“Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт Монголын циркчин залуу Б.Баттулга оролцож, шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг, үзүүлбэртээ урьж тэднийг дөрвөн метр урттай дүүжин савлуурт суулган эргэлдүүлж буй бичлэг шуугиан тарьж байна. АНУ-ын “Lakeshore Academy”-ийн гимнастикийн дасгалжуулагч, “Авьяаслаг Америкчууд” шоуны оролцогч Б.Баттулгатай онлайнаар холбогдож ярилцлаа.
-Сайн уу Б.Баттулгаа, таны оролцсон “Авьяаслаг Америкчууд” шоуны бичлэг монголчуудад хүрч, тэнд үзүүлсэн үзүүлбэр тань олон хүний сэтгэлд хүрээд байна. Танд юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа, Монголчууддаа танай сайтаар дамжуулан энэ өдрийн мэндийг хүргэе.
-Та өөрийнхөө тухай танилцуулна уу?
-Намайг Баттогтохын Баттулга гэдэг. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 2005 онд МУИС-ийг түүхч, антропологич мэргэжлээр төгссөн. 2004 оноос Монголын гимнастикийн холбоонд спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Нэлээн хожуу 17 настайгаасаа гимнастикаар хичээллэж, дур сонирхолтой болоод өөрийнхөө төгссөн мэргэжлээр ажиллалгүйгээр Нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. 2007 оноос эхлээд балетын багш, балет мистер Дашлхагва багш дээр урлагийн студид нь акробатын багшаар ажиллаж байсан. Тэгээд циркийн номер хийж эхлээд, Дашлхагва багш маань илүү их урлагтай ойр байлгаж, тусламж дэмжсэний үндсэн дээр циркийн урлагт дур сонирхолтой болсон. Би мөн Усан спорт сургалтын төвд усан үсрэлтийн багшаар ажиллаж байсан.
-АНУ-д циркчнээр ажиллах эхлэл хэрхэн тавигдсан бэ?
-Анх 2009 онд АНУ-ын “Ringling Bros and Barnum Bailye” нэртэй 146 жилийн түүхтэй дэлхийд алдартай циркийнхэн Монголд очиж таараад, бид өөрсдийнхөө үзүүлбэрийг үзүүлж, танилцуулсан. Америкийн циркийнхэнд бидний үзүүлбэр таалагдаад манай студиэс гурван жүжигчин, циркээс зургаан жүжигчин есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр АНУ-д циркийн гэрээгээр ирсэн. Тэгээд “Ringling Bros” цирктэй Америкийг тойроод, гал тэргэнд аялаад 120 хотоор тоглоод явдаг байсан. Дэлхийн 20-иод орны 150 гаруй жүжигчидтэй хамтарч тоглодог маш том хөтөлбөр. Тэгээд энэ цирктээ дөрвөн жил ажилласан. Дөрвөн жилийн дараа ажлын гэрээ дуусаад цирктээ сонирхолтой, ажиллах хүсэлтэй байсан учраас АНУ-ын Чикаго хотод ирж суурьшаад одоо “Lakeshore Academy”-д гимнастикийн зааланд багшилж байгаа. Мөн дээрээс нь циркийн үзүүлбэрээ богино хугацааны гэрээгээр маш олон циркүүдтэй хамтарч урлагийн тоглолт толилуулах тийм ажил хийж байна.
-“Авьяаслаг Америкчууд” шоунд яагаад оролцъё гэж шийдсэн бэ?
Циркид хүч тамирын үзүүлбэр үзүүлэх сонирхолтой явж ирсэн. Сонирхлынхоо дагуу 10 гаруй жил үзүүлбэр үзүүлээд, тоглолт хийгээд ажиллаад явж байна. Яг миний хийж буй модоор жонгилоордох нь циркид маш ховор төрөл. Ховор, сонин содон үзүүлбэр учраас энэ төрлийг их сонирхож бэлтгэл хийгээд, яг энэ төрлөөрөө циркийн олон үзүүлбэрүүдийг гаргаж ирсэн. America”s Got Talent бол дэлхийн хамгийн их үзэгчидтэй номер нэг телевизийн шоу нэвтрүүлэг. Тийм учраас энэ нэвтрүүлэгт оролцохоор бараг гурван жилийн өмнөөс эхлэн бэлтгэж, өөрийнхөө бичлэгүүдийг явуулж хөөцөлдөж эхэлсэн. Өөрийн хийдэг боулингийн бөмбөг жонгилоордох, 4 метр урттай модоор үзүүлбэр тоглох, мөн автомашины дугуйгаар жонгилоордох үзүүлбэрүүд хийсэн бичлэгээ явуулсан. Эхний хоёр жил энэхүү бичлэгүүдээ явуулаад энэ жил хариу ирсэн. 2016 оны арванхоёрдугаар сард “Авьяаслаг Америкчууд” шоуны шалгаруулалт Чикаго хотод болоход нь очиж оролцсон. Энэ оны гуравдугаар сард бичлэгэнд орсон. America”s Got Talent шоунд нийт 10 мянган номер оролцоод тэрнээс 200 номерыг эхний шат буюу шүүгч нарын шатанд оролцуулсан. Тэрэнд би үзүүлбэрээ үзүүлсэн.
“Авьяаслаг Америкчууд” шоунд Б.Шижирбат та хоёроос өөр Монгол оролцогчид байгаа гэсэн үү?
-“Авьяаслаг Америкчууд” шоунд энэ жил Монголоос дөрвөн номер оролцсон. Скринтэй бүжиглэдэг Шижирбат, Ласвегаст амьдардаг найман настай Марал гэдэг охин оролцсон. Уран нугараач, циркчин охин. Мөн Америкийн нарны циркийн хосоороо уран нугаралт хийдэг хоёр охин оролцсон. Би нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Эхний шатандаа би өөрийнхөө үзүүлдэг 6 кг орчим жинтэй гурван боулингийн бөмбөгтэй үзүүлбэр хийдэг. Хүч тамирын үзүүлбэр. Тэрхүү 4 метр урттай, 40 кг жинтэй модоор тоглох үзүүлбэрээ үзүүлсэн. Эхний шатанд энэ үзүүлбэрээ үзүүлээд шүүгчдээс 4 “Yes” авч тэнцсэн.
Яг миний эхний шатанд оролцсон үзүүлбэрийн бичлэгийг бүтнээр нь “Авьяаслаг Америкчууд” шоуныхан олон нийтэд гаргах боломжгүй байдаг. Маш олон номер байгаа учраас хасагдаад бүтнээрээ телевизээр цацагдаагүй. Хэсэгчилсэн байдлаар гараад өнгөрсөн. Хоёрдугаар шатны бичлэг бол дөрөвдүгээр сард хийгдсэн. Дараа долоо хоногийн хоёр дахь өдөр Америкийн MBC телевизээр оройны 7 цагаас цацагдана. Түүний өмнөх сурталчилгааны бичлэг өчигдрөөс эхэлж (уржигдар) цацагдсан. Түүнээс хойш монголчууд маань их мэдсэн. Интернэтээр одоо мэдээлэл нь явж байгаа. Үндсэн бичлэг бүтнээрээ ирэх хоёр дахь өдөр гарна. Хоёр дахь шатны үзүүлбэр, бичлэг телевизээр гарах өдрөөс өмнө энэ тухай, ямар үр дүнтэй явагдсан талаар мэдээлэл өгөх боломжгүй юм. Яагаад гэхээр телевизийн надтай хийсэн гэрээнд телевизээр үзүүлбэр номер гараагүй байхад өмнө нь зарлах учиргүй.
-Дараа, дараагийнх нь шатанд улам их амжилт гаргаж, "America”s Got Talent" шоунд Монголынхоо нэрийг улам өндөрт гаргахыг хүсье.
America”s Got Talent шоуны бичлэгийн хэсгээс:
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 9 )
Хотын төвд, 13-р хороололд туслах зам дагуу, А даалгавар гарсан ямар ч барилга барьж болох, 350м2 өмчилсөн газар зарна. 88145555
Mundag zaluu shuu! Amjilt husie!
Ямар тэнэг юм бэ хөдөөний бүдүүлэг зангаа гаргаж байна да
Mash sn baharhaj bna
sain bn