улсад Эрүүгийн хууль тогтоомж шинэчлэгдэн, батлагдаж, хэрэгжиж эхэлж байгаа түүхэн цаг үеийн босгон дээр бид Монгол Улсын гавьяат хуульч, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч асан , Монгол Улсын алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавыг сайтынхаа хүндэт зочноор урьж ярилцлага өрнүүлсэн юм. Энэ эрхэм Монгол төрийн Прокурорын байгууллагад тасралтгүй 35 жил, үүнээс 12 жил нь Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажилласан юм.
Б.Цэрэнбалтав нь прокурорын байгууллагад ажиллах хугацаандаа мөрдөн байцаалт болон түүнд тавих хяналтыг хариуцаж, энэ чиглэлээр улсын хэмжээний бодлого боловсруулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, прокурорын байгуулллагыг мэдлэг чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх, сургах, дадлагажуулах ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан.
НЭГ ЖИЛ ХОЁРЫН ХОЁР АЙРАГ ТҮРҮҮ АВНА ГЭДЭГ ТЭР БҮР УЯАЧ ХҮНД ТОХИОЛДООД БАЙХГҮЙ ХОВОР АМЖИЛТ
-Дэнж хотойлгон эхлэх дэлхийд ганцхан Монгол наадамхэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Та энэ жил хэдэн насны морьд уяж байна. Морьдын уяа сойлго хэр байна?.
-Монгол наадам бол баяр баярын дээд баяр гэж боддог. Дэлгэр сайхан зун цагтаа монгол хүн сайхан дээлээ өмсөж, Эрийн 3 наадмаа хийж хурдан морио уралдуулж, хүчит бөхчүүдийнхээ хүчийг сорьж, эрхий мэргэн харваачдын оноо мэргэнийг сорьдог ард түмэн.Энэ жил манай "Ажнай шарга" галаас 30-д морьд сойсон байгаа. Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, УИХ-ын гишүүн Э.Наранхүү, УИХ-ын дарга М.Энхболд нарын санаа нийлсэн 5 хүн нэг уяа болж наадсаар 10-д жил болж байна. Миний хувьд энэ жил 4-5 морь наадамдаа сойж байна. Хэнтийгээс цааш Их-Уул гэдэг газар морьдоо уяж, сойсон. Морьд маань маргаашнаас наашилна. Би морь малын дэргэд өссөн хүн. Төрийн ажил хийж байхдаа ч гэсэн морьдоосоо холдсонгүй. Улсын их баяр наадамд 11 айраг түрүү авсан амжилтаараа 2015 онд "Монгол улсын алдарт уяач" цол хүртсэн.
-Морь уях эрдэмд сургасан багшаа гэвэл та хэнийг нэрлэх бэ?
Би 7, 8 наснаасаа л хурдан морь унаж, адуунд хорхойсож өссөн. Сүхбаатар аймгийн прокурор байсан үеэс гэвэл олон жил, морь уралдуулжээ. Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэчулуун гэдэг хүн манай галын морийг уяж, нэг ёсны багш, нөгөө талаас "морь" гэх энэ агуу их ертөнцөд хамтран зүтгэгч гэж хэлж болно. Монгол Улсын алдарт уяач цолонд хүрсэн нь энэ хүний зүтгэл, эрдэмтэй холбоотой
-Хурдан хүлгүүдийнхээ амжилтаас дурьдвал?
-2008 онд төрийн наадамд анх удаа 2 морио айрагдууллаа. Хязаалан, соёолон насанд Их зээрд, Бор морь хоёр маань айрагдаж ёстой л магнай тэнийтэл баярлаж билээ. Нэг жил хоёрын хоёр айраг түрүү авна гэдэг тэр бүр уяач хүнд тохиолдоод байхгүй ховор амжилт. Төв цэнгэлдэхэд нэг морио цоллуулаад, нөгөө морио цоллуулах гээд хүлээгээд зогсож байхад үнэхээр хурдан хүлгээрээ бахархах, эр хүний хувьд омогших сэтгэл төрж байсан. Тэр жил бас нэг морь маань Заамарын их наадамд айрагдсан. Ингэж 3 морь нэг жил айрагдаж байсан сайхан амжилтаараа би бахархдаг юмаа.
Миний хурдан хүлгүүд Сүхбаатар аймгийн угшилтай. Ах дүү, найз нарын өгсөн морьд байна. Хүмүүс эрлийз гэж яриад байгаа, сайжруулсан угсаатай нэлээд олон адуу надад бий. Би 2015 онд Алдарт уяач цолыг 11 айраг түрүү авч байж хүртсэн. Миний морьд бүгд нэртэй. Бэлгэдлийг агуулж хурдан хүлгүүдээ нэрлэсэн. Их зээрд гэж анх төрийн наадамд айрагдсан морио нэрлэж байлаа. Энэ нь агуу ихийн их юмаа. Магнай хээр гэж байна. Шинэ үеийн эрлийз морь, дандаа магнайд давхидаг учраас Магнай хээр гэж нэрлэсэн. Тод хул гэж улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан азарга байна. Баясах хээр гэж байна. Дандаа баясгадаг. Дэлгэр хээр, Бат зээрд гээд сайхан хурдан хүлгүүд байна. Манай галын морьдыг Архангай аймгийн харьяат Дашчирэв гэж залуу малладаг. Насаар 24-25 байх. Энэ залуу бол үнэхээр төрөлхийн авьяастай, морийг мэдэрч, уяж чаддаг залуу. Энэ залуу манай галын морьдыг 24 удаа айраг түрүүнд хүргэсэн хүн. Олон удаа шилдэг уяачаар шалгарч байсан. Манай галын олон морьд айраг түрүүнд давхиж түмэн олноо баясгасан. Наранхүүгийн Шарга хээр, Монгол хээр, М.Энхболдын Хүрэн халзан гээд Монгол түмнийг баясгасан олон сайхан хүлгээрээ бид бахархдаг.
Жилийн жилд хаяа дэрлэн гэрээ бариад, хурдан хүлгүүдээ уралдуулж хэд хоног сайхан наадах дэлгэр сайхан цагийг тэсч ядан хүлээдэгдээ.
-Прокурорууд бид чинь жил бүрийн баяр наадмаар манай прокурорын морь хэдэд ирэв гэж чих тавьдаг байлаа шүү дээ?.
Тиймээ. "Прокурор Цэрэнбалтавын морь", Монгол Улсын гавьяат хуульч Цэрэнбалтавын морь гээд дуудуулах сайхан байдаг.
ДОРНОДЫН ПРОКУРОРЫН ГАЗАРТ АЖИЛЛАСАН ЖИЛҮҮД МИНИЙ ПРОКУРОРООР АЖИЛЛАСАН "ОРГИЛ ЦАГ ҮЕ" БАЙСАН
-Та Сүхбаатар аймгийн прокуророор олон жил ажиллажээ. Хэдэн онд прокурорын байгууллагад орж байв
-Би 1975 онд МУИС-ийн хуулийн факультет төгсөөд, Улаанбаатар хотын прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст криминалист-прокуророор ажиллаж эхэлснээр миний амьдрал прокурортой холбогдсон. Тэр үед Улаанбаатар хотын прокурор Монгол Улсын гавьяат хуульч Ж.Гомбодорж гуай байлаа. Хатуу чанга хирнээ хүнд юм зааж, сургаж чаддаг хүн байсан. Хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн эрхэм хүн гэж би Ж.Гомбодорж гуайгаа хүндэтгэж явдаг. Тэр үед мөрдөн байцаах хэлтэс 3 прокурор, 13 мөрдөн байцаагчтай социалист өмчийг ашигласан шамшигдуулсан, засгийн төлөөлөгчийг амь нас эрүүл мэндэд халдсан, албан тушаалын холбогдолтой хэргийг харьяалан мөрддөг байлаа.
Миний анхны мөрдсөн хэрэг " Ганц худаг"-ийн урьдчилан хорих төвийн гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч даргын амь насанд халдсан хэрэг байлаа. Хэргийг "галзуу" хочит Ч гэгч үйлдсэн байв. Хэдийгээр байнга хянагчтай байцааж байсан боловч эмнэлэгт хэвтэх гээд хаанаас олсныг мэдэхгүй зүү, хадаас бөөн бөөнөөр залгиж мөрдөх ажиллагаанд саад учруулдаг байв. Хэдийгээр мань хүн элдэв башир арга хэрэглэж байсан боловч хэргийг мөрдөж дуусган, шүүхээр шийдвэрлүүлсэн юм.
Ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн Улаанбаатар хотын прокурорын газарт 4 жил ажиллаад, өөрийн хүсэлтээр 1979 онд Дорнод аймгийн прокурорт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил эрхэлсэн туслах прокуророор томилогдон 10 жил ажилласан. Өөрөө өргөдлөө өгөөд Дорнод явж байж билээ. Тэр үед хотоос хөдөө явна гэхээр хүмүүс гайхаж байсан. Нэг мэдэхэд л 10 жил болсон байсан. Аймгийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хариуцсан нэг л прокурор байдаг, жилд 300-д хэрэгт хяналт тавьж байлаа. Аймгийн прокурор 1 мөрдөгчтэй. Хэрэг төвөг их гардаг байсан учир мөрдөгчийн ажил их, тэр үед нь би өөрөө хэргээ мөрддөг байлаа. Дорнодод олон ч сайн дарга нартай ажиллаж байсан. Аймгийн прокурор Даваасүрэн, Нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга хурандаа Чулуун, шүүхийн дарга Үржинбадам, Цагдан сэргийлэх ангийн дарга хошууч Бямба гээд хуулийн байгууллагын олон мундгуудтай ажиллаж, тэднээс их зүйл суралцсан. Цагдаагийн байгууллагын олон дарга, мөрдөн байцаагчаас их юм сурсан. Ер нь бол прокурор цагдаагаас юм сурдаг. Сайн мөрдөн байцаагч прокурорыг сургадаг юм. Дорнодын прокурорын газарт ажилласан жилүүд миний прокуророор ажилласан "Оргил цаг үе" байсан. 1985 онд хотод нэг зөвлөгөөнд ирсэн байх үед Цэргийн прокурор, хошууч генерал Даваасамбуу надтай уулзаж цэргийн прокурорын орлогчоор ажиллуулах санал тавьсан юм. Би 1-т цэрэгт яваагүй, 2-т энэ талын хэргийн мэдлэггүй гээд татгалзсан. Даваасамбуу генерал "би чамд итгэж байсан юмсан "гэж билээ.
-Та бас өөрийн төрж өссөн Сүхбаатар аймгийн прокуророор ажиллаж байсан даа?
-1988 онд Ерөнхий прокурорын газрын боловсон хүчний тасгийн дарга Нямдэлэг утасдаад "чамайг хотод ажиллуулах шийдвэр гарч байна, саналыг асуу гэсэн" гэлээ . Би ч яахав "нэгэнт дээд газрын шийдвэр гарч байгаа бол зөвшөөрч байна" л гэлээ. Улсын Ерөнхий прокурорын газрын тусгай хяналтын прокуророор томилогдсон. Тагнуулын байгууллагын мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хяналт тавьж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн цагаатгалын ажилд прокурорын нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй байсан.
1989 онд төрсөн нутаг Сүхбаатар аймгийн прокуророор томилогдох шийдвэр гарсан. Тэр үед аймгийн прокуроруудыг Төв хороогоор оруулж томилдог байсан юм. Би ч төрсөн нутагтаа ирэх их дуртай байсан. Би чинь Сүхбаатарын харьяат гэх боловч үнэндээ 2 дугаар анги төгсөх хүртлээ л нутагтаа байсан хүн. Тиймээс би жинхэнэ нутгийнхаа хүү болох энэ боломжийг дуртай хүлээж авсан. Нутагтаа 7 жил гаруй ажилласан. Ажил ч их сайн байлаа. Прокурорын газраа мал аж ахуйтай, амралтын газартай, алжаал тайлах болон амралтын өрөөтэй болгож, хамт олны ажиллах урам зориг нэмэгдэж байсан. Манай прокурорын газрын туршлагыг улсын хэмжээний прокурорын байгууллагуудад хэрэгжүүлэх шийдвэрийг Ерөнхий прокурорын газрын зөвлөлөөс гаргаж байлаа.
-Та Миний мэдэхийн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор хамгийн удаан ажилласан прокурор байхаа?
-1997 онд Улаанбаатар хотод дуудагдаж, Баянзүрх дүүргийн прокуророор томилогдсон. 1999 онд Ерөнхий прокуророор М.Алтанхуяг томилогдоод УЕПГ-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилсон юм. Энэ хэлтсийг толгойлоод 3 сар л ажилласан байх. 1999 оны 11 сард Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалыг хүлээж авсан. Мөрдөн байцаах, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийг хариуцан ажилладаг байлаа. 2005 онд дахин улираан томилсон юм. Дорлигжав прокурортой 5 сар ажиллаад хугацаа дууссан даа.
-Бидний хэлж заншсанаар та "мөрдөнгийн прокурор". Криминалистик- прокуророос эхлээд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих туслах прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч хүртлээ мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтыг хариуцаж иржээ. Таныг орлогчоор ажиллаж байх үед Улсын Ерөнхий прокурорын газраас давхар хяналтыг хэрхэн хэрэгжүүлдэг байсан бэ?
-Тиймээ, Дорнод аймагт хэсэг хугацаанд аймгийн прокурорын орлогчыг хийж байсан юм. Тэр үед орлогч тусгай хяналтаа хариуцдаг байсан. Энийг эс тооцвол 35 жил ажиллахдаа 34 жил гаранг мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуроор ажиллаж байлаа. Цаг үеэс шалтгаалан онц ноцтой хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, арга хэлбэр нарийсдаг жамтай. Энэ хугацаанд олон ноцтой хэргийг танилцаж байлаа.Улсын хэмжээний онц, ноцтой хэрэг Ерөнхий прокурорын газрын хяналтад байнга байдаг. Орлогчын хувьд байнга явцыг танилцаж, хяналтандаа байлгадаг байлаа. Ерөнхий прокурорын газарт улсын хэмжээний онц, ноцтой хэргийн бүртгэл байдаг байсан. Тэр үеийн прокурорууд мэднэ дээ. Миний санаж байгаагаар намайг ажиллаж байхад прокурор Д.Сарантуяа энэ бүртгэлийг хариуцдаг байсан. Ер нь намайг Дорнод аймагт ажиллаж байх үед Ерөнхий прокурорын газар ноцтой гэлтгүй улсын хэмжээний бүх эрүүгийн хэргийг дугаараар нь карт хөтөлдөг байлаа. Эрүүгийн хэрэг үүсгэнгүүт тухайн аймгийг хариуцсан прокурор карт нээж, бүртгэлдээ авна. Тэгээд шийдвэр гарангуут хөдөлгөөний картыг үргэлжлүүлэн хөтөлдөг байсан. Тэр үед цаасан бүртгэл л байлаа шүүдээ. Одоонийх шиг цахим байгаагүй ч гэсэн улсын хэмжээний хэргийг хяналтандаа байлгаж чаддаг байсан юм.
Цахим гэсэнтэй холбогдуулаад ярихад 2008 онд Германы техник хамтын ажиллагааний төслийн удирдагч Заяа гэдэг залуу манай прокурорын газрын шинэ жил дээр уригдаж ирээд байхдаа "танайд нэг төсөл хэрэгжүүлье, та дэмжих үү, цахим систем прокурорын байгууллагад маш хэрэгтэй гээд тайлбарлалаа. Шинэ жилийн дараа ерөнхий прокурор Алтанхуягт Заяа нэг ийм юм яриад байна гээд танилцууллаа. Хөрөнгө мөнгө нь яаж шийдэгдэх юм бол гэлээ. Төслийг Германы засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжтой байсан юм. Тэгсэн чинь наадах чинь их зүгээр юм байна, чи төслийг өөрөө хариуцаад, доороо хэн хэнийг авахаа шийдээд тушаалын төсөл оруулаад ир гэж хэллээ. Тэгээд ерөнхий прокурор дэмжээд, төслийг хэрэгжүүлэхээр болоод 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, тушаал гаргасан. Би ажлын хэсгийг ахалж байсан юм. Энэ ажлын хүрээнд байгууллагын сар, улирал, жилийн мэдээг 700-д асуулттай гаргадаг байсныг цөөлж цахимд оруулах өгөгдлийг 400 асуулттай болгож, Ерөнхий прокурорын зөвлөлөөр оруулан, шийдвэр гаргуулж байсан юм. 2009 онд 10-д прокурорыг туршлага судлуулахаар Герман явуулж байлаа. Ингэж одоогийн энэ цахимын эхлэл тавигдаж байсан юм шүү. Зарим хүмүүс энэ ажлыг нэлээн хойно эхэлсэн юм шиг ярьдаг, тийм биш шүү. Цахимтай болсноор прокурорын байгууллага том дэвшил хийсэн. Бат-Орших, Гантулга, Булганцэцэг, Жаргалсайхан Эрдэнэтуяа гээд 10-д прокурор энэ ажилд бэлтгэгдэж байсан. Тэр үеийн төслөөр манай цахимтай хуулийн байгууллагууд хоорондоо холбогдох байсан.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ НИИГЭМД ӨГӨӨЖТЭЙ БАЙЖ Л ҮР ДҮН НЬ ХАРАГДАНА ГЭЖ БИ БОДДОГ
-Таныг орлогч байх үед Улсын хэмжээний том хэргүүд дээр прокурор хэрхэн хяналт тавьж байв?
-Олон л ноцтой хэрэг гардаг байлаа. Тухайлбал "Центрпонтын хэрэг" гэж байлаа. Тэр үед эрүүгийн гэх тодотголтой хүмүүс нэлээд даварсан, хуулийг үл тоомсорлодог болсон байсан юм. Цагдаа, прокурор нэгдэн ажиллаж байж Монголын хуулийг уландаа гишгээд байвал төр хүчтэй шүү гэдгийн үзүүлсэн. Мөн хадгаламж зээлийн хоршооны хэрэг байна. Олон мянган хүнийг хохироосон. Мөн л хүч тавин цагдаа, прокурор нэгдсэн ажлын хэсэг гарган ажиллаж, энэ хэргийг шалгаж тогтоон, шүүхээр шийдвэрлэсэн. Хуулийн байгууллагын ажил нийгэмд өгөөжтэй байж л үр дүн нь харагдана гэж би боддог. Цагдаа дангаараа мөрдөөд үр дүнгүй, прокурор шүүхтэйгээ ойлголцохгүй, ялын бодлого дээр ч юм уу нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй бол хэчнээн хууль байгаад нийгэмд үр дүнгээ өгч чадахгүй.Тиймээс хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа их чухал. Миний баримталж байсан нэг зарчим бол ажил төрлийн холбоотой байгууллагууд, тэдгээрийн удирдлага, ажилтнуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах. Прокурорын хяналтыг холын зайнаас биш аль болох ойр байж мөрдөн байцаагч нартайгаа өдөр бүр уулзаж хэргийн явц байдлаа танилцаж, саналыг сонсож, арга тактикаа боловсруулж байж хэргийн ард гарна шүү. Ард түмэн яагаад прокурор, цагдаа, шүүхийг шүүмжлээд байна гэвэл одоогийн хууль хяналтын байгууллагууд нэгдсэн бодлого байхгүй байна гэж л харж байна.
-2002 оны хуулиар Улсын Ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба гэж байгуулагдсан. Одоо энэ байгууллага байхгүй болсон. Та энэ талаар ямар бодолтой явдаг бэ?
Мөрдөн байцаах алба бол нийгмийн зүй тогтол, хэрэгцээ шаардлагаар бий болсон юм. Түүнээс прокурорын байгууллага илүү эрх мэдэл авсан юм биш. Шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах, хараат байдлыг хангах, хуулийн байгууллагыг цэвэршүүлэхэд их ахиц гарсан юм. Тэр үед зарим Их хурлын гишүүд прокурор хянадаг газар болохоос, мөрддөг байгууллага биш, прокурор өөртөө эрх мэдэл авлаа гэх мэт зүйл яригдаж л байсан. Тайлбарлаад өгөхөөр ойлгож байсан. Ойлгоод ч дэмжсэн. Энэ алба заавал прокурорын дэргэд байхгүй ч байж болно. Зөвхөн хараат бус, ангид л байх ёстой. Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь хууль зүй, эрх зүйн шинэтгэлээс ухралт болсон гэж би боддог. Энд ямар нэг байгууллагын амбиц байж болохгүй. Байсан юмыг байхгүй болгох амархан, зөвхөн дараа нь тэр орон зайг яаж, хэрхэн нөхөх вэ, энэ асуудлыг яаж шийдэх бэ гэдэг их чухал. Байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх асуудал байсаар байна. Цагдаа цагдаагаа шалгаад, шийдэж чадах уу. Нүднээс далд хуулиар далайлгаж хүний эрхийг зөрчих асуудал Мөрдөн байцаах алба ажиллаж байхад хумигдсан юм шүү. Яваандаа эргээд ийм алба байгуулагдах боломжтой гэж боддог. Яагаад гэвэл шаардлага нь байсаар байна.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ТӨРӨӨС ХҮЛЭЭЛГЭСЭН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ЦАЛГАРДУУЛААГҮЙ, БУРУУГААР АШИГЛААГҮЙ, ХЭРЭГЖҮҮЛЭЭД Л ИРСЭН
-2002 оны шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар прокурорын байгууллагад ихээхэн үүрэг хариуцлага нэмэгдсэн. Сая батлагдсан хуулиар ч мөн ихээхэн үүрэг нэмэгдлээ?.
-2002 онд Эрүүгийн хууль,Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ихээхэн шинэчлэлтүүд хийгдсэн. Тэр үед цагдаагийн байгууллагын 1400-д хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэдэг, хэрэгсэхгүй болгодог, татгалздаг байлаа. Энэ хуулиар шүүхээс өмнөх шатанд хэргийг прокурор шийднэ, шүүхэд шилжүүлсний дараа шүүх л шийднэ гэсэн 2 зүйлийг л бий болгосон. Цагдаагийн байгууллагын эрх мэдлийг хумилаа гэдэг зүйл ярьж л байсан. Энд мөн л хүний эрх, эрх чөлөө, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилго байсан. Сүүлдээ энэ чинь эрүүгийн чиг хандлага гэдгийг цагдаа ойлгосон. Зарчмын том шийдэл байсан. Эрх мэдлээ дагаад том хариуцлага нэмэгдсэн. Би боддог юм. Прокурорын байгууллага төрөөс хүлээлгэсэн үүрэг, хариуцлагыг цалгардуулаагүй, буруугаар ашиглаагүй, хэрэгжүүлээд л ирсэн. Энэ нь зөв байсан нь амьдрал дээр харагдсан шүүдээ.
Би прокуроруудад эрх мэдэл чинь дутаагүй шүү, зөвхөн энэ эрх мэдлээ чанаржуулах, баталгаажуулах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тухайлбал хэрэг бүртгэгч, мөрдөгч санал өгөх ямар хэрэг байнаа. Тэртээ тэрэнгүй прокурор шийдвэрээ гаргах эрх нь хуульд байсаар байхад. Тэгээд л мөрдөн байцаагчын өгсөн саналаас прокурор өөрөөр шийдсэн гэдэг яриа гараад л. Мөрдөж дууслаа, прокурорт шилжүүллээ, прокурор шийдвэрээ гаргалаа. Энэ мэтчилэн зүйлийг саяын хуулинд тусгах болов уу гэж харж байсан. Тусгалаа олсонгүй.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавихаар хуульчлагдлаа. Үндсэн хуулинд прокурор хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавина гэж байгаа учраас зөрчлийн хэрэг бүртгэлтэнд хяналт тавих нь зөв. Гэхдээ прокурор эрүүгийн шинжтэй зүйл зөрчил болоод явчих бий, хэн нэгэн ял завшчих бий гэсэн үүднээс хяналтаа тавих ёстой гэж боддог. Энэ утгаар хянавал явцуу байдлаар хяналт тавих ёстой гэж боддог. Энэ Зөрчлийн хууль жижигхэн эрүүгийн хууль шиг л болсон гэж харж байна. Прокурор маш их ачаалалтай болно. Энэ бол хувь хүн миний бодол шүү.
-Прокурорын хууль шинэчлэн батлагдлаа. Урьдын хуулиас хэр шинэчлэгдсэн гэж та үзэж байна?
-Монгол Улсын прокурорын байгууллага Олон улсын прокурорын холбоонд 1996 онд элссэн. Сүхбаатар аймгийн прокурор байхдаа энэ хуралд оролцож, Монголын прокурорын холбоог Олон улсын прокурорын холбоонд элсүүлж байсан хүн нь би. Дэлхийн прокурорын байгууллагын чиг хандлага хаашаа явж байна гэдгийг харж, тэр зүгт чиглэх ёстой. Прокурорын хяналтын чиг үүрэг хэрэг хянан шийдвэрлэх хуулинд тодорхой тусгагдсан. Иймээс хуулиндаа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, нийгэм, эдийн засгийн баталгаа гэх мэтээ тусгаад "байгууллагын хууль" байж яагаад болоогүй юм бол, Прокурорын хууль гэж нэршил өөрчлөгдсөн нь ямар ач холбогдолтой гэдгийг би ойлгохгүй л байгаа. Шинэчлэл бол хэлбэрийн биш үйл ажиллагааны шинэчлэл байх ёстой. Яахав прокурор нийтийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөх гэх мэт шинэлэг зүйлүүд тусгагдсан байсан. Энэ нь бусад улсын жишигт ч байдаг л зүйл. Тухайлбал: Япон улсын прокурорын хуулинд байдаг. Гэхдээ прокурорын үндсэн чиг үүрэг бол "яллах" . Яллахын тулд нотлох баримтаа өөрөө бүрдүүлдэг, хяналт тавьдаг байх ёстой. Одоо манай хуулиар өөр системийн буюу мөрдөн байцаагчийн мөрдсөн хэргээр хүн яллаад байгаад би таагүй ханддаг. Олон улсын чиг хандлагаар бол энэ их хол сонсогдоно шүү. Прокурор өөрөө яллах баримтаа бүрдүүлдэг, эсвэл өөрийн хяналтын дор өөрийн мөрдөгчөөр бүрдүүлдэг байх ёстой. Би саяын батлагдсан хуулиар энэ талаар өөрчлөлт орох болов уу гэж найдаж байсан. Прокурор дэргэдээ мөрдөн байцаах албаа авах ёстой. Хэдийгээр хэргийн ажиллагааны явцад хяналт тавьж байгаа боловч хэрхэн яаж бүрдүүлсэн баримт болохыг тэр бүр мэдэх боломжгүй, тэгээд шүүх дээр хүний юмыг авч очоод, хүнийг буруутгаад яллаад байгаа нь зөв үү гэдгийг бодох цаг болсон л гэж боддог. Ерөнхий прокурорыг "прокурор"-оос томилох заалт орсон байсан. Прокурорын байгууллагад хаалттай зүйл бол улс төр. Прокурорын байгууллага хэзээ ч улс төрд хаалгаа нээж өгч болохгүй. Прокурорын удирдлагад янз янзын л хүмүүс томилогдож байсан. Тэр ажлыг дааж авч явах туршлагатай, хэн ч байж болно. Прокурорын байгууллага Монголын төрд үеийн үед нэр хүндтэй байсан байгууллага. Өндөр хариуцлагатай ажиллаж байсан. Дээр үед Монголын төр нийгмийн удирдлагад прокурорын байгууллагаас шилж сонгож өндөр албан тушаалд тавьдаг байсан.
Прокурор шударга байх ёстой. Шударга байх ёстой гэдгийг прокурорууд өөрсдөө тогтоодоггүй. Шударга гэдгийг нийгэм тогтоож өгдөг. Энэ прокурорын байгууллага шударга байна шүү, энэ прокурор шударга байна шүү гэж хөндлөнгийн шалгуураар шударгын хэмжүүр тогтоогддог. Шинэ, залуу прокуроруудад хууль толгойд нь суулгахаас нь өмнө, шударга ёс, хуульчийн ёс зүй, хүн чанар гэдэг зүйлийг толгойд нь суулгаж өгөх ёстой. Прокурор хүн эхлээд өөрийгөө төлөвшүүлэх хэрэгтэй. Дараа нь хүний хувь заяаны асуудлыг шийдэх ёстой. Прокурорын байгууллага нийгмийн халамжаа сайжруулсан, цалин хөлс, зэрэг дэвээ нэмсэн. Энэ бол сайн. Ажиллагсдын урам зориг, нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ажлаа хийлгэж чадахгүй. Үүнээс гадна үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Үндсэн чиг үүрэг боловсронгуй болж явах ёстой. Дэлхийн прокурорын байгууллагуудын хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгааг дагах хэрэгтэй.
-Таныг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа хэргийг танилцахдаа их өвөрмөц танилдаг, хэргээс ганц нэг асуулт асуугаад бүхэлд нь мэдчихдэг, прокурорууд хэрэг танилцуулахаас их эмээдэг байсан гэж ярьдаг?
-Би хэрэгтээ нэг бүрчлэн танилцахыг дарга нараасаа сурсан. Ерөнхий прокурор Авхиа, Гүнсэн, Орлогч нь Даваасамбуу, Балжинням нар өдөржингөө хэрэгтэй танилцдаг байсан. Хэрэгтэй оромдож танилцаж болохгүй. Гол нь тэр хэргийн учрыг олох, нөгөө танилцуулж байгаа хүнд алдаад байгаа, анхаарахгүй байгаа зүйлийг нь хэлж өгөх, дутуу зүйлийг нь яаралтай түргэн хийлгэх ёстой. Хэрэг мөрдөж, хянаж байгаа прокурор түүвэртэй байх ёстой. Би ажиллаж байх үедээ олон дэвтэр дуусгасан. Хэрэгтэй бичиж танилцахгүй бол сонсож танилцахаар юм тогтдоггүй. Тэр гэрчийн мэдүүлэг үзлэгээр яаж батлагдсан, Шинжээчийн дүгнэлтээр яаж тогтоогдсон юм гэж бичиж, хооронд нь холбож үзэхгүй бол болохгүй. Би Дорнод аймгийн Мөрдөнгийн туслах прокуророор 10 жил ажилласан гэж дээр дурдсан. Тэр ажлыг өгөөд явахдаа хоёр том хайрцагт багтах дэвтрийг архивд нь үлдээгээд явсан. Архивд нь тэр дэвтрүүдийг өгөхдөө энэ миний шийдсэн хэргүүдийн түүвэр юм. Дараа энэ хэргүүд дээр асуудал яригдвал харж болно гэж үлдээсэн. Дараа нь би Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байгаад явахдаа бас нэг тийм хэмжээний хэргийн түүврийг няравт үлдээсэн. Хэргийг танилцсан түүвэр хийгээд ард талд нь шийдвэрийг нь заавал бичдэг байсан. Дараа нь тэр хэрэг хоёр дахиа ороод ирвэл, хэргийн түүврээ хардаг байлаа.
Хүнд ажлын туршлага, арга барил зэрэг үнэт зүйлийг дарга л үлдээдэг. Удирдлага яаж удирдаж байна, удирдлаган дор байгаа хүн тийм л болдог. Удирдлага муу бол доод хүмүүс нь ахиж дэвшихгүй, байрандаа л үлдэнэ. Гомбодорж гуай, Хотын прокурорын орлогч байсан Дагвадорж гуай, Мөрдөн байцаах хэлтсийн дарга талийгаач Мишигдорж гуай, Батсүх гуай, Пүрэв гуай гээд үлгэр жишээ авч байсан туршлагатай прокурорууддаа баярлаж явдаг.
Ярилцлагын төгсгөлд миний асуугаагүй, таны хэлэхийг хүссэн үг байгаа байх?
-Би одоо хамт ажиллаж байгаа хүмүүстээ 3 зүйл хэлдэг. Амьдрал хэцүү, хууль чанга шүү. Хуулийг уян хатан хэрэгжүүлээрэй гэж. Хуульч хүн уян хатан байх хэрэгтэй. Яг хатуу хууль бариад байж болохгүй. Тухайн хэрэгт холбогдсон хүний амьдралыг харах хэрэгтэй. Амьдарч ирсэн орчинг нь харах хэрэгтэй. Энэ хэргийг ямар нөхцөл байдлаар үйлдсэн юм гэдгийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт: чи энэ ажлыг хийж чадаж байна уу гэж өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Итгэлтэй байвал чи ур чадвартай байгаагийн шинж. Итгэлгүй байвал ур чадваргүй байна гэж дүгнэх хэрэгтэй. Гуравдугаарт: Шударга бай. Шударга гэдгийг өөрөө өөртөө тогтоодог хэмжүүр биш. Чамайг нийгэм, хөндлөнгийн хүн, хамт олон, хамт ажилладаг хүн чинь шударга байна гэвэл чи шударга байгаагийн шинж юм. Тэгэхээр хүн шударгын хэмжүүрийг хөндлөнгөөсөө олж хар. Хөндлөнгийн чинь хүн шударга биш гэвэл, нийгэм чамайг шударга гэж үнэлэхгүй байвал тэр хүн шударга болоогүй л байна гэсэн үг. Хуульч хүний гол баримтлах зүйл бол шударга байх. Энэ гурван зүйлийг би хуульч нарт хэлдэг.
Прокурорын хамт олонтойгоо байнга холбоотой байхыг хичээдэг. Миний амьдралын ихэнх түүх прокурорын байгууллагатай холбоотой. Би тэр бүгдийг дандаа сайхнаар бодож, төсөөлж, ярьж, прокурорын байгууллагыг өмөөрч явдаг, прокуроруудыг сайхан харагдаасай гэж хүсдэг. Прокурорын байгууллагын 80 жилийн ойгоор талбай дээр бүх прокурорууд хүрэлцэн ирсэн байсан. Талын хөх цэцэг шиг харагдаж байсан. Надад тэр сэтгэгдэл гүн үлдсэн. Би төрийн ордны шатан дээрээс харсан.
85 жилийн ойгоор тэр цэцгийг дахиж харахыг хичээсэн. Харж чадаагүй. Энгийн хүмүүс их олон болчихсон байна лээ. Прокурорын байгууллагын ажил өнгөтэй сайхан байгаа. Олон түмний итгэл алдраагүй байгаа. Энэ итгэлийг л алдаж болохгүй. Прокурорын байгууллагын хамт олондоо сайн сайхныг хүсье. Шударга сайхан байгаарай. Магнай тэнийтлээ сайхан наадаарай.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 3 )
SETGUULCHIDED DEM BOLVOL BUYN BOLNO
Прокурорууд шудрага биш байна шүү иргэдиин мэдээлэлииг сайн сонсмоор доо
Өөрийн чинь ажилаж байх үе шиг шудраг зүүль байхгүй болсон одоо хахууль дээд дарагын заавараар бүх зүүль шийдэгдэнэ