Зои Салдана: “Аватар”-ын гол дүр бол миний бүтээж байсан дүрүүдээс хамгийн ярвигтай нь

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Зои Салдана. 17 настайдаа АНУ-д амьдрал хайж ирсэн энэ Доминикан бүсгүйг кино сонирхогчид “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны Калипсо, “Аватар” киноны Неитирийн  дүрээр нь сайн мэдэх билээ. “Аватар”-аас хойш супер одод тооцогдох болсон ч бусад шигээ олны нүдэнд өртөөгүй нь эцэг эхээс заяасан угийн даруу зантай нь холбоотой гэх. Гэрлэсэн болох нь бүхэл бүтэн гурван сарын дараа мэдэгдэж, паппараци, хов жив хөөцөлддөг сурвалжлагчдыг ичээгээд авсан. “Хамар доор” нь хүнтэй үерхэж, бүр гэрлэчихсэнд нь шүтэн бишрэгчид нь  удтал итгэхгүй байсан гэдэг. Аргагүй шүү дээ, түүний тоглосон гурван ч кино энэ жил нээлтээ хийж, ирэх жил бүр дөрвөнкино нь дэлгэцэнд гарахаар “дуншиж” байгаа юм чинь. Ийм завгүй атлаа л амьдралынхаа чухал ажлыг амжуулаад явсан нь түүний хэр хөдөлмөрч бүсгүй вэ гэдгийг нотолно. Бас нууцлаг. Тэрбээр “My Fashion Database”-ийн сео Кейт Бриттонтой 11 жил үерхээд 2011 онд хоёр тийш болсон. Дараа нь жүжигчин Брэдли Купертэй салж, нийлээд хоёр жил гаруй болж байснаа өнгөрсөн зургадугаар сард Италийн жүжигчин Марко Переготой Лондонд нууцаар гэрлэсэн гэдгийг дээр та бүхэнд хэлсэн билээ.   

Ид хийж бүтээх насандаа яваа авьяаслаг жүжигчин бүсгүйг та бүхэндээ танилцуулья.

Зои Салдана 1978 оны зургадугаар сарын 19-нд АНУ-ын Нью Жерси хотод төржээ. Аав нь доминикан, ээж нь пуэрто рико. Тэднийх Зоиг 10 настай байхад нь Доминикан руу нүүж долоон жил амьдарчээ. Энд тэр Доминиканы Бүгд найрамдах Улсын хамгийн нэр хүндтэй бүжгийн сургуулийн балетын ангийг дүүргэсэн байна. АНУ-д буцаж ирснийхээ дараа тэр бүжгийн ур чадвараа ашиглан өсвөр үеийнхний дунд байдаг сөрөг үзэгдлүүдийг хөндсөн жүжгүүдэд тоглох болжээ. Ингэж явахдаа кастингийн агентлагт бүртгүүлсэн нь зөвдөж, 2000 онд Center Stage кинонд анхныхаа томоохон дүрийг бүтээсэн байна. Авьяаслаг балетчин бүсгүйн тухай өгүүлсэн энэ кинонд тоглоход түүний жүжиглэх гэхээсээ илүү бүжгийн ур чадвар нөлөөлсөн нь дамжиггүй.

Өмнө нь голдуу телевизийн нэвтрүүлэгт туслах дүрд тоглодог байсан хар арьст үзэсгэлэнт бүсгүй Зои үүнээс хойш бүрэн хэмжээний кинонд уригдах болжээ. Тэрээр поп дуучин Бритни Спирстэй цуг Crossroads (2002), “Карибын тэнгисийн дээрэмчид. Хар сувдны хараал” бүрэн хэмжээний кино,  мөн Терминал (2004), Guess Who (2005) зэрэг телевизийн кинонд тоглохын кэрэгцээ Хуан Луис Геррагийн  "La Llave де Mi Corazon" дууны клипт тоглож амжив. Харин өнгөрсөн жил Star Trek кинонд дүр бүтээсэн нь Жеймс Камероны анхаарлыг татжээ.    

Зои Салдана Жеймс Камероноос “Аватар” киноны гол дүрд тоглох урилгыг авсан талаараа “Жеймс Камероноос урилга гардана гэдэг маш азтай хэрэг. Тэр бараг арван жил олны анхаарлаас хол байсан учир энэ удаагийн бүтээл нь маш нямбай болно гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. “Аватар”-ын гол дүр бол миний урьд бүтээж байсан дүрүүдээс хамгийн ярвигтай нь. Долоон сарын турш жингээ барих, гормоноо нэмэгдүүлэхгүй байх гээд тоочоод байвал бэрхшээлтэй зүйл их. Энэ кинонд би өөр улсын биш, өөр гаригийн хүнд хувирсан учраас юм бүхэн шинэ содон байлаа. Энэ бүхний эцэст бүтээл маань үзэгчдэд таалагдсанд маш их баярласан. Одоо би маш их аз жаргалтай хүн болж хувираад байна” хэмээн “дайчин” бүсгүй маань өгүүлж байна.

Энэ кино түүнд алдар нэрийг жинхэнэ утгаар нь “бэлэглэсэн” юм. Зои 2010 он гарсны дараахан “Аvon” брэндийг сурталчлах гэрээнд гарын үсэг зурсан билээ. “Оскар”-ын шагналт жүжигчин Рийз Уитерспун энэ компанийг сурталчилдаг гэдгийг та мэдэх биз. Аватар-ын дараа түүний уран бүтээл, ар араасаа ундарч, гурван жилийн дотор 11 кинонд тогложээ.

Тэрээр мөн сайн жүжигчнээс гадна загварын ертөнцийг ихээхэн сонирхдог, муугүй зохион бүтээгч бөгөөд Arsamaci нэртэй түүний загварын брэндэд Доминиканы үндэсний хувцасны онцлогууд шингэсэн байдаг гэнэ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(50.198.46.49) 2017 оны 08 сарын 07

uneheer gaihamshigtai

0  |  0
Top